Б.ГАРЬД

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярианы нэлээд хэсгийг С.Зоригийг хөнөөсөн хэрэг эзэлжээ. Тухайлбал, тэрээр “…Аравдугаар сарын 1-нд Ардчилсан холбоо эвслийн хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ерөнхий тов гарсан ч учир битүүлгээр хойшилсон. Аравдугаар сарын 2-нд “Улаанбаатар” зочид буудалд эвслийн удирдлагын түвшний гол нөхөд цуглаад С.Зоригийг дараагийн Ерөнхий сайд гэж албан бусаар тохирсон. Харин тэр оройдоо Ерөнхий сайдаар томилогдох нь маш тодорхой болчихсон С.Зориг гэж улстөрч бусдын гарт хорлогдсон. …С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн. Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна. Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан” гэжээ.

Цаашлаад Л.Оюун-Эрдэнэ уг хэргийг шалгах ажлын хэсгүүдийн тухай, хамгийн ноцтой нь С.Зоригийн үхлийг “…Улс төрийн аллага” хэмээн мэдэгдсэн байна.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ яагаад ч юм энэ хэрэгт нэлээд анхаарч ирсэн байдаг. Ялангуяа Ерөнхий сайд болсноосоо хойш бүр ч ихээр “анхаарал тавьсан” гэхэд болно.

Тэрбээр Ерөнхий сайд болоод сар гаруйн дараа 2021 оны гуравдугаар сарын 8-нд Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж  Т.Чимгээтэй холбоотой материалыг улсын нууцаас гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 31-ны Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв. Улмаар 2024 оны хоёрдугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас “…Засгийн газрын 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргах” шийдвэрийг гаргасан. Ийм хүсэлтийг ЦЕГ-аас тавьсан байдаг. Үүнийг “…2023 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын одоогийн дарга, тухайн үед ЭЦА-ны дарга байсан Т.Сүхболдоор ахлуулсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж байсан. Энэ ажлын хэсгийн мөрдөн шалгалтын явцад шинээр нөхцөл байдал илэрсэн учраас ЦЕГ-аас дээрх хүсэлтийг тавьсан байх магадлалтай” гэж яригдсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 67 (7311)