Ц.НОРОВЖАМБАЛ

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Уранбаярыг урилаа.

 

-Та өнгөрсөн онд олон тэмцээнд хүч үзлээ. Оролцсон тэмцээн бүрээсээ медаль авсан байх шүү?

-Сүүлийн үед гаргасан амжилт гэвэл өнгөрсөн онд Парисын их дуулгаас хүрэл медаль хүртлээ. Мөн ОХУ-д зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан.  Хятадын Чэнду хотод болсон оюутны Универсиад наадмаас хүрэл медаль хүртлээ.

-Оролцсон тэмцээн бүр нь туршлага болсон байх  даа? 

-Оролцсон бүх тэмцээн үнэ цэнтэй. Учир нь тухайн тэмцээнд орохын тулд их хөлс урсгаж, хичээл зүтгэл зарцуулдаг. Энэ бүхний эцэст, өрсөлдөгчөө хожоод  дэвжээнээс инээгээд буух сайхан. Ялагдаад толгой гудайгаад буух үе ч тохионо. Тамирчны замнал эдгээрийг  даван туулж, их хөлс хүч, тэвчээр гаргадаг. Тиймээс оролцсон бүх тэмцээнүүд минь туршлага боллоо.

-Тамирчид дэвжээнд гарахдаа өөрт байгаа боломжоо тултал ашигладаг.  Зарим үе барилдаан санаснаар болдоггүй үе гарна биз? 

 -Дэвжээнд гараад барилдах нь хөндлөнгөөс их амархан харагддаг байж мэднэ. Гэхдээ хажуугаас харах, барилдах хоёр асар ялгаатай.  Ихийг даван туулж тэмцээнд оролцдог. Шантрах үе бишгүй гарна. Харин дэвжээнд гарахдаа энэ бүгдийг мартаж, зөвхөн барилдаандаа анхаардаг.

-Таны барилдааныг харахад их бяртай юм билээ. Энэ нь өрсөлдөгчөө ялах давуу тал болдог уу?

-Би багаасаа хар бор ажил хийж сурсан учраас тамир тэнхээ суусан  байж мэднэ. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Наймдугаар ангиасаа эхэлж зуны амралтаараа ажил хийсэн. Хамаатны  ахынхаа ажилд тусална. Ингээд намар нь өөрөө олсон мөнгөөрөө хичээлийн хувцсаа худалдаж авдаг байсан.

-Хэзээнээс жүдо бөхөөр хичээллэх болов?

-Би Хэнтий аймгийн Бор-өндөр суманд төрж өссөн.  Дунд сургуульд байхад н.Батзаяа ах манай ангиас 7-8 хүүхэд сонгож аваад жүдо бөхийн дугуйлан  хичээллүүлсэн. Ингэж л анх жүдогоор хичээллэж эхэлсэн дээ. Миний анхны дэвжээ 2011онд Хэнтий аймгийн Бор-өндөр суманд н.Мэндсайхан агсаны нэрэмжит зүүн бүсийн тэмцээн байсан. Тус тэмцээнд оролцож мөнгөн медаль авч байлаа. Тэр үед би өрсөлдөгчдөө дарах мэхээр ялж билээ. 

-Ирээдүйн  хамгийн том зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Тамирчин бүр олимп, дэлхийн медальтан болохыг зорьдог. Миний хувьд  олон жил спортод цаг зав, бүх зүйлээ зориуллаа. Хэзээ нэг өдөр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ гэж бодож бэлтгэлдээ шамддаг. Би саяхан аав болсон.  Хүүтэй болсон чинь хүч нэмэгдэх шиг мэдрэмж төрсөн. Өмнө нь дэвжээн дээр арай өөр зүйл бодож гардаг байлаа. Харин одоо гэр бүлээ бодож гарна. Цаашдаа олон  амжилт гаргахын төлөө хичээнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 72 (7316)