П.АМГАЛАН
“Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг өчигдөр эхэллээ. Хэлэлцүүлгээр боомтод хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг танилцуулж, боомтын хөгжилд төр, хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллах талаар оролцогчид санал солилцов.
“Боомтын хөгжил ярихын тулд төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай ярих хэрэгтэй”
Хэлэлцүүлгийн үеэр Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга үг хэллээ. Тэрээр “БНХАУ-тай Замын-Үүдийн автозамын боомтыг 24 цагаар ажиллуулах тухай албан ёсны шийдвэрийг Замын-Үүд боомтын цогцолборын нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор зарлалаа.
Засгийн газраас боомтын сэргэлтийн үндэсний хороог 10 яам болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын ложистикийн холбоо нэг баг болон хамтран ажиллаж байна. Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос МҮХАҮТ-тай хамтран форумыг зохион байгуулж байгаа. Энэ форумаас ажил хэрэгч санал санаачилгууд гарч, Засгийн газар, УИХ-д шийдүүлэх асуудлаа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, байгууллагууд чөлөөтэй тавин, холбогдох байгууллагууд уг санал, санаачлагыг ажил хэрэгчээр дэмждэг сайн тогтолцоо, жишиг тогтоно гэдэгт найдаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгаж, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнхээ санаачилга, ур чадвар, туршлагыг Монгол Улсын хөгжлийн цөм хэмээн үзэж байгаад оршино” гэсэн юм. Монгол Улс эдийн засгаа тэлэх суурь нөхцөл бол бусад улс тэр тусмаа хөрш орнуудтай хийж байгаа худалдааны хэмжээ, хурд шууд хамаардаг. Энэ утгаараа боомтын сэргэлтийн асуудалд тэргүүлэх зорилт тавьж, өнөөгийн эдийн засгийн хэмжээг 2030 он гэхэд багадаа дөрөв дахин өсгөх зорилт тавьсан. Энэ хүрээнд хэд хэдэн чухал зорилт тавьсанаас зарим нь биелэлээ олж үр дүнгүүд гарч байна. Хэлэлцүүлгийн хүрээнд тавигдах бусад илтгэл, танилцуулгууд ч Боомтын сэргэлтийн талаар бид бүгд нэг зүгт харж, зорилго, зорилтоо нэгтгэн, үр дүнд хүрнэ гэж итгэж байна гэдгийг хэллээ.
Мөн тэрээр “Боомтын сэргэлтийн үндсэн зорилго нь боомтоор дамжин хийгдэх худалдааг дэмжих, хөнгөвчлөх, боомтоор дамжин ажил бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд аль болох ахиу ашиг орлого олох, улмаар боомт нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бүтэц, чадавхтай болж эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Боомтын хөгжил ярихын тулд эхлээд төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай ярих хэрэгтэй. Бид одоохондоо төр ба хувийн хэвшлийн тухай хоёрлосон харилцааг хөндөж байгаа. УИХ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Монгол Улсын хилийн тухай хуульд ч төр хувийн түншлэлийг боломжтой нээлттэй тусгаж өгсөн байдаг. Харин судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын талаар аль ч хууль бодлогод хараахан тусаагүй, ач холбогдлыг нь бүрэн гүйцэд үнэлээгүй хэвээр байна. Аливаа улс хөгжих үндсэн түншлэлийн хэлбэр нь хоёр талтай бус гурван талтай байна. Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бол хөгжлийн тулгын гурван чулуу юм. Би боомтын сэргэлтийн хороог даргалж эхэлснээс хойш гадаад худалдаа, аж үйлдвэр, чөлөөт бүс, хөгжлийн талаар судалдаг монголынхоо тэргүүлэх эрдэмтэд, хөрш орны судалгааны байгууллагуудтай нягт хамран ажиллаж байгаа. Манай улсын хувьд худалдаа, аж үйлдвэр тэр дотроо боомтын талаар судалдаг судлаачдын эрэлт хэрэгцээ, орон зай их байгаа бөгөөд энэ чиглэлээр их дээд сургуулиуд тусгайлсан хүний нөөц бэлтгэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байна. Өөрөөр хэлбэл, аливаа салбарыг хөгжүүлье гэвэл тухайн салбарын суурь судалгааг, түүн дээр үндэслэсэн төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг чадавхыг бүрдүүлэх нь чухал юм. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны зүгээс Худалдаачин үндэстэн санаачилгыг дэмжин ажилласан ба төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад ч боомтын менежментийн чиглэлээр хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа юм. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дэргэд цугларсан эрдэмтэн судлаачидтайгаа хамтран цаашид энэ талаар илтгэл, лекц, судалгаа, бодлогын шинжтэй асуудлыг өргөн хүрээнд танилцуулж ажиллах бодлого баримталж ажиллаж байгаа" гэлээ.
