“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаагийн зочноор Монголын төмөр зам ТӨХК-ийн төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалыг урилаа. Эдийн засагч, төмөр замын ашиглалтын инженер гээд аавынхаа хийж байсан, хийхээр суралцаж байсан мэргэжлийг нь эзэмшиж яваа түүнийг хувь хүнийх нь тухайд харуулахыг зорьсон юм.

 

ЗАНГИАТАЙ “ЗАЛУУ”

 

-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалын бага нас болоод бага боловсролын талаар ярилцлагаа эхэлье?

-Зургаан хүүхэдтэй айлын дундах хүүхэд. Хоёр эгч, гурван дүүтэй. Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрж, өссөн. Одоогийнхоор бол Мандал сум л даа. Төмөр замын гол зангилаа өртөөнд өсөж, торнисон. Багадаа тэвэг өшиглөнө, бөглөө шүүрч тоглоно. Тэр ч бүү хэл, охидтой хамт дээс, чирта тоглодог байлаа. “Нарлаг Монгол”-ын вагоныг тосож гүйгээд бөглөө цуглуулна. Яагаад гэвэл олон өнгийн, гоё, гоё бичигтэй бөглөө цуглуулахын зэрэгцээ галт тэрэг хөдлөхөөс өмнө дугуйн доор нь зэрэгцүүлж тавиад хавтгайлдаг байсан. Ингэж хавтгайлсан бөглөө алган дээр илүү олныг тогтоож болдог байлаа. Бөглөөний наймаа ч хийж явсан шүү, би. /инээв/ Нэгдүгээр ангийн багшийг маань Баярмаа гэдэг. Бид анхны шавь нар нь. Манай ангийнхан чинь сургуульдаа нэр хүндтэй. Бүхий л зүйлд нэгдэж, бас үүрэг, хариуцлагыг биелүүлж хүмүүжсэн. Баярмаагийн ангийнхан хөөрхөн гэдэг байлаа шүү дээ.

Би хүүхэд байхаасаа л зангиа зүүдэг байсан юм. Биеийн тамирын хичээлдээ орчихоод анги руугаа гүйж явсан юм. Баатарчулуун багш “Сайнжаргал нохойн хэл шиг юм унжуулаад явах юм. Чи ер нь ямар амьтны сүнс болохоороо зангианаас салдаггүй юм” гэсэн нь санаанаас гардаггүй юм.

-Зангиатай “залуу”-гийн оюутан болсон үеийг сонирхмоор байна. Ямар мэргэжил эзэмшсэн юм бэ. Мэргэжил эзэмшихэд ээж, аавын нөлөө бий юу?

-Аав маань төмөр замчин. Тиймээс төмөр замчин тэр дундаа ашиглалтын инженер болно гэж боддог байлаа. Тухайн үед Төмөр замын коллежийн багш нарын сургалтын материалыг хэрэндээ л судалж байлаа. Намайг дунд сургууль төгсөх жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд төмөр замын хоёр л хуваарь ирсэн юм.

Тэр хуваарь дээр багадаа л 150 хүүхэд өрсөлдөж байгаа. Би хүссэн мэргэжлээрээ сурах боломжгүй болсон ч Сэрүүлэг дээд сургуульд олон улсын худалдаа, эдийн засагч болохоор оюутан болсон. Ээж минь тухайн үед төмөр замын сургуульд оруулах гээд нэлээдгүй хөөцөлдсөн юм билээ. Би хожим мэдсэн.

Би Сэрүүлэгт оюутан болж орсон ч Билэг дээд сургууль руу шилжиж, төгссөн. Ингээд МУБИС-д боловсролын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Түүний дараагаар Удирдлагын академийг Төрийн захиргааны менежментээр суралцсан. Бас СЭЗИС-д компанийн засаглалаар элсэн суралцаж мөн магистр хамгаалсан. Одоо Улаанбаатар төмөр замын харьяа Төмөр замын дээд сургуульд ашиглалтын чиглэлээр суралцаж байна. Бас МУБИС-ийн докторантур. Аль болох суралцаж өөрийгөө хөгжүүлж, бусдад үлгэр дуурайлалтай амьдрахыг хичээж явна.

