Б.Алтангэрэл

 

Энэ удаагийн "Шүүхийн танхимаас" буландаа шүүхээр шийдвэрлэгдсэн нэгэн хэргийн кейсийг хүргэж байна. 

Прокуророос В, Л, Д нарыг  сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, бусдад өсгөн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Иргэн В нь Улаанбаатар хотын Баянхошуу гэх газраас цагаан өнгийн нунтаг зүйлийг олж, хадгалж байх хугацаандаа иргэн Л-ээр дамжуулан иргэн Д-д өгчээ. Иргэн Л нь тухайн эд зүйлийг В-ээс хүлээн авч, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу хувийн тээврээр буюу таксигаар ирж, БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд суманд ирсэн иргэн Д-д дамжуулан өгсөн, Л, Д нар нь тухайн нунтаг, цагаан өнгийн зүйлийг Замын-Үүд сумын нэр бүхий буудалд байрлаж байхдаа тарианы шил, гуурс, мөнгөн тэмдэгт зэргийг ашиглан хэрэглэжээ.


Дээрх үйлдэл нь цагдаагийн байгууллагын шалгалтаар илэрч Л, Д нарын шээснээс болон хэрэглэсэн эд зүйлээс шинжилгээ авахад метамфетамин /Methamphetamine/ гэх бодис илэрсэн бөгөөд энэ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц’’-ийн хоёрдугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодис байсан нь тогтоогдсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар Д, Л, В нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч нар нь урьдаас төлөвлөж, тохирч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх зорилгоор олж авсан, хадгалсан, бусдад өгч гэмт хэргийг санаатай үйлдсэн, олон нийтийн аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай зэрэг байдлыг тал бүрээс нь дүгнэж,  Д, Л, В нарт тус бүрт нь нэг жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн талаар хуульч Б.Батзоригоос тодрууллаа.
Дээрх хэрэгт “Эрүүгийн хуульд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд  нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,  хадгалсан, бусдад өгсөн бол гэмт хэрэгт тооцохоор заасан. Энэ тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг.
Шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ХХ бүлэгт заасан олон нийтийн  аюулгүй байдал, ашиг сонирхлын  эсрэг гэмт хэрэгт, энэ дотор хуулийн 20.7 дугаар зүйлд заасан  “мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг байхаар хуульчилсан. Түүнчлэн олон нийтийн аюулгүй байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх сөрөг үр дагавартай гэдгийг хүлээн зөвшөөрөгддөггүй байдал нь нийгэмд аюултай шинжийг хангана” гэв.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 62 (7306)