Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /04.25/ эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зарчмын зөрүүтэй саналаар байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: - Монгол Улс уул  уурхайн бүтээгдэхүүн боловсруулдаг, нэмүү өртөг шингээдэг 92 үйлдвэртэй байсан. Гэтэл давхардуулсан АМНАТ авдаг хуулийг  2019 онд баталснаас хойш одоо 50 үйлдвэртэй болсон байна.   Тэд алдаг оног ажиллаж байна.  Эдгээр компаниуд 2019 оноос хойш жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар хураамжийг  төлж байна.  Тэнд 1500 гаруй хүмүүс ажилладаг.  Давхардуулсан АМНАТ авдаг болсноос хойш 50 тэрбум төгрөгийн өртэй болсон  байна.  АМНАТ-аас гадна 10 гаруй төрлийн татвар хураамж төлдөг юм байна.  Дарханы Засаг дарга Азжаргал баяжуулах, угаах, боловсруулах үйлдвэрээс жилдээ овоо хэдэн төгрөг орон нутгийн төсөвт оруулдаг байсан бол байхгүй болчихлоо гэж ярьж байна.  Одоо гаруй үйлдвэр бидний өргөн барьсан АМНАТ-ийн хуулийг хүлээж байна.  Энэ хууль батлагдлаа л бол ашиглалтад ороход бэлэн болсон 20 гаруй үйлдвэр байна.  Мөн үйл ажиллагаа нь зогссон үйлдвэрүүд ч сэргэхээ илэрхийлээд байна. Эдгээр компаниуд өндөр агууламжтай, төмрийн хүдэр,  жоншоо шууд экспортлочихож байгаа.  Гэтэл бага агууламжтай уул уурхайн бүтээгдэхүүнийг угааж, баяжуулаад гаргавал илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарч, ажлын байр бий болгох боломжтой юм.  Чойр, Сайншандад маш бага агууламжтай нүүрснүүд зүгээр наранд түлэгдээд байж байна.  Уг нь эдгээр үйлдвэрүүд угааж баяжуулаад гаргах боломжтой юм.  АМНАТ-ийн хуулиас болоод энэ ажил явахгүй гацаад байгаа юм.  Энэ хуулийн хүрээнд зөвхөн Эрээнд байдаг жоншны хоёр үйлдвэр, хүдрийн таван үйлдвэр, Баяннуурт байдаг нүүрс угаах 10 үйлдвэрт бүх бүтээгдэхүүнээ  төвлөрүүлж байна.  Нүүрсээ угаагаад хагас коксжуулаад гаргамаар байна.  Хүдрийг баяжмал, хорголжин, ширэн болгож гаргамаар байна.  Жоншоор бол Монгол Улс дэлхийд дөрөвдүгээрт ордог.  600 мянган тонныг экспортлодог. 20 сая тонныг жилдээ олдог.  Гэтэл энэ 20 сая.тонныг хилийн цаана гаргаад баяжуулаад 120 сая ам.доллар болгож байна.  Тэрийг нь цаашаа Шинжаан нь кальци фтор болгоод 1.2 тэрбум ам.доллар болгож байна.  Гэтэл бид ийм боломжийг хаана гэдэг байж болохгүй зүйл.  Үүнтэй холбоотой хуулийн төслийг Т.Энхтүвшин гишүүн бид хамт өргөн барьсан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn