С.УЯНГА

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа. 

 

-УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас юугаараа ялгаатай вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурал нэг танхимтай, 126 гишүүнтэй байхаар оруулсан. Улмаар Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх буюу можиратор, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх буюу пропорцианаль аргаар сонгоно гэсэн үг.  Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аймгийг долоо, нийслэлийг зургаан тойрог болгож, тойргийн дугаар мандат тоог Улсын Их Хурлын тогтоолоор баталсан. Энэ тогтоолын дагуу холимог тогтолцоогоор, томсгосон тойрогт зохион байгуулахаас гадна анх удаа 126 гишүүн сонгоно гэдэг утгаараа  өвөрмөц онцлогтой сонгууль гэж үзэж болно. 
Үүнээс гадна Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж сурталчилгаа, хяналтын тооллого хийх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн  санал  авах  гэх зэрэг  шинэ, онцлох зохицуулалт цөөнгүй бий. Тиймээс бэлтгэл ажлаа хангахаас гадна сонгогчдод хууль таниулах, сурталчлах, мэдээлэл өгөх байдлаар өндөр зохион байгуулалтын дор хариуцлагатай ачаалалттай ажиллаж байна. 

 

СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ НЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ХААГЧДЫН ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ

 

-Сонгуулийн бэлтгэл ажлын үйл явцын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? 
-Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан цаг хугацааны хуваарийн дагуу бэлтгэл ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтарч хийж байна. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээс санал авах өдрийг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр байхаар тогтоосон. Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор 2188 хэсэг байгуулахаар сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлээд байгаа. Сонгуулийн тойргийг томсгосон, сонгогчдын тоо өссөнтэй холбоотойгоор өмнөх сонгуулиас хэсгийн тоо 100 гаруйгаар нэмэгдсэн байна. Хуваарь ёсоор аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн өмнө, сум, дүүргийн сонгуулийн хороог 29-ний өдрийн өмнө байгуулна. Улмаар сум, дүүргийн сонгуулийн хороо тавдугаар сарын 14-ний өдрөөс өмнө хэсгийн хороогоо байгуулна. 
-Тухайн орон нутгийн эрх баригчид сонгуулийн хороодод өөрсдийнхөө хүнийг ажиллуулдаг, тэд будилаан  хутгадаг гэх хардлага бий. Сонгуулийн хороонд ажиллах албан хаагчийг яаж сонгож, томилдог юм бэ?
-Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нээлттэй сургалтад хамрагдаж, гэрчилгээ авснаар сонгуулийн хороодод ажиллах эрх үүсдэг. Таны хэлсэн хардлагыг арилгах болон бүртгэл, сургалт, гэрчилгээг хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус, цахим хэлбэрт шилжүүлэхийн тулд сонгуулийн мэдээллийн www.e-election.mn/ цахим системийг нэвтрүүлсэн. Сонгуулийн хороодод ажиллах хүсэлтэй албан хаагчид өөрсдөө цахим системд бүртгүүлээд, холбогдох хичээлийг бие даан судалж, сорил өгснөөр гэрчилгээ авна.  Мөн өөрөө хүсэлт гаргаад тухайн сум, дүүргийн сонгуулийн хороонд ажиллаж болно. Ингэхдээ     сонгуулийн системд байршуулах бөгөөд  хүсэлтийг нь үндэслэж томилох юм. Өнөөдрийн байдлаар цахим системд 3000 гаруй албан хаагч бүртгүүлж, сургалтад хамрагдаад байна.   


Нөгөө талаар сонгуулийн хороонд ажиллая гээд төрийн албан хаагчид дугаарлаж байдаг зүйл байхгүй. Өмнөх сонгуульд 18 мянга орчим төрийн албан хаагч сонгуулийн хороодод ажиллаж байсан бол энэ удаа 26 мянга гаруй болж өсөх тооцоолол  гарсан. Хүн ам олонтой аймгийн төв, дүүрэг болон төрийн албан хаагч цөөнтэй сумдад нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй. Ихэвчлэн багш, эмч, тамгын газрын ажилтнууд дайчлагддаг ч багш нар амралтаараа гадагшаа, хөдөө явчих гээд байдаг. Зарим байгууллагууд ажилтнууддаа “Тэр чигтээ яв” гэх хандлага ч ажиглагддаг. Сонгууль гэдэг сайн дурын ажил биш, төрийн сонгуульд төрийн албан хаагч ажиллахаар хуульчилсан. Сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдынхаа ажлын байрыг хадгалж, цалин хөлсийг нь хасахгүйгээр олгож хуулиа биелүүл гэдэг үүднээс төрийн захиргааны төв байгууллага, агентлагийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч байгаа. 

