“Хөгжил” телевизийн захирал Д.Мөнхтөртэй ярилцлаа.

 

-“Хөгжил” ТВ гээд нэрээсээ эхлээд сонирхол татаж байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн зуун телевизээс юугаараа ялгарч, ямар онцлог агуулгатай байх вэ?

-Хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа телевизүүдийн ихэнх нь улс төрийн чиг хандлагатай болсон. Зарим нь томоохон групп компаниудыг дэмжих байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Монголын бизнесийн салбарыг гурван түвшинд авч үзэж болохоор байгаа. Тодруулбал, гарааны болоод дундаж орлоготой бизнес эрхлэгчид байна. Мөн томоохон буюу монопол  хэсэг бий. Эндээс харвал анхан болон дунд шатны бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэхэд бэрхшээлтэй. Нэг талаас бизнесээ сурталчлах аргаа олдоггүй. Нөгөө талд хэвлэл мэдээлэл хандахаар томоохон бизнес эрхлэгчдийн адил өндөр үнэтэй сурталчилгаа хийлгэх боломжгүй байна л даа. Үүнээс шалтгаалаад Монголд бизнесийн салбарын хөгжил гацчихаад байна.

Улс орны хөгжил төр, хувийн хэвшил дээр тогтож байдаг. Өнөөдөр манай улсад төр нь данхайгаад байгаагаас биш хувийн хэвшил өсөж дэвжихгүй байгаагаас нийтээрээ эдийн засгийн хоцрогдолтой, ядуу амьдарч байна. Тиймээс манай “Хөгжил” телевизийн зорилго бол үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын бараа бүтээгдэхүүн бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Ялангуяа, гарааны болон дунд шатны бизнес эрхлэгчдээ дэмжих юм. Үндсэндээ улс төрийн ямар нэг оролцоо байхгүй. Цэвэр бизнесийн салбарыг хамгийн боломжит нөхцөлөөр дэмжинэ гэсэн үг. Тиймдээ  ч аливаа зүйлийн хөгжлийн үндэс, хамгийн том дэмжигч нь байх үүднээс “Хөгжил” брэнд нэр, “Хамтдаа хөгжье” уриатай ажиллаад жил гаруй болж байна. Хурдан явъя гэвэл ганцаараа хол явъя гэвэл олуулаа яв гэдэгчлэн нийтээрээ сайхан амьдаръя гэвэл хамтдаа хөгжих ёстой. Энэ философи агуулгыг баримталж бидэнтэй хамтарч байгаа харилцагч нэг бүрийнхээ төлөө хамтдаа, багаараа хичээнэ. Үр дүнд нь хамтаараа хөгжинө, урагшилна. Ерөөс хамтын хөгжил бол улс орны хөгжил дэвшлийн суурь юм билээ.

-Байгуулагдаад жил гаруй болж байна гэхээр багагүй хугацаанд үйл ажиллагаа явуулсан байна. Та бүхэнтэй хамтарч ажиллаад бизнес нь өргөжиж харилцагч нэмэгдсэн бодит үр дүн бий байх?

-Бид үндэсний үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжиж маш боломжийн буюу манайхаас өөр ямар ч байгууллага санал болгохооргүй хөнгөлөлт эдлэх боломж олгож байгаа. Гэхдээ илүү шунахгүй гэсэн бодлого баримтална. Өөрөөр хэлбэл, рекламын арав, бизнес мэдээ, нэвтрүүлэг ивээн тэтгэх арав гээд нийт 30 харилцагчийн блок үүсгэнэ. Манайхыг сонгон үзэж байгаа үзэгчдээ хүндэлж реклам дундуур кино, нэвтрүүлэг гаргахгүйн үүднээс харилцагчдынхаа тоог ийнхүү хязгаарлаж байгаа юм. Үзэгчид телевизийг бухимдалгүй тухтай, сэтгэл дүүрэн тав тухтай үзэх ёстой.

Жилийн хугацаанд чамлахааргүй тооны харилцагчтай боллоо. Ганцхан жишээ хэлэхэд, манай харилцагч “Sky king” компанийн борлуулалт жилийн өмнөхөөс 200 дахин өссөн. Сарын борлуулалт 15-20 байсан бол өдрийн борлуулалтаар бүтэн сарын орлогоо нөхөж байх жишээтэй. Зөвхөн орлого гэлтгүй хүний нөөц, ажилчид тогтвор суурьшилтай байх гээд олон эерэг үр дүн гарч байна. Энэ хэмжээний үр дүн гаргахад тийм ч амар биш л дээ. Үүний тулд манай “Хөгжил” телевизийн хамт олон мөн хичээсэн. 

-Бизнес эрхлэгчдэд хамгийн гол нь үнийн санал, давтамж, хэр олон хүнд хүрэх нь чухал шүү дээ. Тухайлбал, нэг байгууллагын сурталчилгааг сард ямар төлбөрөөр, хэр давтамжтай гаргаж байна вэ?

