Б.ГАРЬД
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгөхдөө “…Сүүлд нь С.Зоригийг Чимгээ, Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа. …Энэ хэрэг дээр хэрэв Чимгээ, Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх “Алсан” гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал” гэсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ 2021 оны гуравдугаар сарын 8-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Т.Чимгээтэй холбоотой материалыг нууцаас гаргах шийдвэр гаргачихаад мөн л ноцтой мэдэгдэл хийсэн байдаг. Тэгэхэд тэрбээр “…Өнөөдөр би шүүхийн шийдвэр зөв, буруугийн тухай асуудлыг ярихгүй. Тийм эрх ч гүйцэтгэх засаглалд байхгүй. Хамгийн гол нь шүүн таслах үйл ажиллагаанууд нь хүний эрх, хууль зөрчсөн асуудал байгаа юм. Энэ нь Засгийн газрын шууд харьяанд байдаг зарим байгууллагад хамаарна. Ийм учраас Т.Чимгээтэй уулзаж, зарим асуудлыг тодруулсан. Зарим нь нууцтай холбоотой, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалттай холбоотой асуудал байгаа учраас бүх зүйлийг ярих боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд ил болсон зарим асуудлыг тодруулах, хэвлэлийнхэнд дахин цэгцтэй ойлголт өгөхөөр болсон. Зарим шаардлагатай баримтуудыг нууцаас гаргахаар боллоо. Гэхдээ Т.Чимгээгийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр гаргана. Сая уулзахад “…Зарим нууцтай холбоотой асуудлыг ил гаргахад татгалзах зүйлгүй” гэдгээ бичгээр илэрхийллээ.
2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Т.Чимгээ хоригдож эхэлсэн. Ингээд 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр ял авсан. Өнөөдрийн байдлаар таван жил, зургаан сар, долоо хоног хоригдож байгаа юм байна. “…Хэрвээ хилсээр онц ноцтой хүн амины хэрэгт эрүүдэн шүүж байгаад энгийн иргэндээ хүчээр ял тулгасан бол яах вэ” гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. Шүүн таслах процесс дунд Т.Чимгээтэй холбоотой маш олон зүйл болсныг тэрээр сая ярилаа. Зарим нь олон нийтэд ил болсон. Жишээ нь, хорих ангид ял эдэлж байгаа хүн Т.Чимгээ рүү мессеж бичиж, удаа дараа дарамталсан. Хүний цогцос Т.Чимгээгийн гэрийн хашаанд аваачиж, гэр бүл ээжийг нь айлган сүрдүүлсэн. Хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах бодисыг Т.Чимгээгийн уух зүйлд нь олон удаагийн давтамжтайгаар хийж, нүцгэн байсан зургийг нь авч гэр бүлийн хүн рүү нь явуулсан. Энэ бичлэгийг Т.Чимгээ өөрөө “…Ил болгох нь зүйтэй” гэж үзэж байгаагаа хэллээ. Засгийн хурлаар нууцаас гаргах асуудлыг ярилцана. Мансууруулах бодисоор дамжуулж биеэ хянах чадваргүй байхад нь гарынх нь хээг хүртэл авч ашигласан нөхцөл байдал мөрдөн шалгах явцад илэрсэн байж магадгүй гэдэг зүйл яригдсан. 1.3 жил буюу 455 хоног Төв аймагт байрлах хорихт хоригдсон. Тус байр нь стандартын байр биш, албаар тохижуулж, камержуулсан. Яллагдагчаар татсан хүн дээр яллагдагчийг оруулахгүй байхыг олон улсын конвенц маш тодоор бичсэн байдаг. Гэтэл яллагдагчаар татагдан, ял эдэлж байгаа хүмүүсийг Т.Чимгээ рүү оруулж, зориуд дарамтлуулсан нөхцөл байдал тухайн үед яригдаж, бичлэг нь цацагдсан. Т.Чимгээг хэрэгт шалгагдаж байхад түүний төрсөн охин Ө нь 2016 онд автомашины ослоор нас барсан байдаг. Энэ хэргийг сэргээж шалгахыг Т.Чимгээ хүслээ. Учир нь хэрэг хэлэлцэгдэж байх явцад гарсан бөгөөд сүрдүүлэг байсан байж болзошгүй гэж таамаглаж байна. ЦЕГ-т чиглэл өгч, зайлшгүй шалгах нөхцөл үүсэж байна. Мөн хэрэгт холбоогүй олон хүн эргэлтээр уулзсан асуудал байна. Үүнээс цааш нотлох баримтуудыг үзүүлэх, ярих боломж байхгүй.
Шинээр илэрсэн нөхцөл байдлаас хамаарч шүүхийн шийдвэрийг эргэн харах хуулийн заалт байгаа. Шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гэдэг үндэслэл бий. Үүнтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн хэрэг Төв аймгийн шүүх, давж заалдах, Дээд шүүхээс буцаад нэн амаргүй нөхцөлд явж байгаа. Тиймээс яагаад энэ асуудал ийм төвшинд яваад байна. 2019 оны долдугаар сарын 29-нд Төв аймгийн шүүхэд шилжүүлснээс хойш өнөөдөр энэ хэрэг маш тодорхойгүй байна. Шүүх ялгаатай шударга ёсыг хэрэглэж болохгүй. “…Шүүх яагаад зарим хэргийг хурдан, зарим хэргийг удаан саатуулаад байна вэ” гэдгийг гаргаж тавих цаг болсон. “…Энэ асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулж, ярилцах нь зүйтэй” гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна” гэж байв.
Т.Чимгээ нар Женев дахь Хүний эрхийн байгууллагад хандсан талаар сар 20-иод хоногийн өмнө хэвлэлүүд мэдээлсэн. Тэд С.Зоригийн хэрэгт гүтгүүлэн, эрүүдэн шүүлгэж, уг хэргийг хүлээснээ олон улсын хэрэг нээж өгөхийг хүссэн. Энэ дагуу саяхан олон улсын өмгөөлөгчдийн баг ирж уулзаад явжээ. Тиймээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын асуудал удахгүй “НҮБ-ын кэйс” болж мэдэхээр юм. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүнзгий оролцож, дэмжлэг үзүүлж байж магадгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 67 (7311)