 

АЛСЫН ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ

 

-Аавынхаа мэргэжлийг өвлөх мөрөөдлөө биелүүлэх боломж бүрджээ. Ингэтэл та аав, ээжийнхээ хэнийг нь илүү дуурайсан гэж боддог вэ?

-Миний аавыг Жийжээдоржийн Түмэнбаяр гэдэг. Аав минь Булган аймгийн Хангал суманд төрсөн. Санхүүгийн техниккумын оюутан байсан ч Төмөр замын коллежид ашиглалтын инженерээр сурч төгссөн. Аавыг минь оюуны потенциал өндөртэй гэж үеийнхэн нь магтдаг юм. Би ер нь аавынхаа замаар л яваа гэж боддог. 2018 онд СЭЗИС-д элсэхдээ ярилцлагад орох үед “Манай сургуульд орж байгаа зорилго юу вэ” гэж багш нар асуудаг юм билээ. Аав минь Санхүүгийн техниккумын оюутан байсан ч төгсөж чадаагүй. Харин би суралцаж, төгсөөд аавынхаа хүрээгүй газарт хүрье гэж бодож байгаагаа хэлж билээ.

Би аавынхаа үргэлжлэл. Тиймээс түүний хийж байсныг үргэлжлүүлэх, хийж амжаагүйг илүү сайн хийх юмсан гэж боддог. Аавынхаа мэргэжлийг өвлөх багынхаа хүслийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр болсондоо баяртай байгаа.

-Аавынхаа үргэлжлэл учраас түүний хүсэл, мөрөөдлийг гүйцээх юмсан гэж бодогдох тэр үед та хэдэн настай байсан бэ?

-Намайг наймдугаар анги төгссөн жил аав минь зуурдаар таалал төгссөн юм. Тэр жил дунд эгч маань аравдугаар ангиа төгсөж байсан. Тиймээс эгчийгээ сургуульд явуулж би айлын ууган хүү учраас ээждээ нэмэр болж ажил хийх ёстой гэж бодсон. Үүнд нагац ахын маань хэлсэн үг ч нөлөөлсөн байх. “Хорвоогийн үнэнтэй эвлэрч амьдрах хэрэгтэй. Айлын том хүү учраас ээждээ нэмэр болж хариуцлага үүрэх учиртай” гэж хэлсэн үг намайг ажил хийгээрэй гэж хэлэх шиг л санагдсан. Гэтэл ээж минь тэс өөр шийдвэр гаргасан юм. Дунд сургуулийн зургаан хүүхэдтэй өрх толгойлсон ээжид минь зах зээлийн нийгэм хатуу байсан биз.

Тухайн үед хагас болон бүтэн өнчин айлын нэг хүүхэд 70 хувийн тэтгэлэгээр суралцдаг улсын тэтгэлэг байсан учраас эгчээс илүү намайг сургах нь зөв гэж  ээж маань шийдсэн юм билээ. Ингэхдээ “Миний хүү сургууль төгсөж ажил, амьдралтай залгасныхаа дараа эгч, дүү нараа сургах ёстой шүү” хэмээн үүрэг өгсөн.

 

ЭЭЖИЙН АЛСЫН ХАРАА, ХҮҮГИЙН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛЖЭЭ

 

-Нагацын хэлсэн хариуцлага, ээжийн шийдвэртэй хоршжээ. Үүрэг хариуцлага үүрэх даалгавартай Сайнжаргалын амбицыг сонирхож болох уу?