-Албан хаагчдыг цахимаар сургаж, гэрчилгээ олгоно гэлээ. Цахимаар суралцаад санал тоолох төхөөрөмж дээр ажиллаж, сонгогчдод үйлчилж чадах уу?
-Цахимаар хэдэн хичээл үзүүлээд орхичих асуудал биш л дээ. Гэрчилгээ авсан албан хаагчдыг давтан сургадаг. Сонгуулийн хороодод ажиллах албан хаагчдаас гадна мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлын нөөц бүрдүүлж, хэд хэдэн удаагийн сургалтад хамруулдаг. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд манай ажилтнууд 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж давтан сургалт зохион байгуулж ажиллана. 


-Сонгуульд ажиллах албан хаагчдаас гадна орон нутгийн удирдлагууд бэлэн байна уу. Аймаг, сумдад бэлтгэл хэр байгаа бол?
-Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бүх шатны хороодын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаас гадна төрийн зохих байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажилладаг. Хорооны есөн гишүүнээс гадна Тамгын газар болон хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн 30 орчим албан хаагч сонгуулийн хороодыг мэргэжил арга зүйгээр хангах, байгууллагуудын уялдаа холбоог хангах, зохион байгуулах, сургалт, сурталчилгаа хийх гээд өндөр ачаалалтай байдаг. Зохион байгуулалтаас гадна сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн сургалт зохион байгуулдаг.  Саяхан гэхэд алба хаагчид маань долоон багт хуваагдаж 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаад ирлээ. Сонгуулийн хороод болон мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлаар ажиллах төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх, “Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” цахим системийг хэрэглэх арга зүйн сургалт хийхээс гадна сурталчилгааны зурагт самбар болон санал авах байр бэлдэх, сүлжээний тархалтын судалгаа хийх, байнга оршин суугаа газраасаа өөр газарт ажил үүрэг гүйцэтгэж байгаа иргэдийн саналыг авах талаар арга зүйн зөвлөгөө өгөх зэргээр ажилласан. Сонгуулиас өмнө давтан сургалт хийх, арга зүйгээр хангах зэргээр сонгуулийн хороодод ирэх дөрөв, тавдугаар саруудад ажиллана. Ер нь Сонгуулийн ерөнхий хороо удирдан зохион байгуулж, төрийн холбогдох байгууллага, албан хаагчид сонгуулийн үйл ажиллагааг оролцох нь хуулиар хүлээсэн үүрэг шүү дээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Онцгой байдлын ерөнхий газар, зарим яам зэрэг 20 шахам байгууллага болон бүх шатны Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн Хурал хуулиар чиг үүрэг хүлээж, хэрэгжүүлдэг.  
-Сонгуулийн тухай хуульд томоохон өөрчлөлтүүд орсон. Сурталчилгааны самбар байршуулахаас эхлээд зөрүүтэй мэдээллүүд байх шиг байна.


-Сурталчилгааны самбарын тухайд нэгдсэн самбар, зурагт самбар гэсэн хоёр ойлголтыг хуульд тодорхой заасан. Сонгогчдын тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, аймгийн төвийн суманд тав хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байршуулна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зааж өгсөн байршилд нэгдсэн самбарыг бэлтгэж, байршуулах нь Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг. Харин зурагт самбарыг бол нам, эвсэл, нэр дэвшигч хариуцна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зааж өгсөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулж болно. Гагцхүү бизнесийн зорилгоор байнга ашигладаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг ашиглахгүй гэсэн үг. Анх удаа нэгдсэн самбар ашиглах учраас үлгэрчилсэн загвар, төсвийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж бүх сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмжөөр хүргүүлсэн. Дээр ярьсанчлан манай албан хаагчид орон нутагт ажиллахдаа холбогдох зөвлөмж, мэдээллийг өгөөд ирлээ. Тэгэхээр самбарын асуудалд нэгдсэн ойлголттой болсон гэж ойлгож болно. 


-Гадаадад байгаа сонгогчдын саналыг авахад дипломат төлөөлөгчийн газрууд хэр бэлтгэлтэй байна вэ? 
-Санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэгтэй Төв комиссыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс өмнө, Төв комисс Дипломат төлөөлөгчийн  газрын дэргэд салбар комиссоо тавдугаар сарын 6-ны өдрийн өмнө байгуулна. Монгол Улсаас хилийн чанадад 49 дипломат төлөөлөгчийн газар бий. Дипломат төлөөлөгчийн газруудын  программ хангамжийг иргэний улсын бүртгэлийн газрын цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлийн нэгдсэн санд бүрэн холбох, техник төхөөрөмжийг шинэчлэхэд шаардах төсвийг шийдвэрлүүлэх, бэлтгэх зэргээр холбогдох байгууллагуудтай хамтраад ажиллаж байна. 

 

ТОЙРОГ ТОМСГОСОНТОЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ЗАРДАЛ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН

 

-Сонгууль зохион байгуулах зардал хүрэхээ болиод УИХ-ын түвшинд асуудал яригдаж байх шиг байна. Ямар шалтгаанаар зардал нэмэгдэв?
-Сонгуулийн зардал гэдэг сонгогч саналаа өгөхөд зарцуулах зардал шүү дээ. Ээлжит сонгууль зохион байгуулахад шаардлагатай 38.9 тэрбум төгрөгийн төсвийг хүргүүлсэн боловч 17.2 хувь нь хасагдаж батлагдсан. Энэ төсвөөр тооцвол нэг иргэнд зарцуулах зардал 14 мянган төгрөг буюу дөрвөн ам.доллар болж байгаа. Дэлхийн жишигт сонгууль зохион байгуулахад нэг сонгогчид 9-12 ам.доллар зарцуулдаг. Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, сонгогчид тархан суурьшсан гэдэг утгаараа харьцангуй өндөр зардал гарах тооцоотой ч зардлыг танасаар ирсэн. Дээр ярьсан ажиллах хүний нөөц бүрдүүлэх бэрхшээл ч үүнтэй холбоотой. 
Гэнэт л төсвөө нэмье, зардал хүрэхээ болилоо гэдэг зүйл яриагүй. 2024 оны төсөв батлагдсаны дараа буюу арванхоёрдугаар сард сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоосон. Тойрог томссон, мандатын тоо нэмэгдсэнтэй холбоотой саналын хуудасны хэмжээ өөрчлөгдөнө. Хэсгийн тоо гэхэд 100 гаруйгаар өссөн. Үүнийг дагаад ажиллах албан хаагч, санал авах байр, бүхээгийн тоо нэмэгдэнэ. Сонгогчдын нэрсийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй нэгдсэн нэг сантай байх бөгөөд сонгогчийг зөвхөн нэг хэсэгт бүртгэхтэй холбоотой шийдэл, гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авахтай холбоотой бүртгэл мэдээллийг нэгдсэн санд холбох техник, төхөөрөмж бэлтгэх шаардлага байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ мэт асуудлыг хэлэлцэж Засгийн газарт чиглэл өгөх шийдвэр гарсан. 


-Сонгогчид холимог системээр санал өгнө. Тойрог томсож, мандатын тоо олон болсон учраас саналаа өгөх хугацаа уртсаж, сонгогчид 22:00 цагаас өмнө саналаа өгч амжихгүй байх эрсдэл гарах вий. 
-Өмнө хэлсэнчлэн саналын хуудасны хэмжээ нэмэгдэнэ. Саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчийн тоо нэмэгдсэнтэй холбоотой санал тэмдэглэх, төхөөрөмжид уншуулах нэгж хугацаа уртасна. Тиймээс санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагааг зохион байгуулахдаа сонгогчдод хүндрэл, ачаалал үүсгэхгүй байх үүднээс санал авах байр, бүхээг, төхөөрөмжийн тоог нэмж байгаа. 


