Н.Жаргалмаа
Улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд хурал хийлээ.
Хөвсгөл аймагт гарсан “Бэлтэс мөрөн” компанийн 45 гаруй тэрбум төгрөгийн луйврын хэргийн ард Улсын бүртгэлийн байгууллагын хяналтгүй, алдаатай үйл ажиллагаа явуулсан нөлөө бүхий этгээд бий хэмээн хохирогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны санаачлагч Д.Бямбаа хэллээ. Тэрээр “Бэлтэс мөрөн бол орон нутагт ногоо тарьж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлийн гэрчилгээтэй компани байсан. Тус компанийн үйл ажиллагааг шалгах үед ердөө нэг өдрийн дотор тэрхүү улсын бүртгэлийн гэрчилгээнд банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх нэмэлт засвар оруулсан юм. Дан ганц бүртгэлийн ажилтан бие даан ийм хэрэг үйлдэх боломжгүй буюу үүний ард эрх бүхий этгээд байх боломжтой гэж харж байна. Хохирсон иргэд бидний зүгээс өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа хулгай луйвар, залилангийн хэргүүдийг зогсоож иргэдээ хамгаалахыг төрөөс шаардаж байна” гэв.
Ард түмний намын дарга Л.Гүндалай “Манай улсад 70 мянган иргэн байр авах, орон сууц худалдаалахтай холбоотой луйварт өртөж хохирсон байна. Хөвсгөл аймгийн залилангийн хэрэг зэрэг иргэдийн хохироод байгаа энэ асуудлууд яах аргагүй төрийн зохицуулалт сул, муу менежментийн илрэл юм. Хулгай, луйвар хийх орон зайг төр өөрөө гаргаж өгсөн байгаа юм. Яахаараа улс төрийн нам нь хүчин төгөлдөр хоёр тамгатай, нэг л орон сууц хоёр гэрчилгээтэй байгаа юм. Энэ бол бүртгэлийн байгууллагын асуудал. Үүнийг журамлаж зохих ёсны хууль дүрмийг санаачилж батлах ёстой. Эргээд хариуцлага хүлээх эрх зүйн орчныг мөн бүрдүүлэх шаардлагатай. Койн гаргаж байгаа компаниудад ч гэсэн хяналт тавьж залилан луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж буй эсэхийг нягтлан шалгаж баталгаа өгдөг энэ зохицуулалтыг төрийн зүгээс хийх хэрэгтэй” гэв. Мөн тэрээр “Өмнө нь УИХ-ын хуралдаанаар хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын нөхөн төлбөрийг барагдуулахаар тогтоож байсан шиг энэ цаг үед төрийн алдаатай менежментийн улмаас хохирсон иргэдийн нөхөн төлбөрийн төр барагдуулах ёстой” гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn