Н.Жаргалмаа

“Чингисийн Монгол төр мэргэжлийн гол хүчний холбоо” ТББ-ын зүгээс Монгол Улс өөрийн “Үндэсний ашиг сонирхол”-ыг тодорхойлж, хуульчлан батлах хэрэгтэй. Үүнд улсын үндэс болсон газар нутаг, монгол хүн, айл өрх, эдийн засгийн гол болсон мал ахуйг оруулан үзэх тухай уриалгыг дэвшүүлсэн байна. Мөн энэ уриалгыг Үндсэн хуулийн 3.1 дүгээр заалтыг үндэслэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүс хандщаж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээллээ.

“Чингисийн Монгол төр мэргэжлийн гол хүчний холбоо” ТББ-ын тэргүүн Д.Төмөрбаатар “Дэлхийн улс орнуудаас Англи орон мөнхийн дайсан гэж байхгүй. Мөнхийн нөхөр гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг гэж бий хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл монголчууд бид өнөөдөр Үндэсний эрх ашгаа тодорхойлох цаг хэдийнэ болсон. Үүнийгээ хуульчлан батлах ёстой. Улсын бодлого тодорхойлж, удирдахаар шийдвэр гаргаж, улс төрд орж байгаа хүн бүрийн амьсгалах агаар мэт байнга хийж хэрэгжүүлэх ажил, бодлого бол Монгол Улсын үндэсний ашиг сонирхол байх ёстой” гэв. Тус холбооноос “Монгол Улсын мөнхийн эрх ашиг ба 3.500.000” хэмээн нийгмийн олон талт бүлгүүдийг хамруулсан форум зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: www.zms.mn