Р.ОЮУН
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Соёлын яамны санаачилгаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ зуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей хамтран "Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" шүтээн зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Эрдэнэ зуу музейгээс XVIII зуунд хамрагдах Гомбо Махгалын дүрүүд болон Гомбогүр, Чойжин ламын сүм музейгээс Арван хангал бурхад, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейгээс өндөр гэгээн Занабазарын хөрөг дүрүүд, XIX зууны шилдэг бүтээлүүдий дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог ажээ. Мөн хамгийн жижиг 10 см-ээс 300 см өндөр шүтээн зургуудаас бүрдсэн 200 гаруй шүтээн зургийг анх удаа цогц байдлаар иргэдэд үзүүлж байна. Шүтээн зураг нь монголчуудын дунд шүтээн зураг, бурхан зураг, эрдэнэт зураг хэмээн нэрлэгдэж эрт дээр үеэс хөгжсөөр ирсэн бурхан дүрслэлийн урлаг нь дэлхийд Танка гэсэн нэрээр алдаршжээ.
Бүжинлхам.
Намсрай.
Ногоон дара эх.
Авидын Шангод.
Сансрын хүрд.
Эрлэг Номун хаан.
Ловон Лүдүв.
Шүтээн зургийн дүрслэл нь бурхны хөрөг дүрээр хязгаарлагдахгүй судар ном, бурхдын намтар, орд өргөө, сүм хийд, багш дээдэс, хутагт хувилгаан, түүхэн хүмүүсийн хөрөг зураг гэсэн өргөн хүрээг хамардаг аж. Мөн бүтээх аргаар нь нагтан хар дэвсгэрт, гартан цагаан дэвсгэрт, мартан улаан дэвсгэрт, сэртэн шар дэвсгэрт гэдэг байна. Шүтээн зураг нь дан бурхдын хөрөг, шүтээн дүрслэхээс гадна монголчуудын ахуй, зан заншил, уламжлал, ёсыг ч багтаан илэрхийлдэг цогц урлаг ажээ.
Эх сурвалж www.zms.mn