Б.АЛТАНГЭРЭЛ

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээс хасах шаардлагыг тус намын дарга Л.Гантөмөрт хүргүүлэх болсон талаар мэдээлэл хийлээ. Тус намын гишүүн Д.Монголхүү, н.Оюунбат, н.Ганхөлөг нар оролцов.

Энэ талаар н.Оюунбат "АН-ын дотоод дүрэм мөрдөгдөж байгаа эсэхийг шалгаж хянах үүрэгтэй Үндэсний Бодлогын Хороо гэж бий. Манай "Эрх чөлөө төв"-ийн төлөөлөл АН-ын гишүүнчлэлээс зарим хүний нэрийг хасах шаардлагыг намын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-д хүргүүлэхээр боллоо. Улс төрийн нам гэдэг бол иргэд сайн дураараа, итгэл үнэмшил, үнэт зүйлээр нэгдэж байгуулагддаг. Аливаа асуудал дээр нэг итгэл үнэмшилтэй иргэд тухайн намд байдаг. Харамсалтай нь манай улс төрд тэр тусмаа АН-ыг итгэл үнэмшлийн бус бүлэглэх, сүрэглэх байдлаар эрх мэдэлд хүрэх арга хэрэгсэл, шат дамжлага болгож ашиглаж байна. Ийм байдлыг бид нар шат шатандаа анхаарч, таслан зогсоох шаардлагатай гэж үзэж байна.

Манай намын дүрмийн дагуу гишүүд нь үнэт зүйл, дүрмийн эсрэг ажиллахыг хориглох, эсрэг намын багт орж ажиллавал хасах арга хэмжээ авах эрх бий. Иймээс манай намын зарим гишүүний зүгээс дараах шаардлагыг хүргүүлж байна.

С.Зориг агсны мэндэлсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр АН-ын гишүүн Х.Баттулга намын гишүүд, дэмжигчдийн урмыг хугалсан мэдэгдэл хийсэн. Тэрээр "С.Зориг агсантай мөр зэрэгцэн ардчилсан хувьсгал хийхэд түүчээлэн оролцсон зарим нөхдийн нэр хүндэд илт халдаж, С.Зориг агсны үхэлд холбоотой мэтээр үүсгэн байгуулагчдыг намаас хөөх ёстой" гэж ярьсан. Түүнчлэн Х.Баттулга нь намын үзэл баримтлалын эсрэг удаа дараа эсрэг үйлдэл хийж ирснийг "Эрх чөлөө төв"-ийн гишүүдийн зүгээс буруушааж байна.
Иймд Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна. Уг шаардлагыг бид намын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-д хүргүүлнэ" гэв.

Д.Монголхүү “Өнөөдөр АН-д Оросын бодлогыг хэрэгжүүлж буй гол дүр нь Х.Баттулга юм. Үүний нэг илрэл нь Ерөнхийлөгч байх хугацаандаа цаазын ялыг эргэж сэргээнэ гэж ярьдаг байсан. Түүнчлэн чөлөөт зах зээлийн эсрэг цэргийн эдийн засагтай болгохоор оролдсон гэх мэт олон юм бий.

Ирэх сонгууль зөвхөн хоёр намын хооронд өрнөх зодоон биш. Хоёр улсын хооронд өрнөж буй асуудал болж байна. Үүнээс хойш эргээд Оросын хараанд орох эсэхийг шийдэх ач холбогдолтой сонгууль болно" гэлээ.

Түүнчлэн намаар дамжуулан Х.Баттулга мэтийн нөхдөд сонгуульд оролцох боломж олгоод байвал ирэх сонгуульд АН ялагдсан нь дээр, сонгуульд оролцох шаардлагагүй гэдгийг тодотгосон юм.

Эх сурвалж: www.polit.mn