П.АМГАЛАНБАЯР

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар танилцууллаа. Тэдний байр суурийг хүргэе.

 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 48 цаг саатуулах үндэслэлийг тодорхой болгоно

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн гол агуулга нь  Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар  хүн  бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, хэнийг ч  хуульд заасан үндэслэл журмаар гадуур нэгжих, баривчлах мөрдөн мөшгих эрх чөлөөнд нь халдахыг хориглосон байдаг.  Өнгөрсөн онд Монгол Улсад НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг  олон улсын шинжээчид  ажилласан.  Эдгээр шинжээчид НҮБ-ын хүний эрхийн  зөвлөлд Монгол Улсад шүүхээс гадуурх баривчилгаа 98-99 хувьтай байна гэсэн ноцтой дүгнэлт гаргасан. Монгол Улс  хүний эрхийн их зөрчилтэй юм байна  гэдэг  ойлголт олон улсад түгсэн. Бид энэ  асуудалд нухацтай хандсан. НҮБ-аас өгч байгаа зөвлөмж үнэхээр үнэн бодит байна уу гэдэг дээр  судалгаа хийсэн. Судалгаагаар  үүнд хэд хэдэн хууль зүйн асуудлууд нөлөөлж байна гэж үзсэн.  

 

Нэгдүгээрт, шүүхийн  зөвшөөрөлгүйгээр хийгддэг хойшлуулашгүй баривчилгаа манай улсын  Эрүүгийн процессын хуулиар 48 цаг байгаа. Энэ 48 цагийн хугацаанд саатуулагдаж байгаа тохиолдол эргээд шүүхээр орж баталгаажиж хянагдаж байна уу гэдэг асуудал байна. Ингээд аваад үзэхэд 48 цагийн баривчилгаанд шүүхээр орж хянагдаж байгаа нь  бага гэсэн судалгаа гарсан.   20 гаруй хувь  дээр  дахин шүүх дээр ордог,  бусдыг нь суллачихдаг.  Тиймээс хойшлуулашгүй ажиллагаа буюу хүний эрхэд  шүүхийн хяналтгүйгээр халдаж баривчилдаг, цагдан хорьдог асуудалтай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бүхэлд нь авч үзсэн цогц өөрчлөлтийг хийх гэж байна. Сүүлийн найман жилийн байдлаар  Бидний гол анхаарч байгаа асуудал цагдан хориод байгаа хүмүүс зөв хүнээ бариад байна уу. Эсвэл хэрэгт  ач холбогдолгүй хүнийг зориуд  барьж, цагдан хорьж эрүүдэн шүүгээд байна уу. Цагдан хоригдсон хүмүүсээс хэд нь шүүх рүү шилжиж  байна гэдэг асуудал бол хүний эрхийн гол асуудал.  Энэ хуулийн өөрчлөлтөөр  нэгдүгээрт,  цагдан хорих үндэслэлийг тодорхой болгоно.  

 

Одоо гэмт хэргээс  оргон зайлж болзошгүй,  дахин гэмт хэрэг хийж  магадгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьж байна. Энэ бол субъектив үндэслэл гэж үзэж байгаа.  Тийм учраас энэ хуульд байгаа субъектив үндэслэлүүдийг объектив үндэслэл болгох ажлыг шинэ  процессын хуулийн өөрчлөлтөөр хийнэ.  Хоёр дахь зарчмын асуудал нь шүүхээс гадуур хяналтгүй баривчилгаа, хойшлуулашгүй ажиллагаа, цагдан хорио байхгүй болно.  Дараагийн асуудал нь цагдан хорих байранд  гүйцэтгэх ажил хийдэг асуудал.   Хорьж мөрдөж хэргийг  шалгах сонирхол, хуулийн байгууллага, мөрдөх байгууллагад бий.  Тийм учраас цагдан хорих байранд  гүйцэтгэх  ажил хийхийг  хязгаарлана. Хүнийг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, үндэсний аюулгүй байдлын эсрэг  гэмт хэрэг,  терроризм, зохион байгуулалттай хар тамхи гэсэн таван төрлийн хэрэгт цагдан хорих байранд  гүйцэтгэх ажил  хийнэ. Бусад бүх төрлийн гэмт хэрэг  сэжиглэгдэж байгаа хүнд цагдан хорьж байгаад гүйцэтгэх ажил хийхийн уг хуулийн өөрчлөлтөөр хязгаарлахаар болсон. Хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэдэг процессийг улам тодорхой  болгох өөрчлөлт хийгдэнэ. Учир нь өнгөрсөн оны сүүлээр авлига албан тушаалын  гэмт хэргүүд дээр хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэргүй гэсэн өөрчлөлт батлагдсан. Бусад  төрлийн гэмт хэргүүдэд хялбаршуулсан журмыг хэрэглэх тохиолдолд хэрэг наймаалцах, хуулийн байгууллагынхан авлигад өртөх, авлига авах гол үндэс нь  ял наймаалцах дээр  байгаа. Тиймээс  ял наймаалцах асуудлыг хатуу хана хэрэмтэй болгоно. Тодорхой журмаар батална.