Э.Эрдэнэжамьяан: Боомтын газар, бүс гэдэг ойлголтыг ялгаж өгөх ёстой
/Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын зөвлөх, хуульч/
“Хилийн боомтын хуулийн төсөл, хувийн оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын зөвлөх, хуульч Э.Эрдэнэжамьяан хэлэлцүүлэг тавилаа.
Хилийн боомтын хууль эрх зүйн орчны талаар тодорхой ажлууд хийж байгааг хэлэлцүүлгийн үеэр онцлов. Тухайлбал, Хилийн боомтын үндэсний захиргаа, Үндэсний зөвлөлөөс бие даасан хуулийн фирмийг хөлсөлж, хууль зүй орчны шинжилгээ, хилийн боомтын хуулийн төсөл, хилийн боомтод үйлчлэх нийтлэг журмын төслийн талаар бичиг баримтуудыг төсөл хэлбэрээр боловсруулж, зөвлөх үйлчилгээ авч ажиллажээ. Хилийн боомтын тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, хууль, журам дагасан бичиг баримтууд олон нийтэд хэлэлцүүлэхэд бэлэн болж, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүн байгууллага болон бусад холбогдох хүмүүс рүү санал авахаар тараажээ. Энэ тухай тэрээр “Өмнө үйлчилж байсан хилийн боомтын тухай хууль гэж бий. Энэ хууль хилийн боомтын хөгжил төлөвлөлт гэхээс илүү төрийн хяналт, шалгалтын байгууллагуудын эрх хэмжээг тогтоож өгсөн. Хуулийн төслийн зорилт нь төр хувийн хэвшлийн түншлэлээр экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт чиглэж байгаа. Хилийн тухай хуульд төр хувийн хэвшлийн түншлэлээр боомт дээр үйл ажиллагаа явуулах асуудлыг нээлттэй тусгасан. Мөн шинээр төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль шинээр батлагдсан. Хуульд боомт дээр төр хувийн хэвшлийн түншлэл үйл ажиллагаа явуулж болно гэж заасан.
Дараагийн чухал асуудал бол боомтын газар, бүс гэдэг ойлголтыг ялгаж өгөх ёстой. Өмнө үйлчилж байсан хууль эрхзүйн бүх ойлголтоор боомтын бүс гэсэн ойлголт байсан. Харин газар гэсэн ойлголт байгаагүй. Өнөөдөр хүртэл боомтын үйл ажиллагаанд хамгийн их асуудал дагуулж байгаа, аж ахуйн нэгжээс их хүсэлт ирж байгаа асуудал бол боомтын газар. Боомтын газрын тухай асуудлыг орон нутаг, хилийн байгууллага, чөлөөт бүс олгож байсан. Тус бүрийг судлаад үзэхээр хуулиар тусад нь зайлшгүй тодотгож ялгаж өгөх хэрэгтэй юм байна гэж үзэж байгаа” гэлээ.
А.Мөнхболд: Боомт бол манай улсын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч гол салбар
/Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүн бөгөөд МҮХАҮТ-ын “Эдийн засгийн коридор, боомт, тээвэр ложистикийн зөвлөлийн дарга/
Боомт бол манай улсын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч гол салбар гэдгийг МҮХАҮТ-ын “Эдийн засгийн коридор, боомт, тээвэр ложистикийн зөвлөлийн дарга А.Мөнхболд хэллээ. Тэрээр “Монгол Улсын өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн хамгийн том асуудал бол эдийн засгаа тэлэх. Тиймээс экспортоо нэмэгдүүлэхийн тулд хилийн боомтын нэвтрүүлэх чадвар, хөгжлийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа манай улсын том тулгуур болоосой гэж хүсэж байгаа. Тиймээс худалдаа, тээвэрлэлт, аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгийн суурийг тавих хэрэгтэй. Гадаад зах зээл рүү тэмүүлэх ёстой. Энэ зорилгоор боомтын хөгжлийн стратеги тодорхойлогдох ёстой гэж үзэж байгаа. Хилийн тухай хуульд боомтын стратегитай байна гэж заасан байдаг. Нөгөө талаар Төрийн албаны тухай хуульд хилийн боомтын захиргаа нь өөрийн стратегитай байна гэж тусгасан. Тиймээс үүнийг энэ чиглэлийн хүрээнд ажиллаж, боомтын ерөнхий төлөвлөгөөг эрэмбэлэн, шинэ нөхцөл байдалд тулгуурлаад явах хэрэгтэй” гэлээ.
Ийнхүү “Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 58 (7302)