Б.АЛТАНГЭРЭЛ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг. Энэ удаагийн зочноор Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн мэдээлэл технологийн ажилтан, “Хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн М.Цэнгэлийг урилаа. Тэрээр харааны бэрхшээлтэй иргэдэд  зориулсан И-брайл технологийг Монгол хэлээр хөгжүүлэн, нутагшуулж байна.

 

Хүртээмжтэй технологийг хөгжүүлэгч

 

-2014 оноос олон улсын брайл кодыг судалж Монгол брайл үсгийг олон улсын UEB брайл кодтой нэгтгэсэн. Ингэснээр харааны бэрхшээлтэй монголчууд бүх төрлийн өндөр технологийн бүтээгдэхүүнийг ашиглах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, гар утас, компьютер, таблет зэргийг Монгол брайлаар ашиглах боломж нээгдсэн.

Ингэснээр "Duxbury" брайл хэвлэлийн программ, "NVDA" дэлгэц уншигч программ, Google Braille Back гар утасны аппликэйшн, Монгол хэлээр ярьдаг андройд гар утас, дэлгэц уншигч программ зэргийг бид төвөггүй ашигладаг болсон. Тэгэхээр И-брайл технологийг Монголдоо нэвтрүүлэх миний мөрөөдөл биелсэн гэж болно.

2004 онд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр харааны бэрхшээлтэй иргэдийн уншлагын танхим нээгдсэн. Мөн харааны бэрхшээлтэй уншигчдад зориулсан технологийн шийдлүүдийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. 2018 оноос хойш “Epub” буюу цахим номын форматыг нэвтрүүлэн, өнөөг хүртэл амжилттай хөгжүүлж байгаа. Мөн харааны бэрхшээлтэй уншигчдад зориулан “Орбит 20” цахим брайл төхөөрөмж, “DAIZY” ном уншигч программыг хөгжүүлэн, ашигладаг. Би 2002 онд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан компьютерын дэлгэц уншигч программын анхны хэрэглэгч болж байлаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн дээд ангийнхаа сул хараатай төгсөгчтэйгөө хамтран харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл харилцааны технологийг Монголд анх санаачлан, хөгжүүлж эхэлсэн. Харин 2010 оноос эхлэн Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Олон улсын “DAIZY” технологийг нэвтрүүлэх төслийн хүрээнд мэргэжилтнээр ажиллаж байна.

Анх нийтийн номын сан хараагүй иргэдэд  цаасан брайл ном, CD, хуурцагт бичсэн аудио номоор үйлчилдэг байв. Дэлхийн мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг дагаад олон зүйл цахим болох нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудлыг шийдэхэд ч нөлөөлсөөр байна. Тухалбал, брайл цаасаар ном хийхэд өртөг өндөр бөгөөд хугацаа их шаарддаг. Нэг номыг брайлаар хэвлүүлэхэд дор хаяж хагас сарын хугацаа орно. Харин тухайн номыг сканердаад, бичмэл файлаар төхөөрөмжид уншуулахад хоёр хоногийн дотор цахим ном бэлэн болох боломжтой. Тэгэхээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн шийдлүүдийг нэвтрүүлж манай улс 2010 оноос ашиглаж эхэлсэн. Эдгээрийг Монголд нутагшуулах, хөгжүүлэх ажлыг санаачлан, номын сандаа анхлан нэвтрүүлээд явж байна.

 

Хараагүй хүмүүст зориулсан “ярьдаг” Монгол утас

 

-2003 оноос "Nokia" загварын утсанд "Nuance talks and zoom" дэлгэц уншигч болон англи ярьдаг программыг суулгаж харааны бэрхшээлтэй иргэд бид ухаалаг гар утсыг ашиглаж эхэлсэн түүхтэй. Ирсэн дуудлагын дугаарыг сонсох, хүмүүсийн мэдээллийг хадгалах, мессеж галиглаж бичих, Fm сонсох, мэйл явуулах, хүлээн авах, дуу хөгжим сонсох зэрэг нь тухайн үедээ гайхалтай шийдэл байлаа.

Үүний дараа iPhone гар утас гарч "voice over" дэлгэц уншигч программ хэрэглээнд орсон юм. Харин орчин үед гар утасны хязгааргүй хэрэглээ бий болж улмаар хиймэл оюун ухаанд суурилсан аппликэйшны хөгжил өндөр төвшинд хүрч байна. Тиймээс хараагүй хүмүүст зориулан хиймэл оюун ухаанд суурилсан  Монгол ярьдаг аппликэйшн "AIM TTS"-ийг энэ оны хоёрдугаар сард нэвтрүүлсэн.

Уг аппликэйшныг 2019 онд ярьдаг программтай "DAISY" тоглуулагчийг хэрэглээнд оруулсны дараагаар хөгжүүлж эхэлсэн. Түүнээс өмнө олон улсад судлагдаж, хөгжүүлж байгаа ярьдаг программын өндөр технологиудыг 2010 оноос эхлэн туршсан. Ийнхүү Монгол хэлний авиа зүйн олон талт судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг шингээсэн ярьдаг аппликэйшны анхны хувилбар болж байгаа юм.

