Н.Жаргалмаа

Иргэн Н.Номун-Эрдэнэ “Газраа авъя, аваръя” хөдөлгөөнийг санаачлан Хөвсгөл аймгийн мөрөн хотод аймгийн ИТХ, иргэдийн төлөөллийн хамтарсан ажлын хэсэг гаргаж газрын наймаатай холбоотой асуудлаар хяналт, шалгалт явуулсан байна. Энэхүү хамтарсан ажлын хэсгийн тайлан болон газрын наймааны асуудлаар олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр “Хөвсгөл аймгийн ИТХ-аас гаргасан захирамжийн дагуу өнгөрсөн онд нийт 543 хүнд газар олгосон. Газраа авъя, аваръя хөдөлгөөнөөс санаачлан дээрх газар өмчлөлд хяналт шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн. Өнгөрсөн онд газар эзэмшсэн нийт 543 хүний 100 хүнийх нь материал огт байхгүй байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших хүсэлт, холбогдох баримт бичгүүд байхгүй. Мөн Мөрөн сумын ЗДТГ-ийн 11 хүн өөрийн эрх мэдлээ ашиглан хууль бусаар газар эзэмшсэн нь тогтоогдсон. Нэгдсэн мэдээллийн санг шүүж үзэхэд нэг регистрийн дугаар дээр 136 хүн бичигдсэн зэрэг зөрчлүүд илэрлээ. Монгол Улсын их хурал, Засгийн газарт газар өмчлөлтэй холбоотой асуудлууд яригдаж байна. Гэхдээ зөвхөн нийслэл хот Улаанбаатарын асуудлыг ярьж байна. Газар өмчлөлийн асуудал, хууль бусаар газар эзэмших нь орон нутагт илүү дэлгэрсэн байгааг ганцхан кейс харуулж байна. Тиймээс эрх баригчид үүнийг анхаарч газрын наймаатай холбоотой сонсголыг орон даяар өрнүүлэх хэрэгтэй” гэлээ. Мөн тэрээр  төрөөс иргэдийг орон нутагт суурьших саналыг гаргадаг ч одоогийн энэ нөхцөлд хотоос очсон иргэдэд газар олдохгүй байх эрсдэлтэй хэмээн хэллээ. 

Эх сурвалж: www.zms.mn