Төмөрбаатарын Батсайхан
“Дорнын говиос Монгол эхэлдэг” хэмээн дорноговьчууд бахархан дуулах дуртай хүмүүс. Нээрээ л яруу найраг, хөгжим, уран бүтээлчийн авьяас мэдрэмж хосолсон сайхан уран бүтээл. Дорнын говиос Монгол эхэлдэг нь ч лавтай. Тэгвэл Дорнын говиос Монгол Улсын хөгжлийн дараагийн шат эхлэх цаг нь иржээ. Ялангуяа Зам-Үүд Монгол Улсын хөгжлийн үүд хаалга болж, ачааны хүндийг ажралгүй үүрэхэд бэлэн болсон харагдана.
Замын-Үүд бол Монгол Улсын хэмжээнд хамгийн том боомт. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга тэргүүтэй төр засгийн удирдлагууд Замын-Үүд боомтод ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Тэд Монгол Улсын хөгжлийн үүд хаалга бол Замын үүд гэдэгтэй санал нэгдэж хэдэн хэдэн түүхэн үйл явдлыг гэрчлэн, зарим бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэв. Замын-Үүд боомт хэдийнээ өнгө засжээ. Хэдэн жилийн өмнөхөөс лав өөрчлөгдөж, олон улсын стандарт руу нэлээд дөхсөн харагдана. Бид саяхан л Замын-Үүд, Эрээн хот хоёрыг харьцуулан, манай хилийн боомтод хөгжил гэж алга хэмээн халаглаж суусан бол нөхцөл байдал, өнгө төрх ч сайжирсан нь сайшаалтай.
Тэгвэл энэ хөгжил дээр хүч нэмж, 2024 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд 24 цагийн үйл ажиллагаатай боомттой боллоо. Гурван 24 давхацсан үйл явдлын гэрч болж байгаадаа Засгийн газрын тэргүүн нэлээд бэлгэшээв. 24 цагийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс нэвтрүүлэхээр боомтынхон зохион байгуулалт хийж, ёстой л түм түжигнэж бум бужигнаж байна. Үүнтэй зэрэгцэн Замын-Үүдэд дахин нэг бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаа нь ачаа тээврийн терминал юм.
Цар тахлын хүнд үед хаалттай хил, хатуу хөл хорио, хаагдсан бизнес, боомилогдсон боомт, амны хаалт, гарын ариутгал, хүн хоорондын зай, цахим уулзалтууд, вакцины тун, өглөө бүхэн сонсдог нас баралтын тоо гээд олон зүйл ард үлджээ. Цар тахлын энэ хүндрэлийн үед “Шинэ сэргэлтийн бодлого” төрж, боомтуудаа илүү олон болгох, боомуудынхаа боомийг тайлах томоохон зорилтыг дэвшүүлж, өмнө нь хэрэгжиж байсан төслүүдээ илүү хурдтай өрнүүлэх, дуусгах, ашиглалтад оруулах ийм зорилтуудыг тавьсан. Энэ цаг үед Монгол Улсыг дэмжиж байсан уул усаар холбогдсон мөнхийн хөрш БНХАУ-ын Засгийн газарт талархал илэрхийлье хэмээн Засгийн газрын тэргүүн боомтын бүтээн байгуулалттай танилцах үеэрээ онцолсон юм. Өөрөөр хэлбэл, тус бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төсөл хэрэгжүүлж, ийн ашиглалтад орууллаа. Энэ хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.Мөн “Ухаалаг гарц” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна.
Ингэснээр эдийн засгийн эргэлтэд гол үүрэг гүйцэтгэж байгаа боомтын хүчин чадал дунджаар бүтэн тав дахин нэмэгдэж, Замын-Үүд боомтын боомилогдсон, зангилаа тайлагдаж байна. Энэ боомтоор өмнө нь нэг цагт дунджаар цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдээд байгаа нь Монголын эдийн засагт сайн мэдээ. Цаашид Монгол Улс төмөр замын экспортын дөрвөн боомттой зорилго тавьжээ. Боомтын сэргэлт өдрөөс өдөрт эрчимжиж байна. Үүнийг олон улс үнэлж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, Дэлхийн банкны гүйцэтгэлийн индексээр Монгол Улс өнгөрсөн гурван жилийн хугацаанд 33 байраар урагшилсан. Энэ нь эдийн засаг эрчимтэй тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй.
2020 онд манай Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн багтаамж буюу чадавх 37 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5678 ам.долларт хүрсэн. 2024 онд энэ өсөлтийг 74 их наядад хүрч, эдийн засгийн өсөлт 7-8 хувь, нэг хүнд ногдох өсөлт 6200 ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна. Жилд тутамд нэг хүнд ногдох өсөлт мянган ам.долларт хүрнэ гэдэг эдийн засаг хурдтай өсөж байгаа тоон үзүүлэлт юм. 2023 онд Монгол Улс анх удаа 70 сая тонн нүүрс экспортолсон энэ бол монголчуудын олон жилийн турш ярьсан мөрөөдлийн тоо. Монгол Улсын валюын нөөц таван тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын төлбөрийн тэнцэл анх удаа таван тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ бүх эдийн засгийн сэргэлтүүд нь боомтын сэргэлттэй салшгүй холбоотой юм.
Барилга байгууламж бүтээн байгуулалт ашиглалтад орсон ч даатгал болон цахим мэдээлэл, гааль дээр хүндрэл учирч байгааг зарим иргэд ярьж байлаа. Дөрөвдүгээр сарын эхээр асуудал хүндрэлүүд нэг талдаа шийдвэрлэгдэж, асуудал жигдэрнэ хэмээн албаныхан тооцжээ. Бүтээн байгуулалтын давуу талууд хамгийн гол нь иргэд болон хувийн хэвшлийнхэнд бодитоор мэдрэгдэх нь чухал юм гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр онцолж байв.
