Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /04.25/ эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зарчмын зөрүүтэй саналаар байр сууриа илэрхийлэв. 

Г.Амартүвшин: - Монгол Улсын иргэн бүр цалингийн зээлтэй.  Зээлгүй аж ахуй нэгж байхгүй.  Өөрөөр  хэлбэл бид банкны салбараас 100 хувь хамааралтай амьдарч байна.  2021 онд банкны монополыг задлах гэж  Банкны тухай хуулийг өргөн мэдүүлж, баталсан.  Тэр хуулиар бол нэгдүгээрт, банкуудын хувьцааг олон нийтэд нээлттэй гаргах, хоёрдугаарт, эзэмшлийг 20 хувиас хэтрэхгүй барих ийм гол гол заалтуудыг бид оруулсан.  Гэтэл өнөөдөр 20 хувийн асуудал гацсан хэвээр байна.  Нэгдүгээр сарын 1-нээс хойш энэ асуудлыг ерөөсөө хэлэлцэхгүй.  Яагаад бид үүнийг хэлэлцэхгүй байна вэ.  Энэ дээр маш том лобби явж байна.  Тэр хуулиас хойш намайг хэвлэл мэдээллээр харлуулах ажиллагаа маш их явсан.  Би тэр асуудлаа шалгуулъя гээд шүүхээр хүртэл явсан.  Одоо энэ асуудлаа шийдээд нэг тийш нь болгох хэрэгтэй.  Өнөөдөр дундаж бизнес байгаа бүх барьцаагаа банкинд тавиад жилийн 20 хувийн хүү төлдөг.  Гэтэл банкуудын эх үүсвэрийн өртөг нь бодлогын хүүгээс хэтрэхгүй 11 хувьтай байна.  Өөрөөр хэлбэл, 9-10 хувийн хүүгийн зөрүүн дээр банкууд амьдарч байна.  Нэг их наядын цэвэр ашиг хийсэн.  Би 2020 онд Их Хуралд дэвшихэд банкны хүү зээлийн хүүг бууруулна гэсэн.  Одоо энэ ажлаа бид дуустал хийх хэрэгтэй.  Тэгэхийн тулд Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянах хэрэгтэй.  Хянах ажлын хэсгийг миний бие ахлаад Т.Энхтүвшин, Х.Ганхуяг,  Ч.Ундрам, Т.Доржханд гэсэн бүрэлдэхүүнтэй  ажиллаад явахад болохгүй юм байхгүй.  Монголбанкныханд бас хариуцлага тооцох хэрэгтэй.  Арилжааны банкуудыг хянаж зохицуулдаг байгууллага.  Гэтэл яагаад банкны тухай хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа юм.  Хуулиа зөрчөөд явж байхад нь хариуцлага тооцохгүй байна вэ.  Бид сонгуулийн өмнө энэ асуудлыг нэг  тийшээ болгох хэрэгтэй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn