П.АМГАЛАН

“Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг  МҮХАҮТ-д эхэллээ. Энэ үеэр  Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга,  Монгол Улсын сайд Б.Тулга үг хэллээ.  Түүний хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. 

-Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй Боомтын сэргэлт үндэсний форумын өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. БНХАУ-тай Замын-Үүдийн автозамын боомтыг 24 цагаар ажиллуулах тухай албан ёсны шийдвэрийг Замын-Үүд боомтын цогцолборын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын Засгийн газраас боомтын сэргэлтийн үндэсний хороог 10 яам болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын ложистикийн холбоо нэг баг болон хамтран ажиллаж байна. Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү форумаас ажил хэрэгч санал санаачилгууд гарч, Засгийн газар, УИХ-д шийдүүлэх асуудлаа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, байгууллагууд та бүхэн чөлөөтэй тавин, холбогдох байгууллагууд уг санал, санаачлагыг ажил хэрэгчээр дэмждэг сайн тогтолцоо, сайхан жишиг тогтоно гэдэгт найдаж байна. Цаашид энэхүү форумыг уламжлал болгон, жил бүр зохион байгуулах бөгөөд Худалдаа аж үйлдвэрийн танхим, түүний салбар, гишүүн байгууллагууд хариуцан зохион байгуулах болсонд талархал илэрхийлье. Шинэ сэргэлтийн бодлогын нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгаж, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнхээ санаачилга, ур чадвар, туршлагыг Монгол Улсын хөгжлийн цөм хэмээн үзэж байгаад оршино. Өнөөдөр өглөө Хилийн боомтын захиргааны дарга, хилийн боомтын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг, Боомтын сэргэлтийн үндэсний хороон даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүн бөгөөд МҮХАТ-ын “Эдийн засгийн коридор, боомт, тээвэр ложистикийн зөвлөлийн дарга А.Мөнхболд нарын тавьсан илтгэл, танилцуулгаас Боомтын сэргэлтийн бодлого, ерөнхий ойлголт, хийгдэж буй ажлууд ба төсөөллийн талаарх мэдээллийг сайтар авсан гэж итгэж байна" гэлээ.