-Санал тоолох төхөөрөмж хангалттай юу. Зарим хүмүүсийн харддагаар  төхөөрөмжид тохиргоо хийх, эсвэл ажиллахгүй болгох эрсдэл бий юу?
-2012 оноос хойш санал тоолох төхөөрөмж хэрэглэж байгаа. Хяналтын тооллого, санал тоолох төхөөрөмжөөс зөрсөн тохиолдол байхгүй. Өөрийн тань асуусан зарим нэг хүний хардлагыг тайлах зорилгоор энэ удаагийн сонгуулиар 100 хувь хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллогыг хэн ч, аль ч үед нь ороод ажиглах боломжтой, бүгдэд нээлттэй. Хяналтын тооллого хийхтэй холбоотой журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталсан. Өмнөх хяналтын тооллогоос юугаар өөрчлөгдсөн бэ гэхээр саналын хуудсыг нэг нэгээр нь гаргаж тоолно. Ингэснээр сольдог, өөрчилдөг гэх ор үндэсгүй хардлага бүрмөсөн арилах болов уу. 
Төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлын үзлэг, засвар үйлчилгээг бүрэн хийлгэж, нөхөн бүрдүүлэлт хийсэн. Сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг хариуцдаг албан хаагчид төхөөрөмж нийлүүлэгч компанийн сургалтад хамрагдаад ирсэн. Мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлуудын сургалтыг ч үе шаттай зохион байгуулж байна. 


-Санал хураалтын дүнг шууд дамжуулах боломжоор хангагдсан уу. Зарим газраас дүн ирээгүй гэж хүлээлгэдэг, үүнийг дагаад хардлага, сэрдлэг ч гардаг шүү дээ. 
-Өргөн уудам нутагтай, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй асуудал яах аргагүй байна. Үүрэн холбооны сүлжээгүй байрлалд 223 хэсгийн хороо байх урьдчилсан судалгааг Мэдээллийн технологийн төвөөс хийсэн. Тэдгээр байрлалаас санал хураалтын дүнг шууд дамжуулах техникийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дэд бүтцийн судалгаа хийж, холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна. 

 

МАНДАТЫН ТООНООС ЦӨӨН ХҮН, ЭСВЭЛ ИЛҮҮ ДУГУЙЛБАЛ САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ УНШИХГҮЙ, ХҮЧИНГҮЙ БОЛНО

 

-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, бэлтгэл ажлын талаар багагүй ярилцлаа. Харин сонгогчид бэлэн байна уу?
-Сонгуульд оролцож саналаа өгөх нь өөрсдийн төлөөллөөр дамжуулж төрийн эрх барих эрхээс гадна улс орныхоо өмнө хүлээсэн хариуцлага гэдгийг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-ээс зургаадугаар сарын 28-ыг дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулна. Эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх, бүртгэгдсэн бол алдаа мадаг байгаа үгүйг цахимаар шалгаад нягтлах ёстой. 
Сонгуулийн хууль тогтоомжийг сонгогчдод тайлбарлан таниулах, мэдээлэл өгөх, сонгуулийн боловсрол олгох зорилгоор залуу сонгогч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, улс төрийн намын гишүүд, төрийн албан хаагчид гэхчлэн сургалтын олон төрлийн хөтөлбөр гаргаж 2024 оны нэгдүгээр сараас хойш долоо хоногт 2-4 удаагийн сургалт зохион байгуулж байна. Бусад төрийн байгууллага, сонгуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд ч мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулсаар байгаа. 


-Энэ сургалт, мэдээллүүд хөдөө орон нутаг, алслагдсан сумдад байгаа иргэнд хүрч чадаж байгаа юу. Саналын хуудас ямар байх, түүнийг яаж бөглөхөө мэдэхгүй хүн байна. Тухайлбал, сонгохыг хүссэн нэр дэвшигчдээ дугуйлаад бусдыг нь үлдээж болох уу?
-Дээр хэлсэнчлэн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа цаг хугацааны хуваариар явж байгаа. Саналын хуудас тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх тус тусдаа хэсэгтэй байна. Сонгуульд оролцох нам эвсэл, нэр дэвшигч тодорхой болоогүй байхад саналын хуудасны загвар гарах боломжгүй. Саналын хуудасны загвар гарсан даруйд сонгогч бүрд мэдээлэл, зааварчилгаа хүргэнэ. Таны хэлсэнчлэн мандатын тооноос цөөн хүн, эсвэл илүү дугуйлбал санал тоолох төхөөрөмж уншихгүй, хүчингүй болно. Тиймээс сонгосон нам эвсэл, мандатын тоогоор саналаа тэмдэглэх учиртай. Санал тэмдэглэх заавар, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага, тухайн орон нутгаар нь дамжуулж таниулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийсээр байна. Гагцхүү иргэд маань сонгуульд оролцохоо үүрэг гэж хүлээн авч, хариуцлагатай хандах хэрэгтэй. 