-Гурван дүү, хоёр эгчийн минь ирээдүй ямар байх вэ гэдэг надаас шалтгаалж байгаа учраас би маш их хичээсэн. Сурч боловсрохын зэрэгцээ нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байлаа. 17 настай нэгдүгээр курсын оюутан сургуулийнхаа Оюутны зөвлөлд орж байлаа. Сургуулийн танилцах үдэшлэгт хөтлөгч хийснээр сургуулийнхандаа танигдаж эхэлсэн л дээ. Энэ маань сургуулийн оюутны зөвлөлийн даргад өрсөлдөх хөшүүрэг болно гэж харин огт санаагүй. Одоо бодоход хөгжилтэй дурсамж. 2000 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчид А4 цаас барьж байгаад л ярьдаг байсныг санаж нэг талд нь өөрийнхөө зургийг, овог нэртэйгээ бичиж байгаад ар дээр нь оюутны зөвлөлийн дарга болвол юу хийх вэ гэдгээ тодорхойлоод бичсэн. Үндсэндээ мөрийн хөтөлбөр маань. Бүх ангиудаар явж өөрийгөө, мөрийн хөтөлбөрөө танилцуулж билээ.

-Нэгдүгээр курсын оюутан мөрийн хөтөлбөр танилцуулаад дарга болно гээд явна гэдэг, нэлээд амбицтайгийн илрэл гэж харагдсан болов уу?

-Тухайн үед амбицтай байна гэж бодоогүй. Харин би хийж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Бага ангийн багш маань биднийг ээлж, ээлжээр салаан дарга, ангийн дарга гээд ажил хариуцуулж үүрэгжүүлдэг байсан. Мэдээж үүргээ биелүүлээгүй бол хариуцлага үүрнэ шүү дээ. Тэгэхээр манай ангийнханд бусдыг манлайлах, түүчээлэх давуу тал байжээ гэж, одоо боддог.

Өрсөлдөөн дундаас ялалт байгуулж оюутны зөвлөлийн дарга болсон нэгдүгээр курсын оюутан бусдад үлгэр дуурайлал болох учиртай гэж санан үргэлж л костьюмтай, зангиатай явдаг байлаа. Хүүхдүүд намайг хэнхэг гэнэ. Харин багш нар “Сайнжаргалаа сургууль төгсөхөд чинь оюутны зөвлөлийн дарга гэсэн диплом өгөхгүй шүү” гэж хэлдэг байсан юм шүү дээ. Жаахан юм байж дарганцар царайлаад хэнхэглэлээ гээд загнуулах ч энүүхэнд. Гэхдээ би энэ бүхэнд хугарч, няцаж байсангүй. Бусдын төлөө хийж чадах бүхнээ хийхийг зорьж, тэмүүлсэн.

-Ээжийн алсын хараа хүүгийн ирээдүйд үүрэх хариуцлага, гүйцэтгэх үүргийг тодорхойлсон. Та даалгавраа биелүүлсэн үү?

-Магадгүй тухайн үед Засгийн газрын тэтгэмжээр эгч минь суралцаад явсан бол өдгөө би гэдэг хүн хөрөө рам дээр ажилладаг бүрэн дунд боловсрол залуу байх байсан болов уу. Үнэн хэрэгтээ бидний сурч боловсрох тэр үед нийгмийн цонх үе таарсан. Амьдрал хаашаа ч эргэж болох эгзэгтэй цаг хугацаа байсан. Гэвч ээж минь алсыг харж үнэлж, дүгнэхдээ оночтой дүгнэлт хийсэн гэж боддог. Би ээжийнхээ, эгч, дүү нарынхаа итгэлийг алдаж болохгүй учраас одоо хүртэл хичээсээр явна. Мэдээж ээждээ өгсөн амлалт болоод ээжийн өгсөн даалгаврыг нэр төртэй биелүүлсэн гэж боддог.

