Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  10.00 цагт гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор нээлттэй мэдээлэл хийж, хэлэлцүүлэв.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэе.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: - Засгийн газрын хамгийн эхний барьж авсан том ажил бол нүүрс тойрсон далд эдийн засгийг ил болгох, авлига хулгайг илрүүлэх, дийлдэхгүй болсон бул хар чулууг хөдөлгөх, зайлуулах ийм ажил байсан.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлыг та бүхэн маань мэдэж байгаа.  Мөн 2008 оноос хойш бид Оюутолгойн ордын тухай ярьж байна.  Энэ бол дэлхийн хэмжээний аварга орд шүү дээ.  Эрдэнэтээс зургаа дахин том гээд бод.  Энэ том ордын хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй. Эцэст өрөнд ороод үлдэх нь гэж Авирмэд, Хурц, Балжинням гээд олон мэргэжлийн хүмүүс дуугарсан.  Бид дийлээгүй, гэрээ хийсэн.   Гэхдээ нам харгалзахгүй тэмцэж байж, зарчмын ач холбогдолтой 57 дугаар тогтоолыг батлуулсан.  Олон ажлын хэсэг, түр хороо байгуулсан. 2020 оны парламент бүрдэхэд  Ц.Даваасүрэнгээр ахлуулсан түр хороог зөвхөн Оюутолгойн асуудал дээр байгуулж байсан.  У.Хүрэлсүх,  Л.Оюун-Эрдэнэ нарын Засгийн газар энэ асуудалд  анхаарсны үр дүн эхнээсээ гарч байна. 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд Их Хурал 103 дугаар тогтоол хүртэл баталсан.  “Эрдэнэс Тавантолгой” -г  2015 онд 100 хувь хятадын компанид өгөх УИХ-ын тогтоолын төсөл оруулж ирж байсан.  Тэр үед харин парламентын гишүүд санал нэгдэж авч үлдсэн.  Өнөөдөр Оюутолгойгоо тавиад туучихсан хэвээр байна.  Дээр нь Тавантолгойг тавиад туучихсан бол өнөөдөр бид ямар байдалтай байх вэ.  Баялгийн реформын том ажил урагшилж байна.  Гэхдээ бидэнд эднээс өөр 16 стратегийн орд бий шүү. Хөшөөтөөс эхлээд ордууд маань ямар байдалтай байна вэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: - Надад ирсэн мэдээллээр манайх 16-20 орчим стратегийн ордтой байна.  Асгатын мөнгөний орд, Шивээ-Овоо,  Тавантолгой, Эрдэнэт, Төмөртэй зэрэг ордууд байна.  Эд нар “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байна.  Стратегийн ордоос гаргаад авчихсан ордууд бас бий.  УИХ батлаад Цэцээс шийдвэр гаргаад авчихсан.  Нарийн сухайт,  Цагаан суварга, Мар дай, Төмөртэй,  Бороогоулд, Бүрэнхаан гээд ийм ордууд байна.  Би парламентын гишүүдээ уриалж байна. Дүгнэлт хийхгүй бол болохгүй байна.  Үүнийг би олон удаа хэлж байгаа.  Парламентын гишүүд, Засгийн газрын гишүүд маань мэдээлэл  зөрүүтэй байна.  Хэдэн мэдээлэлтэй хүн буюу зарим шүүгч нар зарим цэцийн гишүүд гээд хууль хяналтын байгууллагууд оролцоод явчихдаг.  Нэгдүгээр, стратегийн ордыг стратегийн биш гэж дүгнэсэн асуудал зайлшгүй хөндөгдөх ёстой.  Монгол Улсад төр гэж байдаг юм бол.  Дараагийн нэг асуудал нь стратегийн ордуудыг хуваагаад авчихсан газрууд байна.  5-7 хуваагаад нөөцүүдийг нь өөр байдлаар хуваагаад өгчихсөн ийм газар ч байна.  Зөвхөн Эрдэнэт, Тавантолгой дээр Улсын төсөв зургаан их наядаар давж биелээд, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, жил бүхэн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1000 ам.доллараар ахиж байна.  Энэ бол бүртгэлгүй маш их хэмжээний баялаг байна гэсэн үг.   Энэ авлига  систем хаана угсрагдаж, хаанаа байгааг ард түмэн мэдэж байгаа болов уу гэж харж байна. УИХ дээр эрдэс баялгийн сонсголыг хийх ёстой.  Өнгөрсөн хугацаанд уул уурхайн лицензүүд хэн хэнд хэрхэн очсон бэ.  Гэдэг энэ зүйл нийгэмд зайлшгүй ил болгох ёстой.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:- Бодитой зүйлийг бодитой л хэлэх ёстой. 2020 оноос хойших парламент Засгийн газар баялгийн реформын хийж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй.  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгалийн баялагтай холбоотой их чухал заалт орсон.  Хэвлийн баялаг төрийн өмч байна гэж заасан.  Төрийн толгойд гарсан нөхөд үе үеийн парламентын гишүүд нэрээр нь дурдаж болно шүү.  Бид толгойгоороо хариуцна гэж байсан.  Тэрний саарал хар толгойгоороо хариуцна гэж ямар юм байхав дээ.  1997 онд М.Энхсайхан Засгийн газрын баталсан Ашигт малтмалын хуулиар Монгол орны газрын баялгийг алга дарам цаасаар тарааж өгсөн.  Үүний алдаа завхрал засагдахгүй байна.  Улс оронд үр өгөөжгүй, байгаль сүйтгэдэг, нийгмийн хариуцлагын хүрээнд юу ч хийдэггүй ийм уурхайнуудыг цэгцрэх хэрэгтэй.

Эх сурвалж:www.polit.mn