2024 оныг Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. УИХ-ын сонгуулийн тойрог бас бүсчлэгдсэн. Энэ хөгжлийн гол бодлогууд боомтууд дээр ирэх нь тодорхой. Засгийн газраас боомтуудыг автозамаар холбохоос гадна аймгийн төвүүдийг хооронд нь хатуу хучилттай автозамаар холбох ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн бүсчилсэн хөгжлийн бодлогоос хамгийн үр дүнтэй хэрэгжсэн нь Мянганы замын бүтээн байгуулалт болж, өнгөрсөн онд бүрэн хэрэгжиж дууссан билээ. Үүний үргэлжлэл болж, Хилийн бүх боомтыг аймгийн төвүүдтэй холбох таван тойрог замын их бүтээн байгуулалт энэ жил эхлэх юм байна. Энэ нь ачаа тээврийн эргэлт, эдийн засгийн эргэлт, хүртээмжид нөлөөлнө гэж Засгийн тэргүүн үзжээ. Мөн говийн бүс нутгийг аж үйлдвэр, байгальд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурласан, уул уурхайн, цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн эдийн засгийг тусгайлан хөгжүүлэх бүс болгохоор Засгийн газрын бодлого гарсан. Тэгэхээр говийн бүс дээр Монгол Улсын хөгжлийн томоохон ачаа ирж байна. Ялангуяа Замын-Үүд боомт ачааны хүндийг үүрэх нь. Монголын хөгжил Замын-Үүдээс эхлэх цаг айсуй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чөлөөт бүсийн ажил гацаанаас гарлаа
-Замын-Үүд бол манай гол боомт. Худалдаа, эргэлтийн хүчин чадал тав дахин нэмэгдэж байна. Яг ийм шинэчлэл бусад боомт дээр ч хийгдэж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц шийдвэр мөн гаргасан байна. Ингэснээр чөлөөт бүсийн ажил гацаанаас гарч байна. Монгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй томоохон төслүүдийн талаар Бээжингийн олимп болон БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр ярьж ирсэн. Үр дүн нь гарч байна. Засгийн газар бүсчилсэн хөгжил, эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгох "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Эдгээр том төслүүд үүнд маш чухал нөлөө үзүүлэх юм.
Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга: Ачааллын үеэр нэвтрэлтийг эрчимжүүлэхэд анхаарна
-Замын-Үүд боомтын бүтээн байгуулалт дуусаж, өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Засгийн газрын тэргүүн цаашид боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх үүрэг өглөө. Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын талаас Замын-Үүд боомтын авто тээврийн терминалыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг гаргаж, нэлээд хугацаанд яригдсан энэ асуудал ажил хэрэг болж байна. Өнөөдрөөс Орос, Монгол, БНХАУ гэсэн гурван улсын эдийн засаг, худалдаа гурван улсын эдийн засгийн коридор болох Эрээн-Замын-Үүдийн боомтоор явагдахаар болж байна. Боомтын хүчин чадал дунджаар тооцоход 5-8 дахин өссөн. Үүнийг долоо хоногт нэг өдөр 10 цаг орчим ажиллаж байж нэвтрүүлж байгаа. Харин 24 цагийн үйл ажиллагаатай болсноор энэ хугацаа 14 цаг болж уртсаж байна. Замын-Үүдийн маань дэд бүтэц тав дахин өссөн. Одоо ид ачааллын үеэр нэвтрэлтийг эрчимжүүлэх, иргэд, аж ахуй нэгжид оочир дараалал үүсгэхгүй, хурдан шуурхай ажиллахад холбогдох байгууллагынхан анхаарч ажиллана.
Дорноговь аймгийн Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням: Нэг зорчигч хилээр нэвтрэхэд 30-40 секунд болдог
-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг чухал асуудал бол боомтын сэргэлт байсан. Энэ хүрээнд үндэсний хороо байгуулагдсанаар олон жил яригдсан ч шийдэгдэхгүй байсан Замын-Үүдтэй холбоотой олон асуудал шийдлээ олж байна. Үүний нэг нь 24 цагийн үйл ажиллагаа юм. Ялангуяа зуны улиралд манай боомтын ачаалал эрс нэмэгддэг. 24 цагийн үйл ажиллагаатай болсноор иргэдийг ачаалал багатайгаар түргэн шуурхай нэвтрүүлэх боломжтой болсон. Цаашид бид боловсон хүчний асуудалдаа анхаарч байна. Эхний ээлжид ажилчдын 36 айлын орон сууцыг шийдэж чадсан. Цаашид ч ажилчдаа орон сууцанд, тавтай тухтай орчинд амьдруулахад анхаарч ажиллана. Мөн хөрш орныхоо боомтын асуудал хариуцсан газартай нягт нямбай хамтран ажиллахад анхаарч байна. Боомтын үйл ажиллагаанд энэ бол маш чухал асуудал. Тэр ч утгаараа зорчигч болон ачаа тээврийн терминалын бүтээн байгуулалт ашиглалтад орж байна. Энэ бол манай улсын эдийн засагт маш их ач холбогдолтой. Ачаа тээврийн нэвтрэлт 3-4 дахин нэмэгдэж байна. 28 барилга байгууламж, даацын зам, инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн. Энэ нь хил хяналтын байгууллагын ажиллах орчин нөхцөл болон боомтоор үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуй нэгжид үр өгөөжтэй бүтээн байгуулалт болж байна. Мөн цахим боомт болж байна. Нэг зорчигч хилээр нэвтрэхэд 30-40 секунд болдог.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 58 (7302)