 

“НАЙМААЧИН” ХҮҮ

-Зах зээлийн нийгэмд шилжих тэр цаг үеийн хүүхдүүдийн тухай ярьвал өдгөө үлгэр мэт сонсогдох биз. Гэхдээ та тэр л үеийн хүүхдийн нэг. Шилжилтийн нийгмийн тухай дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Хүүхэд байхад ээж “Хүний мууг хаяж сайныг дуурайна шүү” гэж сургадаг байлаа. Зах зээлийн нийгэмд шилжих тэр үед бидний бага нас өнгөрчээ. Картын бараанд дугаарлаж зогсдог тэр үед төмөр замынхан тэр дундаа зүүнхараачууд хөрсөнд нь ногоо ургадаг юм болохоор харьцангуй гайгүй өнгөрсөн гэж боддог. Тэр үед төр, төсвийн байгууллага цалингаа тавьж чадахгүй болсон байдаг юм билээ. Ээж минь Засгийн газрын 20 дугаар тогтоолоор ажилгүй болсон хэдий ч долоон ам бүл аавын цалингаар амьдарч хүрдэг байж гэж санадаг. Тэгэхээр төмөр замын хангамж бас ч гайгүй байсан юмдаг уу даа.

Манайх ногоо тарина. Ганц үнээтэй. Нэлээд хэдэн жилдээ дандаа л эр тугалтай байж билээ. Мухар хар үнээ маань өөртэйгээ ижил “охин” тугал гаргаснаар манайх гэдэг айл 10 орчим үхэртэй болж байсан юм. Бас хонь, ямаа гээд мал малын захтай ч болсон. Би 3-82 гэдэг орос унадаг дугуйгаараа ямаа сольж авсан минь миний наймааны анхны гараа байсан гэж санадаг. Аавын минь ажлын Олзвой ах хүүдээ миний дугуйг авч өгөхийг хүсч аавтай минь хэд хэдэн удаа ярилцсан гэдэг. Аав харин “Манай хүүтэй өөртэй нь ярь” гэснээр Олзвой ах бид хоёрын наймаа хийгдсэн юм шүү дээ. Ямааны тухайд юу бодож байсныг одоо санадаггүй юм.

-Ямаа ч ноолуураас эхлээд ашиг шим дажгүй гэж санасан юм болов уу?

-Яг юу бодож тийм наймаа хийснийг үнэхээр хэлж мэдэхгүй. Харин миний борлон үр төл арвин байж тоо толгой нь өссөн буянтай мал байсан шүү дээ. Тухайн үед төмөр замын байрны гадаа мал тэжээж болдоггүй байсан. Малаа дагаад гэр хороолол руугаа яв гээд орчин тойрных нь чамгүй л шахсан болов уу. Ээж аав минь хашаа байшин авч малаа дагаад явж байлаа.

-Анхны наймаа үр өгөөжтэй байхаар үргэлжлүүлээд бизнес хийх санаа төрж байв уу?

-Тэр үедээ ашиг хонжоо ч харж мэддэггүй байсан болов уу. Харин хүмүүсийн хэрэглэж байгаа зүйлийг өөрийнхөө хөдөлмөрөөр авах юм шүү гэдэг бодолтой байсан. Тиймээс долдугаар анги төгссөн зунаа хөрөө рам дээр ажиллаж авсан цалингаасаа приставк худалдаж авч байлаа. Үндсэн санаа нь ээж, аавдаа нэмэр болох санаатай. Аминдаа л том болж байгаагаа мэдрүүлэх гэсэн хэрэг л дээ. Одоо эргээд бодохоор өөрөө амьдрал зохиосон аятай гэр ахуйн бараа цуглуулаад л явдаг хүүхэд байж гэж боддог. Заримдаа инээд хүрмээр, заримдаа зах зээлийн нийгэмд шилжих тэр цаг хугацаа бидэнд олон зүйлийг ойлгуулж, мэдрүүлж үлдээсэн юм байна гэж бодогддог.

