Т.САЙХАН
Хуваарь ёсоор даваа гарагт намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өчигдөр МАН-ын хуралдсангүй. Харин АН хуралдаж, цагдаагийн алба хаагчид бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэргийн нөхцөл байдлыг хэлэлцэж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Хохирогч охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байдаг. Гэтэл туслах үүргээ гүйцэтгэхийн оронд өөрт байгаа мэдээллийг буруугаар ашиглаж, жигшүүрт хэргийг үйлдсэн нь маш ноцтой. Мөрдөн байцаалтаар нарийн зүйлийг гаргаж ирэх байх. Монгол Улсад гэмт хэрэгтнүүдээс иргэдийг хэн хамгаалах нь эргэлзээтэй боллоо. Цагдаа нь иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. АН-ын бүлгээс энэ асуудлаар ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг яагаад ийм хэрэг гарах болов. Тэр хүмүүс төрийн албанд орохдоо тэнцсэн эсэх. Мэргэжлийн сургууль төгссөн эсэх. Цагдаагийн байгууллагад хүний эрхийн асуудлаар сургалт явагддаг эсэх. Цаашид энэ төрлийн хэрэг гаргуулахгүй болтол ухаж ажиллана. Энэ сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Тамгын газраас мэдээлэл хийхдээ "Нэг цагдааг баривчилсан. Бусдыг гадуур шалгаж байна, хорих үндэслэлгүй" гэж сэтгүүлчдийн асуултад хээвнэг хариулж байгаа юм. Уг хэргийг танил талаараа аргалах гээд байна уу гэж хардаж байна. Мухарт нь хүртэл шалгана. Ажлын хэсгийг Д.Ганбат гишүүн ахалж ажиллана.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Энэ хэрэгтэй холбоотойгоор Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Иргэдийг гэмт хэргээс хамгаалах үүрэгтэй хуулийн байгууллагынхан нь гэмт хэрэг үйлдэж байна. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүнийг гадаадын улс орнуудад ил зарладаг. Харин хохирогчийг ил гаргах хэрэггүй. Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг МАН засгийн эрх авангуутаа яаралтай татан буулгасан. Засгийн газрын харьяа байгууллагууд цагдаа нараа шалгаж буй нь ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ Засгийн газрын үед ёс зүйн хариуцлага хүлээдэг албан тушаалтан алга. Хуульд өөрчлөлт оруулж, УИХ нь Засгийн газартаа хяналт тавих боломжгүй болгосон. АН-ын бүлэг бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн асуудлыг ярилцаж, ажлын хэсэг байгууллаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 70 (7314)