 

Мөн Улсын Дээд шүүхийн баталсан хүрээ  хязгаар дотор оруулах  чиглэлийн өөрчлөлт оруулна.  Манай улсад өнөөдөр шүүхийн ачаалал хэтэрсэн.  Шүүх дээр зөвхөн гэмт хэрэгтнүүд очдоггүй.  Шүүхэд шийдвэрлэгдэж байгаа хэргийн 70 гаруй хувийг иргэний хэрэг эзэлж байна. Үүнд,   иргэд хооронд  худалдан, худалан авахтай холбоотой маргаан, барьцааны маргаан, гэрлэлт, өмчийн маргаан иргэний хэргийн 70 хувийг эзэлж байна.  Шүүхээр шийдэгдэж байгаа иргэний хэргийн 29 хувь нь  хугацаандаа  шийдвэрлэгдэхгүй хойшлогдож байна. Энэ нь шүүхээр үйлчилгээ  эрх ашгаа хамгаалах гэж байгаа  зөрчигдсөн эрхээ иргэдийн  сэргээлэх гэж байгаа иргэдийн эрх давхар зөрчигдөж байна.  Тиймээс иргэний процессийн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулж, нийт хэргийн бага үнийн дүнтэй, мөн зургаан төрлийн  хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн өөрчлөлтийг өргөн барьж байна. 

 

Х.Нямбаатар: Засаг дарга нарын газар олгодог эрхийг хязгаарлана

-Засгийн газрын хуралдаанд Нийслэл, хотын авто замын хөдөлгөөнийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан танилцууллаа. Анхдагч хуулийн төслийг дагалдуулж,  27 хуульд нэмэлт өөрчлөлт  оруулна. Өнөөдөр Монгол Улсын хүн амын 43 хувь нь  Улаанбаатарт амьдарч байна. Нийслэлд бүртгэлтэй 680  тээврийн хэрэгсэл байна.

 

2022 оны байдлаар Монгол Улсын хилээр 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94200 тээврийн хэрэгсэл нь  нийслэлд бүртгэгдсэн. Оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсад нийт 90 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн. Мөн сүүлийн жилүүдэд  Улаанбаатар хотын автозамын сүлжээг  өргөтгөх  чиглэлээр жил бүр Нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээнд хөрөнгө  оруулалтын ажлууд хийгдсэн. Импортоор орж ирж байгаа энэ хурдыг дагаад  хичнээн  100 км  зам нэмж тавьсан ч автозамын түгжрэл буурахгүй  гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тиймээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын автозамын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарын нийслэлийн ИТХ батлах хэрэгтэй. Мөн иргэд автомашины дугаараа бусдад худалдаалах барьцаалах, бэлэглэх, эрх зүйн орчинг бүрдүүлнэ.  

 

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барих явдлыг хязгаарлах  зохицуулалтыг оруулж ирж байгаа.  2000 оноос хойш гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдсэн.  Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг дагаж байрладаг Сэлбэ гол, Натур  худалдааны төвийн орчмын  орон сууцны  барилгажилтын ажил төлөвлөлтгүй бетон ширэнгэн хорооллыг үүсгэсэн.  Мөн Дөлгөөн нуур орчмыг бетон ширэнгэ болгоод алдаж байна.  Цаашлаад Дэнжийн мянга  руу бас үргэлжлэх  төлөвтэй байна. Тиймээс бид цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт нормыг тогтоож, архитектор төлөвлөлтийн даалгавар болон барилга  эхлүүлэх зөвшөөрөл  олгогдож байгаа 1500  гаруй нэгж талбар бүхий  барилгажилтын ажлыг хязгаарлах, царцаах хэрэгтэй. Мөн төрөөс олгогдсон зөвшөөрөл бүхий газруудыг өөр хотын ерөнхий төлөвлөлт бүхий газруудад стандартын дагуу шилжүүлэх байдлаар шилжүүлэх зохицуулалтын хуулийн төсөл болон  дагаж байгаа хуулийн төслөөр оруулж ирж байна.  Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрсэн.  

 

Тиймээс нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар 0.7 га газар,  004 га газрыг зуслангийн болон амины байдлаар газар олгож байгаа асуудлыг энэ хууль болон  дагаж байгаа газрын хуулиар зогсооно.  Цаашид дүүргийн Засаг дарга газар олгох  эрхзүйн зохицуулалтыг хязгаарлана. Энэ нь төвийн  зургаан дүүрэгт хамаарна. Харин хотын хүнсний хангамж, тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах зориулалтаар  Багахангай, Багануур, Налайх дүүргүүдэд газар олголт үргэлжилнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд газар  олгохоор хуулийн төсөлд тусгана.  Тодруулбал, төр бүтээн байгуулалт хийх, төр хувийн хэвшлийн түншлэлийн  харилцааг хэрэгжүүлэх,  хотын ерөнхий  төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олгох, дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртөгдсөн ААН-үүдтнй хэлэлцээр хийж ерөнхий төлөвлөгөөний дагуу нүүлгэн  шилжүүлэх, царцаагдсан барилга байгууламжид урт олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд  шилжүүлэн суулгах холбоотой  таван төрөл харилцаан дээр  хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний газар олголт хийх зохицуулалтыг оруулж ирж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 208 (7193)