-27 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Намаас нэр дэвшигчдээс гадна бие даан нэр дэвших хүн цөөнгүй болов уу. Олон мандаттай тойрогт саналын хуудас нүсэр том болох нь ээ. Санал тоолох төхөөрөмжид багтахгүй байх эрсдэл бий юу?
-Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтээ нэгтгээд дөрөвдүгээр сарын 29-өөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх бөгөөд тус байгууллага дүгнэлтээ тавдугаар сарын 26-аас өмнө ирүүлэх ёстой.
Нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-20-ыг дуустал үргэлжилнэ. Үүний дараа саналын хуудас тодорхой болно. Таны хэлсэнчлэн олон нам, эвсэл, нэр дэвшигч бичигдэх нь тодорхой. Тиймээс сонгогчдод сайтар таниулах, ойлгуулах ёстойгоос санал тоолох төхөөрөмжид багтахгүй, уншихгүй гэсэн эрсдэл байхгүй. Саналын хуудсыг хоёр хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа. Нэг хуудсанд пропорциональ буюу нам, эвслийн санал, нөгөө хуудсанд мажоритар буюу мандатаар нэр дэвшигчдэд санал өгөх байдлаар гэсэн үг.    


-Сонгууль дөхөхөөр нэр дэвшигчдийн зар сурталчилгаа илүүрхэж, сонгогчдод хандсан заавар, мэдээлэл сурталчилгаанд дарагдах хандлагатай болдог. 
-Иргэдийг мэдээллээр хангах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах, сонгогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тусгайлсан төлөвлөгөө гаргаад бүх шатны сонгуулийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтраад ажиллаж байна.  Тухайлбал, гадаадад байгаа иргэдээ идэвхжүүлэх, мэдээлэл хүргэх үүднээс МОНЦАМЭ агентлаг, Дэлхийн монголчуудын радио, цахим хуудас, олон нийтийн сүлжээ зэрэг боломжит бүх хувилбараар  мэдээлэл хүргүүлж эхлээд байна. 


-Гадаадад амьдарч байгаа Монголчуудын хувьд тухайн улсынхаа хөдөлмөрийн хуулийн дагуу ажилладаг учраас санал өгөх өдрөө ажлаасаа чөлөө авах боломжоор хангах ч юм уу боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Энэ асуудлыг тооцоолж санал өгөх өдрийг дөрөв болгосон. Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг сонгогчдодоо зарлана. Иргэд маань санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө Дипломат төлөөлөгчийн газраа цахим шуудан, факсаар эсвэл биечлэн сонгуульд оролцохоо мэдэгдэх ёстой. Ингээд зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд очоод саналаа өгөх боломжтой. Гадаад улсад байгаа сонгогчид маань пропорциональ аргаар буюу нам, эвсэлд саналаа өгнө. Манай улс УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль, Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг авсан туршлагатай. Санал өгөхөө илэрхийлж бүртгүүлсэн иргэдийн 70 хүртэлх хувь нь саналаа өгсөн тоо баримт бий.


