Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн 55 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, УИХ-ын гишүүд хуулийн төслүүдтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: - Газрын тухай хуулийн төслийг хэд хэдэн гишүүдтэй хамтран өргөн барьсан.  Хуульд батлагдвал малчид өвөлжөө хаваржааныхаа нэг га газарт ногоон тэжээл тарих боломжтой болно.  Өвөлжилт хаваржилт их хүнд боллоо.  Малчид маань одоо малаа тэжээдэг байх тухай ярьж байна.  Тэгэхээр бидний өргөн барьсан хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлээч гэсэн санал байна.  Цаг агаарын нөхцөл байдал их амаргүй болчихлоо.  Малаа хагас эрчимжсэн байдлаар авч явах боломжийг нь парламент бүрдүүлэх шаардлагатай байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Газрын тухай хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах талаар холбогдох байнгын хороод саналаа ирүүлээрэй.  Ер нь газрын хуультай холбоотой асуудлыг багц хэлбэрээр авч явна гэсэн саналууд ирсэн.  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Газрын багц хуультай холбоотой хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байна.   Тэгэхээр ажлын хэсэг дээрээ энэ асуудлаа яриад нэгдсэн чуулганаар оруулж ирээрэй.

Эх сурвалж: www.polit.mn