“Аав нь алимны хальсанд нь дуртай” гэхэд нь тоомжиргүй өнгөрөөдөг байсан тэр цаг үеийг дурсахаар “Аав минь хальсанд дуртайдаа биш. Хүүхдүүддээ алимыг нь идүүлэх гэсэндээ тэгж хэлдэг байжээ” гэж бодогдох үе бий. Үүнийг хэзээ хойно өөрөө таван хүүхдийн аав болсны дараа ойлгож байгаа юм.

 

НУТГААСАА АЖЛЫН ГАРААГАА ЭХЭЛ...

 

-Таны анхны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ. Оюутны зөвлөлийн дарга гэдэг дипломгүй ч дарга болох магадлалтай “зангиатай залуу” ямар ажил эрхэлсэн бол гэдэг сонин байна?

-2007 онд их сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ажиллаж анхны ажлын гараагаа Зүүнхараагийн намын дэд даргаар эхэлж байлаа. Яагаад улс төрийн ажил хийсэн юм бэ гэж асуух гэж байна уу. /инээв/ Би дөрөвдүгээр курст байхдаа нутгийн залуус, дүү нарт мэргэжил сонголтын талаар танилцуулга хийх ажлыг санаачлан “Боловсролын үзэсгэлэн, яармаг” нутагтаа зохион байгуулахаар болсон юм. Их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзан “Бид суманд байрлах байрыг нь даая. Бас уулзалтад оролцох хүүхдүүдийг цуглуулж өгнө. Харин та нар замын зардлаа даагаад яваач” гэдэг саналыг тавьж зөвшөөрүүлж байлаа. Үндсэндээ 20-иод сургууль танилцуулгаа хийнэ. Хэдэн найз нарынхаа хамтаар илтгэл тавина. Тэгэхдээ төрсөн нутгийнхаа залууст хэрэгтэй зүйл хийхээр сэтгэл шулуудан ажиллаж байгаа болохоор дэмжлэг авах хэрэгтэй. Үүнийг хийж чадах хүн нь манай нутгаас УИХ-ын гишүүн болсон Р.Нямсүрэн гуай. Тэрээр ИТХ-ын дарга, Засаг дарга нарт “Маш зөв зүйл хийж яваа хүү байна. Та нар байр савыг нь гаргаж тусал” гэдэг үүрэг өгснөөр бидний хэдэн нөхдийн санаачилсан ажил амжилттай бүтсэн хэрэг. Харин энэ ажил намайг улс төрийн ажил хийх эхлэл байсан гэдгийг бол төсөөлөөгүй.

-Сургууль төгсөөд л шууд томилогдож ирсэн хэрэг үү?

-Р.Нямсүрэн гишүүн нутагтаа очиж нам төрийн ажил хийхийг санал болгосон юм. Тэр үед нь би үйлдвэр худалдааны яаманд ажилд орохоор болсноо хэлсэн. Дадлага хийх хугацаандаа ажлын байраа бэлдсэн хэрэг л дээ. Нямсүрэн гуай ч “ээжтэйгээ ярилцаад эргээд хариу хэлээрэй” гэж байна. Би ч найз нартайгаа ярилцлаа. Тэд бол үйлдвэр худалдааны яаманд орохыг зөвлөлөө. Харин ээж “Өөрөө л мэд. Залуу хүн хэзээ ч яам, тамгын газарт ажиллах л биз. Нутгаасаа ажлын гараагаа эхэлчихвэл нутгийн чинь уул, ус түшдэг юм” гэж байна. Мэдээж ээжийнхээ үгэнд орж Зүүнхараагийн намын дэд даргаар ажлын гараагаа эхэлсэн юм шүү дээ. Гэхдээ шууд томилогдсон юм биш. Намын даргын сунгаа болж таван хүн өрсөлдөөнөөр намын тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар сонгогдсон юм.

