Б.Алтангэрэл

"Ядуурал, хямралын эсрэг боловсролтой иргэн ирээдүйд зогсоно" сэдвээр иргэн М.Төртогтох мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Монгол Улсын хэмжээнд 870 гаруй сургууль бий. Үүний 80 хувь нь улсын сургууль. Нэг ээлжид олон хүүхэд сурдаг атлаа эдгээр сургуулиуд хоёр, гурван ээлжээр хичээл үздэг гэдгийг хүн бүр мэднэ.

Өнөөдөр улстөрч болгон эдийн засгийн хөгжлийн талаар ам хуурайгүй ярьж байна. Яагаад тэгвэл эдийн засаг өссөн атал иргэд нь ягаад ядуу амьдраад байна вэ? Үүний шалтгаан нь их энгийн. Манай улс баялгийн тэгш бус хуваарилалт буюу "GINI COEFFICENT INDEX"-ээр өнгөрсөн онд 32.7 хувиар 180 улсаас 120-д жагссан. Түүнчлэн авлигын индексээр 180 улсаас 33 оноо авч 121-д бичигдсэн.Бидний ядуу амьдарч байгаа гол шалтгаан бол дээрх хоёр тоо юм. Энэ тоог ахиулахын тулд хэн нэгэн удирдагч, улстөрч биш харин боловсролтой иргэд, чанартай боловсролын систем хэрэгтэй.

Хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Одоогоор ерөнхий боловсролын сургуульд 37.579 багш ажилладаг. Энэ тоо цаашид буурах хандлагатай. Аль хэдийнээ багшийн хомсдолд ороод эхэлсэн. Тухайлбал 3.245 багш бидэнд шаардлагатай байгаа гэсэн тооцоо бий.Багшийн далд хомсдолын талаар ч ярих ёстой. Мэргэжил нь арай дөхүү учраас орос хэлний багш англи хэл зааж байна. Нийгмийн ухааны багш иргэний ёс зүйн боловсролын хичээлийг давхар үздэг. Ялангуяа хөдөө орон нутагт энэ хомсдол бүр газар авсан гэдгийг тодотгох нь зөв болов уу.Тодруулбал бага ангийн багш 727, англи хэл заах мэргэжилтэн 419, математик заах хүн 320, монгол хэл, уран зохиолын багш гэхэд 254 дутмаг гэсэн дүгнэлт гарсан. Манай улсын хэмжээнд 771 мянган хүүхдийн 90 гаруй хувь нь хоёр ээлж, гурван ээлжээр хичээллэдэг, дэлхийд байхгүй стандарт юм" гэв.  

Эх сурвалж: www.zms.mn