Б.АЛТАНГЭРЭЛ
Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хохирогчийн сэтгэл санааны хохирлын хэмжээний талаар та тодруулаач?
-Иргэний хуульд хохирогч нас барсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно гэж заасан байдаг. Дорноговь аймагт амиа алдсан 12 настай охины сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг/660 мянган төгрөг/ 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, хоёрдугаарт насжилтын зардлыг давхар тооцох зохицуулалттай. Эдгээр нь 182.5 сая төгрөг болж, хохирлыг ялтан Г.Гантулгаас гаргуулах цаасан дээрх шийдвэр гарсан. Энэ нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. 2018 оноос эхэлж, сэтгэл санааны хохирлыг зайлшгүй төлүүлэх шаардлагатайг мэдээлдэг байсан. Энэ талаар саналыг гаргаж байсан. УИХ-аас сэтгэл санааны хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж, иргэний тухай хуул 511-д зааж өгсөн байдаг. Сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээд гаргана гэж байгаа юм. Бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд хохирогчийн сэтгэл санааны хохирлыг төлөх боломжгүй. Шүүгдэгч Г.Гантулга 12 настай хохирогч охиныг хулгайлсан, хүчиндсэн, амь насыг онц жигшүүртэй аргаар егүүтгэж газарт булсан гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гантулгыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хүн хулгайлах, бага насны хүүхдийг хүчиндсэн, хүнийг санаатай алах, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц хэрцгий аргаар гэсэн хэлбэрүүдэд тулгуурлаж бүх насаар нь хорих шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу оршуулгын зардлыг гаргасан. Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлыг төлүүлэх тогтоолыг гаргахдаа 2020 оноос мөрдөгдөж эхэлсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд оршуулгын зардлыг тусгай сангаас гаргаж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна.
-Тухайн үед охиныг эрэн хайж байгааг мэдээд сандарсандаа нуусан гэдэг?
-Бүх мэдээлэл гарсан тул одоо нууц байхгүй. Г.Гантулга нь 2023 оны аравдугаар сарын 3-ны өглөө такси үйлчилгээнд явж байна гээд охиныг хууран мэхэлж, машиндаа суулгаж авч яваад хүчирхийлсэн. Хүчирхийлсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор охины амийг егүүтгэж, булсан байгаа юм. Үүнийг 4-ний өглөө мэдсэн. Цогцсыг гурав хоногийн дараа олсон. Г.Гантулга гэдэг хүн гуанзны тогооч дээр орж, баригдсаныг та бүхэн мэдэж байгаа. Тэр хүртэл утасны цэнэг нь дуусаж, холбоо барих боломжгүй болсон юм билээ. Тэгэхээр охиныг эрэн хайж байгааг мэдээд сандарсандаа нуусан гэдэг нөхцөл тогтоогдохгүй байдал харагдаж байна.
-Энэ хэргийн дараа иргэд цаазын ялыг сэргээх хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлж байсан?
-Зарим тохиолдолд цаазын ялыг байх ёстой гэж үздэг. Нийгэмд учруулж байгаа хор хохирол, аюулын хэмжээ өндөр тохиолдолд цаазын ял тохиромжтой. Г.Гантулга өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээд. Хохирогчийн ээж бид хоёр шүүх хуралд орсон. Шүүх хурал маш хүнд болсон. Хохирогч охин айлын ганц хүүхэд, ээж нь тэтгэврийн насны хүн. Энэ айлын гал голомт, үр удам тасарч, хор аюулын хэмжээ өндөр. Ийм хэрэгт цаазын ялыг сэргээх нь зүйтэй. Бүх насаар хорих зүйл ангитай хэд, хэдэн шүүх хуралд орлоо. 2017 оноос өмнө цаазын ял сонсож буй этгээд шүүх хурал дээр гэм буруугаа хүлээдэг, амь өршөөхийг гуйж, уйлдаг байсан. Одоо бүх насаар нь хорих ял эдлүүлэх зүйл ангитай хэргийн шүүгдэгч "амьд байх юм байна" гэдэг итгэл үнэмшил төрж, гэмшиж, айж байгаа шинж бага болсон байна.
-Хохирогчид сэтгэл санааны хохирлыг төлөх зохицуулалтыг хэрхэн оруулахыг хүсэж байна?
-Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 13-т оршуулга, эмчилгээ, хөдөлмөр алдалтын хохирлыг уг сангаас хохирогчид нөхөн олгох гурван зохицуулалттай. Тиймээс энэ хуульд шүүхээс гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулах шийдвэр гарч байгаа тохиолдолд хохирогчид сэтгэл санааны хохирлыг төлөх зохицуулалт оруулмаар байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Засгийн газрын тусгай сангийн төсөв нь 21 аймаг, есөн дүүргийн торгуулийн бүх шийтгэлийн 60 хувиас бүрддэг. Жишээлбэл, төрийн өндөр албан тушаалтан 40 сая төгрөгөөр торгууллаа гэхэд үүний 60 хувь буюу 24 сая төгрөг Засгийн газрын тусгай санд төвлөрнө. Нэг хүнээс ийм хэмжээний мөнгө авна гэхээр маш их мөнгөний хуримтлал уг санд үүссэн байгаа. Манай улсад бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд 20 орчим байдаг. Тиймээс энэ төрлийн ял авсан ялтны хохирогчдод уг хуулиар зохицуулж, сэтгэл санааны хохирлыг гаргаж өгье. Хуульд өөрчлөлт оруулахгүй бол бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа этгээдийн хохирогчид сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр хэзээ ч олдохгүй. Хорих ангид бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд ажил хийхгүй, ганцаараа тусгаарлан хоригддог. Бусад хоригдол ажил хийнэ. Ажлын хөлсийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хохирогчийн сэтгэл санааны хохиролд олгох боломж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7326)