Т.БАТСАЙХАН

Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр боллоо.  Тус зөвлөлийн даргаар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажилладаг билээ.   Засгийн газрын тэргүүн хуралд оролцож, “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрх зүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд Шинжлэх ухаан, инновац, технологийн эрин үеийг хамтдаа бий болгох боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ”  гэв.  Мөн  “Өдгөө дэлхийн нийгэм, эдийн засагт цар тахлын дараах үр нөлөө, өөрчлөлтүүд гарч, улс төр, геополитикийн хувьд нэг туйлтаас олон туйлт болон хувьсаж байна. Ийм эгзэгтэй цаг үед хоёр том гүрний дунд оршдог, парламентын засаглалтай ардчилсан Монгол Улс боловсролын салбартаа онцгой анхаарах ёстой.  Боловсролын хөтөлбөрийн цөм нь дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшсэн, түүх, өв соёлоо мэддэг, монгол сэтгэлгээтэй эх оронч иргэнийг бэлтгэх нь зүйтэй.  Хамгийн чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг Ерөнхий сайд онцоллоо. 

2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн агуулгын шинжилгээний үр дүнгүүд нь сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл давтамжтай хийгдэж ирсэн ч үзэл санааны хувьд “судлагдахууны агуулга төвтэй сургалтын хөтөлбөр” бүрэн өөрчлөгдөхгүй байгаа юм. Мөн олон улсын дундажтай харьцуулахад бага боловсролын түвшинд судалж буй хичээлийн тоо ойролцоо, суурь боловсролын түвшинд харьцангуй олон байгааг хурлын үеэр оролцогчид  онцоллоо.  БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хууль батлагдсанаар  сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, үндэсний үнэлгээний тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт, сургууль, цэцэрлэгийн менежмент, засаглал, цахим шилжилт гэсэн зургаан асуудал дээр шинэчлэлт хийх боломж бүрдсэн гэдгийг тэмдэглээд дээрх судалгаануудын дүнд тулгуурлан сургалтын хөтөл­бөрийн шинэчлэлийг хийнэ гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсролын салбарын реформд Засгийн газрын манлайлал хэрэгтэй, Засгийн газрын тэргүүний хувьд бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. Боловсролын хөгжил бүх зүйлийн суурь учир сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахдаа багш, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөллийн санал, дүгнэлтийг  тусгах,  их өгөгдөл, математик тооцоололд тулгуурлаж, яамд, салбар дундын оролцоог хангаж, маш тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, хугацаатай, бодит тоо, зорилтыг дэвшүүлж шийдвэрлэхийг зөвлөлийн гишүүдэд даалгав. Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үзэл баримтлал”-ыг Боловсрол үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, батлахаар болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7315)