Т.САЙХАН

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд өнөөдөр /04.25/ эхэллээ. Тогтвортой хөгжлийн 16 дахь буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилгын 10 зорилт, хоёр дэд зорилтууд нь хүний үндсэн эрх, эрх чөлөө, амьдралын орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалахаас эхлэн дэлхийн засаглалыг сайжруулах хүртэлх өргөн хүрээг хамардаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн хурцадмал нөхцөл байдал бий болж, олон улсын харилцааны томоохон сорилт, бэрхшээл тохиолдож байгаагаас дээрх зорилтын хэрэгжилтэд багагүй ухралт гарч буй юм.

УИХ, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, дэлхий дахины энх тайвны асуудлыг хөндөх чухал ач холбогдолтой чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй болон хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, “Тогтвортой хөгжил, энх тайван хоёр салшгүй холбоотой, нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй” хэмээн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн Оршилд тунхагласны учир энэхүү 16 дугаар зорилгын хэрэгжилтийг хэлэлцэхээр тусгайлан сонгосныг онцолсон юм. Тэрээр " Монголчууд үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж байна, улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ямар нэг хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, түүнд аливаа хэлбэрээр заналхийлэх, хүн төрөлхтний түүх, соёл, хөгжлийн үнэ цэнийг бүдгэрүүлэх аливаа оролдлогоос бид ямагт зайлсхийх учиртай гэлээ. Үүнд улс орнуудын хамтын хүчин чармайлт, түүний дотор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.  Монгол Улс олон талт хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ 2023-2027 онд өрнүүлж буй хамтын ажиллагаандаа “хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх”-ийг тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсныг танилцуулав. Улсын Их Хурал засаглалын тогтолцоондоо суурь реформ хийх, парламентын ардчиллыг бэхжүүлэх үзэл баримтлалыг агуулсан Үндсэн хуулийн шинэчлэлийг хийснийг тэрбээр онцлоод, нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх асуудалд Монголын төр, засаг, олон нийт эв санааны нэгдэлтэй байж, сүүлийн 4-5 жилд эрчит давалгаа, цэгцрэх хөдөлгөөн болон өрнөж байна гэлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутаг, олон улсын түвшний хурал, арга хэмжээ зохион байгуулах, санал санаачилга дэвшүүлэх зэргээр идэвхтэй ажиллаж байгааг дурдан, Алтай язгуурын хэл, түүх, соёлоороо нэгддэг бидний нийтлэг үнэт зүйлс хамтын ажиллагааны яриа хэлэлцээг баталгаажуулж, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах нь чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Эх сурвалж:www.polit.mn