Н.Жаргалмаа

Тэнгэр телевиз нь “Номын Хишиг” компанийн байранд хоёр жил гаруйн хугацаанд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан байна. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлсэн ч дээрх байдал үргэлжилсээр байсанд холбогдох хүмүүс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан “Тэнгэр” телевизийг албадан гаргуулж үл хөдлөх хөрөнгийг суллуулах хүсэлтээ “Номин Хишиг” компани гаргасан байна. 

Тус хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Тэнгэр” телевизийн удирдлагуудад талбайг суллаж өгөх гурван удаагийн албан бичиг хүргүүлсэн байна. Гэвч ямар нэг үйлдэл хийгээгүй хэвээр байсанд энэ сарын 9-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн хэсгийг хариуцсан ахлагч н.Баттүшиг, хариуцагч н.Даваасүрэн нараар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй баг албан нүүлгэлтийг эхлүүлсэн. Гэсэн ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албаны хүмүүс оройн 20:00 цагийн үед нүүлгэлтээ орхин явжээ. Ингэхдээ “Шинээр томилогдсон дарга ирсэн. Яаралтай дуудаж байна” гэсэн шалтгаан хэлсэн байна. Үүрэг гүйцэтгэж яваа албан хаагч нь ажиллагааг түр зогсоох үедээ санамж бичиг үйлдэж зохих ёсны дагуу талуудын гарын үсгээр баталгаажуулах ёстой. Гэтэл дээрх албан хаагчид ажиллагааг шууд орхин явсан талаар “Номын Хишиг” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа мэдээллээ.

Ажиллагаа зогссон өдрийн маргааш буюу 10-ны өдөр өмгөөлөгч Б.Будсүрэн тус хэргийг тодруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очин холбогдох албаны дарга н.Бямбарагчаа, хурандаа н.Зул-Очир нартай уулзсан байна. Ийнхүү тус газраас албадан чөлөөлөх ажиллагааг 12-ны баасан гарагийн 09:00 цагт үргэлжлүүлнэ хэмээн тохирч санамж бичиг үйлдэн гарын үзэг зурж баталгаажуулсан байна. Баасан гарагийн үд дунд хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох хүмүүс ажиллагааг эхлүүлээгүй хэвээр байна. 

Иймд “Номын Хишиг” компанийн өмгөөлөгч Б.Будсүрэн “Монгол Улсын хууль тогтоох байгууллага хохирсон иргэдээ хамгаалдаг байх ёстой. Маргаантай асуудал хэдийнэ зохих ёсны дагуу шүүхээр орж шийдвэрлүүлсэн байхад ШШГГ-ын албаны хүмүүс ийм тодорхойгүй байдал гаргаж нэг талд давуу байдал олгож байна гэж харж байна. Баасан гарагт эхлээгүй энэ ажиллагаа даваа гараг хүртэл сунжрах нөхцөл бүрдлээ. Бид хууль дүрмийн дагуу хэргээ шийдвэрлүүлэх арга хэмжээ авч байна. Шинэ томилогдсон хурандаа н. Зул-Очир тус үйлдэлдээ хариуцлага хүлээж тайлбар хийхийг шаардаж байна. ШШГГ-ын ажилчид дарга дуудлаа хэмээн албан үүргээ орхиж явсан нь хууль зөрчиж буй үйлдэл" гэлээ

Эх сурвалж: www.zms.mn