Б.АЛТАНГЭРЭЛ

“Stop lying” уриатай Сонгогчдын анхдугаар чуулган зохион байгуулах талаар "Клаб 126" төслийн зохицуулагчид мэдээлэл өглөө.
Тэд “Ирэх тавдугаар сарын 15-ны өдөр “Сонгогчдын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулна. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн үйл хэрэгт өөрөө шууд эсвэл төлөөллөөрөө дамжуулан оролцоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 16-р зүйлийн ес дэх хэсэгт Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй хэмээн заасан бөгөөд энэхүү хууль зүйн зохицуулалт  нь сонгуулийн үйл ажиллагааны эх сурвалж болдог. Харамсалтай нь  Монгол Улсын ард түмэн сонгогдох сонгуульдаа оролцдоггүй, улс төрийн болоод үндсэн хуулийн мэдлэггүй байгаа нь бидний хамтдаа байгуулахыг зорьсон хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд саад, тушаа болж байна. Тиймээс зөвхөн улс төрчдөд бурууг чихэж улс төрчдийн буруу шийдвэрийг хүлцэнгүй зөвшөөрч, улс төрчдийн хууль зөрчсөн үйл ажиллагааг өөхшүүлэн дэмжиж байдаг буруу хорт зуршлаасаа нийтээрээ татгалзахыг нийт ард түмэнд уриалж байна. Чуулганд оролцох сонирхолтой иргэдийг бүртгэнэ. Сум бүрээс иргэдийг оролцохыг уриалж байна. Энэхүү чуулганаар төслийн салбар нэгжүүдийг засаг захиргааны нэгж бүрт байгуулах ажлыг зохион байгуулна” гэв. 

Эх сурвалж: www.polit.mn