Үнэн хэрэгтээ оюутны ширээнээс намын дэд дарга болж байгаа маань шагнал гэхээс илүүтэй шалгуур байсан. Би өөрийгөө том дарга болсон гэж төсөөлсөн. Жолоочтой, машинаар зөөлгөж, тухтай өрөөнд сууж байгаагаар. Бодит байдал огт өөр байсан. Ингэлээ гээд надад гонсойх, харамсах сэтгэл төрж байгаагүй. Харин үүнийг намын үйл ажиллагааг идэвхжүүлэх үү, яаж хөл дээр нь босгох вэ гээд түрээсийн байр олохоос эхлээд аж ахуйн асуудлыг ч нэг бүрчлэн бүрдүүлж, хийж эхэлсэн. Би сургууль төгссөнөөс хойш төрийн алба болон өмчит компанид тасралтгүй 18 жил ажилласан байна.

 

ХӨГЖИМЧИН БҮСГҮЙГ НАЙРАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

-Таван хүүхэдтэй гэснээс та эхнэртэйгээ хэзээ, яаж танилцсан юм бэ. Романтик түүх байх болов уу гэж бодогдож байна?

-Намайг Зүүнхараагийн намын дэд дарга байх үед Засаг дарга Б.Цээпилдорж байсан юм. Анх удаа орон нутаг улсын төсөв харалгүй өөрсдийн боломжид тулгуурлан 500 хүний суудалтай чуулга баригдаж ашиглалтад оруулсан юм. Нээлтийн ёслолд Цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцож хоёр өдрийн турш уран бүтээлээ толилуулсан юм. Хөгжимчин бүсгүй нүдэнд тусаад байсан ч танилцаж амжилгүй явуулчихсан.

Хөгжимчин бүсгүйтэй танилцах ажлын далим гаргаж үерхэж явсаар 2010 онд гэр бүл болж анхны хүүгээ 2011 онд өлгийдөж авсан юм. Үерхэж явахдаа аминдаа л сориноо. “Чи Зүүнхараад очиж амьдарч чадах уу” гээд асуухад минь “Би хөдөө амьдрахгүй” гэж эрс шулуухан хариулна. Хэдийгээ би түүнийг сориод байгаа ч үнэн хэрэгтээ өөрөө хариултад нь “5:0” тавиулаад байсан хэрэг.

Нэгэнт сэтгэлтэй бүсгүй минь хөдөө явахгүй гээд байгаа учраас өөрөө хот хүрээ бараадах ая олох хэрэгтэй болж байгаа юм.

-Ямар ая олох уу. Үндсэндээ нутгийн хүүхдийг алдахгүй байх бүхий л арга залийг “ах нар” чинь хийсэн шүү дээ?

-Сэтгэл, санаа минь нийслэлд байхад ажил хийх боломжгүй шүү дээ. /инээв/. Би намын ажлаа өгье гэдгээ дарга нартаа хэллээ. Ингэхдээ яагаад өгөх болсноо тайлбарлах шаардлагатай. Тиймээс хотод сургуульд сурах болсон гэдэг шалтгаан бодож оллоо. Залуу хүүхдийг одоо явуулбал, дахиж ирэхгүй. Цалинг нь нэмж өгөөд ажиллуул гэж байна. Би ч “МУБИС-ийн магистрт суралцах болсон” гээд учраа хэлээд л байлаа. Арайхийж зөвшөөрүүлснээр нийслэлийн бараа харсан юм шүү дээ.

-Нийслэлд ирээд ямар ажил эрхэлж байв. Эхнэр авч байгаа хүн чинь сурахын хажуугаар ажил хийх шаардлага үүснэ биз дээ?

-Нутгаасаа ирээд нийслэлийн 23 дугаар сургуульд нийгмийн ажилтан хийж байлаа. Түүний дараа жил Нийслэлийн боловсролын газарт багшийн хөгжил хариуцсан ажлын хэсэг ахалж ажилласан. Ингэх зуураа олон нийтийн ажлаа хийсээр л явсан даа.

