Б.Алтангэрэл
Ипотекийн зээлийн шимтгэл нэг хувийг авах ёсгүй гэх шүүхийн шийдвэр гарсан ч банк хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар иргэн Б.Цэгмэд болон бусад төлөөлөл мэдээлэл хийлээ.
Энэ талаар иргэн Б.Цэгмэд "Ипотекийн зээл болон бусад зээл авахад банк нэг хувийн шимтгэл тооцож буй нь хууль зөрчиж байгаа гэх шийдвэрийг шүүхээс гаргасан. Гэтэл дээрх шийдвэрийг нийслэлийн ШШГ-аас огт хэрэгжүүлээгүй. Яагаад гэвэл шүүхээс гаргасан тогтоолыг буруу тайлбарлаад нэр бүхий есөн банктай арай өөр зүйл яриад байгаа юм. Зөрчлийн үр дагаврыг арилга гэсэн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл нэг хувийг хууль бусаар иргэдээс авсан байна. Жишээ нь 150 сая төгрөгийн зээл авч байгаа иргэн 1.5 сая төгрөгийг банканд шимтгэл нэрээр хүчээр өгдөг. Монголын есөн банк үгсэн хуйвалдсан юм шиг бүгд нэг хувийн шимтгэл авдаг. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй банкууд хамгийн ашигтай ажилладаг гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч хүртэл хэлж байсан. Ийм ашигтай ажилладаг банк дэлхий дээр байхгүй. Бүр Швейцарын банк ч ингэж ашигтай ажилладаггүй гэж том луйврын талаар хэлсэн байдаг.
Ипотекийн зээлтэй 115,000 иргэн зээлийн шимтгэл нэг хувиа буцааж авах эрх зүйн орчин нь шүүхээр тогтоогдсон байгаа. Гэтэл нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаа хийдэггүй, төөрөгдүүлдэг. Нөгөө талд банкууд иргэдийн асуудлыг авч хэлэлцэхгүй, зугтаадаг асуудал бий. Жирийн нэгэн залуу зээл аваад төлөхгүй болохоор шүүхийн шийдвэрээс банкуудын талд яаж ажилладаг билээ. Хамаг эд хогшлыг нь хаагаад хурааж авдаг. Гэтэл өнөөдөр банкууд зөрчил гаргахад тэдэнтэй ажилладаггүй нөхцөл байдал үүсээд байна. Иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг боомилсон. Тэр битгий хэл тог цахилгааны төлбөр дээр нэмэгдээд үздэггүй телевизүүдэд бид хүчээр мөнгө төлөөд сууж байгаа. Энэ мэтчилэн эдийн засгийн эрх чөлөөг боомилсон асуудлыг Монголын төр ялгаж, салгаж хууль хяналтынхан нь ажлаа хийхийг шаардаж байна" гэв
Эх сурвалж: www.zms.mn