"AIM TTS" нь андройд системийн хүртээмжийн "android accessibility" стандартыг бүрэн хангасан бөгөөд гол шалгуур нь домогт “Eloquence TTS” программтай хамт ашиглахаар бүтээгдсэн.

Гар утас жижиг, дунд, про гэсэн гурван төрлийн загвартай гар утас худалдаанд гарахад бэлэн болсон. Давуу тал нь андройд систем, Монгол хэл дэмжих, гар утасны үйлдэл хийхэд ойлгомжтой хялбар, хүчирхэг "JIESHUO" дэлгэц уншигч аппликэйшны Монгол хувилбар суулгасан, дэлгэц уншигчаар гар утсыг асаах, унтраах, WI-FI холболт, bluetooth холболт, гэх мэтийг хэрэглээнд тохируулах боломжтой. Эдгээр үйлдлийг "AIM TTS" ярьдаг аппликэйшнаар сонсож гар утсыг бүрэн ашиглана гэсэн үг. Түүнчлэн сошиал медиа болон хиймэл оюун ухаанд суурилсан бүх төрлийн төхөөрөмжүүдээр тоноглогдох боломжтой.

“DAIZY” нь эх бичвэрийг уран уншигчийн хоолой, дуу, дүрстэй синхрон хийж хувиргасан аудио номын формат. Тус төхөөрөмжийг 2019 онд монгол хэлээр уншдаг программтайгаар номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өмнө нь аудио ном сонсохдоо тоглуулах, зогсоох зэрэг дөрөвхөн үйлдэлтэй тоглуулагч ашигладаг байсан бол “DAIZY” ном уншигч төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлэмэл ном уншиж буй мэт үг, үсэг, хуудас, бүлэг, гарчгаар нь уншин бичвэрээр нь хайлт хийх боломжийг бүрдүүлсэн. Энэхүү ном уншигч төхөөрөмжид “Epub” цахим номын сангаас ном хуулж байршуулаад сонсох боломжтой. Хард диск, флаш зэрэг төхөөрөмж рүү мэдээлэл хуулдаг шиг цахим номоо хуулаад сонсох юм. Ухаалаг үйлдлийн системтэй гар утас, компьютер, таблет дээр брайлаар бичих хялбаршуулсан. USB болон bluetooth-ээр холбогдож брайлаар бичих, төхөөрөмжөө дөрвөн сум, ok, space, enter товчлуурын тусламжтайгаар чөлөөтэй удирдаж болно.

 

Шинэ шийдлийг нутагшуулахыг зорьдог

 

Технологи хөгжсөний ачаар бид энгийн зөөврийн компьютерыг ашиглаж чаддаг болсон. Ингэснээр зөөврийн компьютерт тус төхөөрөмжүүдээ холбоод ном болон бусад бүх төрлийн мэдээллийг авах боломжтой. Жирийн хүмүүс компьютер, гар утсыг өдөр тутамдаа хэрхэн хэрэглэж байна, яг түүн шиг л хөгжөөд явах боломж бидэнд бий. Олон улсад харааны бэрхшээлтэй иргэд ашиглаж болохуйц ямар шинэ шийдэл гарч байна, тэр болгоныг Монгол хэлээр нэвтрүүлж, нутагшуулахыг зорьдог. Амжилттай хэрэгжсэн тохиолдолд бусад орон нутгийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүд, тусгай сургуулиуд, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо зэрэг байгууллагуудад түгээн дэлгэрүүлж байна.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан 200 гаруй төрлийн 5000 гаруй Монгол брайл номтой. Түүнчлэн орос, англи хэлээрх брайл сэтгүүлүүд бий. "Сонсдог" буюу “DAIZ” форматын 1000 гаруй номын фондтой. Мөн харааны бэрхшээлийн улмаас хэвлэмэл ном, сэтгүүл болон бусад материалыг унших  боломжгүй иргэдийн боловсрол, соёл, мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахаар тэмтэрч уншдаг буюу цахим брайл төхөөрөмж, сонсдог буюу DAIZY форматтай ном, сэтгүүл, “Epub” буюу цахим номын фондоор үйлчилдэг.

Технологи хөгжүүлэлтийн ажлыг “Хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төв” хариуцан ажилладаг. Энэ байгууллага маань илүү технологи, инженерийн төвшний хөгжүүлэлтийн ажлыг хийдэг. Улаанбаатар хотын Нийтийн номын сангийн Хүртээмжтэй технологийн төвөөр дамжуулан, хэрэглээнд нэвтрүүлэх, технологийн сургалт, түгээлтийн ажил явагддаг.

Нэвтрүүлээд буй технологиудыг түгээн дэлгэрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд улсаас хэрэгжүүлж буй бодлогуудыг илүү өргөн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Ихэнх харааны бэрхшээлтэй иргэд бариа засал, массаж хийдэг. Мэдээлэл харилцааны салбарт хараагүй хүмүүст зориулсан ажлын байр төдийлөн байдаггүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 79 (7323)