Анх аав болсон тухайгаа ярихаар одоо эхнэр шоолоод байдаг юм. Би чинь хоёр хүү, гурван охинтой шүү дээ. Эхнэр анхны хүүгээ төрүүлэх гээд өвдөж байхад нь би гадаа камераар бичлэг хийнэ гээд өвлийн хүйтэнд нэгдүгээр төрөхийн хашаан дээр авираад л явж байлаа шүү дээ. Хамгийн хачирхалтай нь анх эхнэртэйгээ сууж аав болохоос өмнө 60 гаруй кг жинтэй байлаа. Харин одоо бол хүүхдүүдийнхээ үлдээсэн хоолыг идсээр байтал яалт ч үгүй л жин нэмж байна. Хошин яриа байдаг биз дээ “Аавдаа өг. Идэхгүй бол нохойд өг” гэж. Амьдрал дээр ч айл болгонд л энэ явдал тохиолддог байх. Ялангуяа олон хүүхэдтэй айлын аавуудад бүр ч элбэг тохиолддог болов уу гэж санадаг даа.

 

БООМТЫН СЭРГЭЛТ БА ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТ

 

-Хотод суурьшиж амьдрах шийдвэр гаргалаа. Тогтвортой ажлын байр хэрэгтэй. Хоёулаа биш гурвуулаа болж байгаа гээд өрхийн тэргүүний хувьд олон асуудлыг бодитоор шийдвэрлэх шаардлага тулгарсан байх, тийм үү?

-Би дээр хальт дурдсан даа. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн нийгмийн ажилтан хийсэн. Боловсролын газарт төсөл хариуцаж байлаа. Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийн бизнес инкубаторын захирлаар ажиллаж байв. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт төрийн албаны шалгалт өгч байгаад орж ажиллаж байлаа. Түүний дараагаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Түүнчлэн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн орлогч захирлаар томилогдож байсан гээд нэлээд ажлыг хийж ирсэн. Боловсролын байгууллага болоод бизнесийн байгууллагад ч ажиллаж үзсэн минь нэг талаас нь харвал ажлын туршлага хуримтлуулах давуу тал гэж болно. Зүүнбаян төмөр зам үүсгэн байгуулагдахад томилогдон ажиллахдаа аавынхаа ажиллаж байсан салбарт ирлээ дээ гэдэг бодол өөрийн эрхгүй төрж байсан. Өнөөдөр Монголын төмөр зам ТӨХК-ийн төслийн хэлтсийн даргаар ажиллаж байна.

-Төмөр зам дагасан бүтээн байгуулалт нэлээд өрнөж байна. Таны ажиллах зарчим, гаргаж байгаа шийдвэр, тэндээс гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-оо тодорхойлохдоо боомтын сэргэлтийг нэгдүгээрт эрэмбэлж чухалчилсан. Энэ хүрээнд хилийн нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх нь улс орны эдийн засаг, ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх гарц гэж харсан. Учир нь цар тахлын үед Зам-Үүдийн боомтоос өөр урсгалгүй байх нь ямар хор уршигтай вэ гэдгийг монголчууд харсан, мэдэрсэн. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зайлшгүй хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулж нийгмийн амьдралыг дэмжих боломжийг тов тодорхой болгон ажил хэрэг болгохоор зорьсон.

Тэгэхээр Ханги, Мандал, Бургастай, Цагаан нуур гээд Монгол орны дөрвөн зүг найман зовхист байгаа боомтын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх ажлыг хийж, хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Үүнийг цаг алдалгүй ажил хэрэг болгох учиртай юм.

Шивээ хүрэн – Сэхээ боомтыг Хятадын талын замтай холбох ажил эхэлж байгаа. Үндсэндээ энэ боомт ашиглалтад ороход дөхөж байна. Гашуун сухайт – Ганц модны хилийн холболт баригдаж байгаа. Бичигт – Зүүн хатавч, Ханги – Мандалынх баригдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 80 (7324)