-Гадаадад  байгаа иргэдээс гадна гэрээсээ хол ажилладаг олон хүн бий. Тэдгээр иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ?
-Энэ бол анхаарахаас аргагүй асуудал. Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар, тухайлбал уурхайн салбарт ажилладаг 25 мянган иргэн бий гэсэн тоон судалгаа байна.Тэдгээр иргэдийн сонгох эрхийг хангах үүднээс Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллаж байна. Манай албан хаагчид 21 аймагт ажиллахдаа Хүний эрхийн үндэсний комиссын албан хаагчтай хамтран орон нутгийн удирдлага, уул уурхайн компаниудтай уулзалт хийсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа сонгох эрхийг хангах тодорхой арга хэмжээ аваач гэдэг хүсэлтийг компанийн удирдлагад тавьж байгаа. 
-Сонгогчдын хувьд ийм байж. Сонгуульд өрсөлдөх нам эвсэл, нэр дэвшигчдийн хувьд хуулийг янз бүрээр ойлгох, тайлбарлах хандлага бий. Ялангуяа сурталчилгаатай холбоотой болно, болохгүй гэх янз бүрийн ойлголт байгаа. 
-Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлнэ. Хуульд юу гэж заасан, түүнийг л биелүүлнэ шүү дээ. Хуультай холбогдох журмууд ч нэг л янзаар хэрэгжинэ. Сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намд зөвлөмж, чиглэл хүргүүлж, төлөөллийг нь оролцуулсан мэдээлэл өгөх уулзалтыг гурван ч удаа зохион байгуулаад байна. Сонгуульд оролцоно гэдэг өндөр үүрэг, хариуцлагатай. Хуулиа биелүүлэхгүй бол хариуцлага яригдах нь гарцаагүй. 


-Сонгуулийн сурталчилгаа хийх цаг хугацаа маш давчуу байгаа. Шинэ нэр дэвшигчид танигдах боломж тун хомс. Дээр нь томсгосон тойрогт өндөр зардал гарна. Аль хэдийн танигдсан дээр нь баян хүмүүс л УИХ-ын гишүүн болно гэх шүүмжлэл байна л даа? 
-Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших, сонгогдох, ажиллах нь том хариуцлага. Улс орныхоо төлөө хууль тогтоох дээд байгууллагад ажиллах төрийн зүтгэлтэн шүү дээ. Тэр утгаараа нийгэмд танигдаагүй, шинэ хүн гэдэг ойлголт нэр дэвшигчдэд байхгүй болов уу. Зардлын тухайд бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх зохицуулалтыг Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд тусгасан. Тэр дагуу Үндэсний аудитын газраас зардлын дээд хэмжээг тогтоосон. Сонгуульд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.4 тэрбум төгрөг,  нэр дэвшигчээс зарцуулах хэмжээ тойргоос хамаараад 895 саяас 1.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Өмнөх сонгуулиар нэг аймагт нэр дэвшигчээс зарцуулж болох зардлын дээд хэмжээ дунджаар 400 сая төгрөг байсан бол томсгосон тойргийг аймагт харьцуулахад энэ дүн өсөөгүй. Хотын Сүхбаатар, Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэг 2020 оныхоос буурсан байх жишээтэй.Сонгуульд зарцуулах зардлыг дагаад хандив зайлшгүй яригддаг. Хувь хүн 10 сая хүртэл, хуулийн этгээд 30 сая хүртэл төгрөгийн хандивыг нам эвсэл, нэр дэвшигчид өгч болохоор хуульчилсан. 
-Жагсаалтад орох нь хэдэн тэрбумын ханштай гэх мэдээлэл ч нууц биш болсон. Хэн их хандив өгсөн нь жагсаалтад эрэмбэлэгдэж байх шиг байна. 


-Хуульд тодорхой заачихсан зохицуулалт. Жагсаалтаар нэр дэвшигчийн өгсөн хандивын дээд хэмжээ тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан. 


-Энэ жил маш олон улс оронд сонгууль болж байна. Манай сонгуулийг ажиглах, сурвалжлах гадаадын ажиглагч, сэтгүүлчид хэр олон байгаа вэ?
-Сонгууль ажиглах, сурвалжлах нь бүрэн нээлттэй. Олон улсын ажиглагч, сэтгүүлчид Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг дэлхий нийтэд мэдээлж, сурталчлахаас гадна анхаарах асуудлыг тодорхойлдог өндөр ач холбогдолтой.  Тухайлбал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар өөрийн гишүүн орнуудад явуулж байгаа сонгуулийн үйл ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглаж, тайлан, зөвлөмжөө гаргадаг. Тэдний зөвлөхүүд гуравдугаар сард манай улсад ажиллаж Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон бусад байгууллагын удирдлагуудтай уулзалт хийгээд буцсан. Уулзалтын тайлан, дүгнэлтдээ үндэслэн сонгууль ажиглах цар хүрээ, ажлаа төлөвлөх юм билээ. Манай сонгуулийг ажиглахаар олон тооны ажиглагч, хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөлөгчид ирдэг. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 59, 60 (7303, 7304)