Б.Алтангэрэл
ЭМЯ-ны үйл ажиллагааны доголдол, Сангийн яамны ТНБД Ж.Ганбатын хариуцлагагүй үйлдлээс болж, 450 гаруй хүний элэг бүтэн болох боломж хаагдаж, 3.6 сая ам.долларын үнэтэй АНУ-аас ирсэн AbbVie брэндийн эм устгалд орсон асуудлаар “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "2012 онд "Оном" сангийн зүгээс "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг санаачилсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017-2019 оны хооронд 1.1 сая хүн эрт илрүүлэгд хамрагдсан юм. 192 мянган хүн элэгний C вирустэй болох нь тогтоогдож үүнээс 60 мянга орчим нь эдгэрсэн. Гэхдээ архаг вирусийн халдвартай 150 мянга орчим хүн бий. Эдгээрээс 90 мянга гаруй нь огт эмчилгээ хийлгээгүй.
Эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 95 хувь нь бүрэн эдгэрсэн бол үлдсэн таван хувийнх нь вирус мутацид ороод эмд тэсвэртэй болсон. Ийм хүмүүст нэн шаардлагатай эмийг "Оном" сангийн зүгээс АНУ-ын "AbbVie" гэж компанид хүсэлт тавиад 450 орчим хүнд 950 хайрцаг эмийг төлбөргүйгээр оруулахаар хэлэлцсэн. Ойролцоогоор 3.6 сая ам.доллар буюу 12 тэрбум төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн.Харамсалтай нь арчаагүй төрийн хар гайгаар өнгөрсөн Баасан гарагт устгалд орсон.
Гаднын эмийн байгууллагууд бол ашгийн төлөө ажилладаг. Нэг эмийг таван жилийн баталгаатай үйлдвэрлэдэг. Ингээд хугацаа нь дуусах дөхсөн үлдэгдэл эмээ зарагдахгүй бол бусад улсад хандивладаг. Ийм л үйл явцаар эмийн хандив орж ирдэг. Хэдийгээр хугацаа нь дуусах дөхсөн ч амжаад хэрэглэвэл үр дүнгээ өгдөг. Гэтэл манай улс ганц журам батлах гэж гурван жил болж буйн хар гайгаар өнөөдөр энэ эм устгалд орж байна.
Уг эмийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хүлээн зөвшөөрсөн, олон сая хүн хэрэглэж, үр дүн нь тодорхой болсон. Манайд эмчилгээнд орох бүрэн боломж байлаа.
Эм эмнэлгийн хэрэгслийг хянах зохицуулах газрын дарга н.Энхтуяа гэж С.Чинзориг сайдын нутгийн хүн байдаг. Энэ хүн ажлаа хийж мэдэхгүйгээс болоод маш их хугацаа алдсан. Ганцхан сарын дотор шийдчих боломжтой юмыг найман сар уясан. Хэрвээ энэ хүн ажлаа хийгээд богино хугацаанд журмаа шинэчилсэн бол өдийд 450 хүн эмчилгээнд хамрагдах байв.
Журам нь батлагдаагүй ч бид Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад хүсэлт тавьсан боловч боломжгүй гэдэг хариулт авсан" гэв.
Эх сурвалж: www.zms.mn