Т.САЙХАН
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар шүүхийн эрх мэдэл, нэр хүндийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Н.Алтанхуяг: Чухал хуулиудыг морин дэл дээгүүр оруулж ирэхээ боль
-Одоо та нарын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Гэтэл яагаад хугацаа дөхсөн энэ үед ийм чухал шүүхийн асуудлыг оруулж ирж байгаа юм. Ямар санаатай, ямар эрх ашигтай юм. Шүүхийн хөгжлийн бодлого гэхээр гараа өргөөд дэмжиж болж байна. Гэхдээ морин дэл дээгүүр ийм хуулийн төслүүдийг оруулж ирэхээ боль. Юундаа яараад байгаа юм. Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг бүгдийг нь уншсан. Зарим нь асуудлыг хэтэрхий детальчилсан байна. Уг нь шүүх байгууллагын бие даасан хараат бус байдлыг дэмжмээр байна. Гэтэл амьдрал дээр ажил чинь ерөөсөө явж өгөхгүй байна. Ямар ч арчаагүй цаас үйлдвэрлэсэн байдалтай баймааргүй байна. Байнгын хорооны гишүүд нь ч ажилдаа ирдэггүй. Эсвэл хурлаа завсарлуулаад сонгуулийнхаа дараа энэ чухал хуулиудаа хэлэлц л дээ.
|
Д.Цогтбаатар: Улстөрчид шүүхээ балбаад суудаг боллоо
- Энэ хуулийн төслийг яарч хэлэлцээгүй. Харин оройтож хэлэлцэж байгаа асуудал л бий. Шүүх дээрээ бид анхаарал тавиагүй, тэртээ ард орхичихсон асуудал бий. Муу л бол хойд хар овоохой гэдэг шиг шүүхээ муулаад суудаг болсон. Ийм сэтгэлгээтэйгээр Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй. Гэхдээ шүүхэд асуудал байхгүй гэсэн үг биш. Шүүхэд асуудал бий, шүүгчдэд асуудал бий. Харин үүнийг нь засдаг хүмүүс хууль тогтоогч бид. Бид муу ажиллаж байна гэсэн үг. Шүүхээ балбасаар байгаад шүүгчээр ажиллах хүн олдохоо больсон. Баянхонгор аймаг л гэхэд Иргэний хэргийн танхим нь хоёр жил шүүгчгүй явсан байна. Сонгон шалгаруулалт зарлахад дөрвөн хүн ирсэн ч нэг нь ч тэнцээгүй байна. Шүүгч болж яах юм гэсэн нэр хүндийн асуудал нийгэмд үүссэн байна. Улстөрчид нь балбаад л байдаг. Энэ хөтөлбөрийг яаралтай батлах хэрэгтэй байна.
|
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7325)