-Рекламыг нь зах зээлийн ханшаас хамаагүй бага үнээр хийж өгнө. Цацалтыг 80-90 хувь хөнгөлж бараг бэлэг болгон өгч байгаа. Нэг харилцагчийнхаа сурталчилгааг сард буюу 30 хоногт 300 удаа эфирээр цацна. Үүн дээр нэмээд сошиал сүлжээнд телевизийн пэйж, цахим хуудсаар түгээнэ. Ингэж цогц хэмжээнд тасралтгүй түгээхэд бодит үр дүн гардаг юм байна гэдгийг манай телевизийн хамт олны бодлого, маркетинг харуулж байна л даа. Брэнд нь танигдахын хэрээр үзэгч, хэрэглэгчид дасах, эцэст нь хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байна. Энэ давуу талыг бид харилцагчдадаа олгож байгаа. Манай үндсэн орлого эфирийн цацалтаас шалтгаалдаггүй. Байгууллагуудын реклам зар сурталчилгааг чанарын өндөр түвшинд хийж өгдөг контент бүтээлт маань нэлээн амжилттай яваа учраас эфирийн цацалтаасаа ашиг харахгүй бэлэг болгож өгч байгаагаас ялгаагүй. Энэ маань бизнес эрхлэгч тэр дундаа гарааны компаниудад үнэхээр ашигтай санал л даа. Үүгээрээ хэвлэл мэдээлэл, медиа салбарт хямд үнэ, бодит үр дүнгээрээ тэсрэлт хийж байна гэж нүүр бардам хэлнэ. 

-“Хөгжил” телевизийн үзэгчид голдуу хэдэн насны хүмүүс байдаг вэ. Аль төрлийн сурталчилгаа илүү олон хүнд хүрч байна вэ?

-Нийгэм бухимдалтай, хэвлэл мэдээллээр хар бараан мэдээлэл түлхүү гарч байгаа энэ үед аль болох гэрэл гэгээтэй контент түгээхийг чухалчилж байна. Улс орныг хөгжүүлж болох бүхий л сайхан мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд зөвхөн хувийн хэвшил гэлтгүй төрийн байгууллагуудын эерэг зөв үйл ажиллагааг түгээнэ. Тиймээс зөв сайхан зүйл санаж сэдэж түүнийгээ хэрэгжүүлж байгаа бол бидэнтэй хамтран ажиллахад хүн бүхэнд нээлттэй.

“Хөгжил” телевиз эфирээ улс орон даяар цацаж байгаа. .... Зөвхөн манайх гэлтгүй ер нь телевиз үзэгчдийн ихэнх нь гэртээ ач, зээгээ хараад сууж байгаа ахмадууд байдаг юм билээ. Гэвч тэдэнд зориулсан тусгай контент байдаггүй.Тиймээс бид  өглөө 11:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл 45-аас дээш насныханд зориулсан  контентыг бэлтгэж хүргэдэг. “Ахмадын цаг” тусгай нэвтрүүлэг ахмадын сургаал алт, зочны ярилцлага, танин мэдэхүй, дасгал хөдөлгөөн зэрэг олон хэсэгтэй. Мөн нийслэлийн есөн дүүргийн бүх хороодын ахмадуудтай гэрээ байгуулаад ажиллаж байна. Ахмадын зөвлөлийн байранд нь манай телевизийн мэдээлэл байршдаг. Энэ хүрээнд хороо болгоноос өдөрт багадаа гурван ахмад манай телевиз дээр зочилж ярилцах зэргээр хөтөлбөр, дэд бүтцээ хөгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хороо болгоноос нэлээдгүй ахмад манайхаар зочилсон байна. Тэр хэрээр ахмадууд үздэг, хүлээдэг, асуудлаа ярьдаг болж байгаа. Ахмадууд зөвхөн манайх дээр ирэхээс гадна бид багаараа очиж тулгамдсан асуудал болоод эерэг талаас нь очиж сурвалжилдаг. Энэ мэтээр хоёр талаасаа өргөн хүрээнд хамтарч ажиллаж байна.

Манай телевиз гадаадын сүүлийн үеийн кинонуудыг албан ёсны эрхтэйгээр гаргахаас гадна мэдээж цаг үеийн мэдээллийн хөтөлбөртэй. Бидний бас нэг онцлог гэвэл шөнийн 00:00 цагаас хойш эфирээ хаадаггүй цорын ганц телевиз болсон. Залуучуудад зориулсан хөтөлбөр хөгжүүлж байна. Тиймдээ ч богино хугацаанд хамгийн олон үзэгч татаж, хурдтай хөгжиж байгаа телевизүүдийн нэг болж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 73 (7317)