Доржийн ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнхийг урилаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БУЮУ ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ
Дэлхийн улс орнуудын жишгийг бид сөрж чадахгүй. Харин бидэнд байгаа суурь боломжийг овжноор ашиглах хэрэгтэй. Үүний тулд үндэсний томоохон компаниуд хүч нэгдээд ч хүчрэхгүй их орон зай байгаа учраас гаднын хөрөнгө оруулалт татах зайлшгүй шаардлага бий. Үүний тулд хязгаартай газрын баялгийг улсынхаа хөгжилд ашиглаж цаашилбал, олон улсад экспортлох боломжийг олж харсан. Гэхдээ цаг хугацааны хувьд хэт удаан байгааг хэлэх нь зүйтэй.
2011 онд Японы бизнесмен “Япон цөмийн станцаар цахилгаан үйлдвэрлэх нь хэт эрсдэлтэй. Түүнчлэн газ, эрчим хүчийг гаднаас импортоор авдаг байдлаас ангижрах хэрэгтэй” гэж үзээд Азийн супер сүлжээг бий болгох санаачилгыг гаргаж байсан юм. Ингээд бидэнд хамтрах санал тавьснаар “Салхитын салхин парк” төслийг эхлүүлж байлаа. Азийн супер сүлжээ санаачилга бүрэн утгаараа хэрэгжсэн бол сэргээгдэх эрчим хүчийг Монгол Улсад хөгжүүлж Хятадаар дамжуулан Япон, Солонгос руу экспортлох, ингэхдээ далайн доогуур кабелиар дамжуулахаар төлөвлөсөн боловч улс орнуудын хоорондын асуудлаас улбаалан саармагжсан.
Сүүлийн үед БНХАУ сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлэхэд анхаарч бидэнд хамтарч ажиллах санал тавьж байгаа нь “сэргэлт” болж ирнэ. Учир нь урд хөрш сэргээгдэх эрчим хүчид суурилсан аж үйлдвэржилтийг хөгжүүлж эхэлсэн. Тухайлбал, гангийн үйлдвэрийн зуухнуудаа цахилгаан болгох шийдэлд хүрсэн юм билээ. Тиймээс манай улс энэ салбарыг хөгжүүлж, томоохон төслүүдээ хөдөлгөх нь эдийн засгийн сэргэлтэд томоохон хөшүүрэг болох юм.
Манай урд хөрш 2050 он гэхэд устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа энэ үед нүүрсний орлогод найдах хэрэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нөхцөлд манай улсын нийт экспортын 60 гаруй хувийг нүүрс эзэлдэг. Тэгвэл 2050 он гэхэд нүүрсний гол худалдан авагч авахгүй болчихвол бид төсвийн орлогын бүрдэлтээ хэрхэх вэ гэдэг асуудал тулгарна. 2050 гэхээр хол мэт боловч үнэн хэрэгтээ дунд хугацаа.
Тэгэхээр бид эдийн засгийн тулгуураа тогтвортой байлгахын тулд дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлыг эрчимтэй ярьж, гарц, шийдэл олох хэрэгтэй. Үүний тулд бид минутаар тоологдох мөчийг алдаж болохгүй гэсэн үг. Хэрэв бид хойргошоод байвал Хятад улс өөрсдөө хийгээд явчих бүрэн боломж бий. Тиймээс бидэнтэй хамтарч ажиллах санал тавьж байгааг алдаж болохгүй.
ТОГЛООМЫН ДҮРЭМ ТОДОРХОЙ БАЙХ ЁСТОЙ
Нөгөөтээгүүр сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахдаа хууль эрх зүйн орчин, татвар, дэд бүтэц гээд олон зүйлийг нарийн тохиролцох хэрэгтэй. Түүнчлэн үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг борлуулах тарифын нөхцөл ямар байх вэ гэдгийг нарийн тохирох ёстой. Сэргээгдэх эрчим хүч өнгөрсөн хугацаанд тогтсон тарифтай байсан бол олон улсад зах зээлийн зарчмаар үнэлэгддэг. Тэгэхээр хоёр улсын хоорондын тарифын зөрүүг тодорхой болгох учиртай. Түүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нэн тэргүүний асуудал болно. Жишээлбэл, Герман улс сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжих талбай гээд тодорхой заадаг.
Сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжүүлэхийн тулд нийгмийн халамжийн системээс зах зээлийн систем рүү шилжилт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Эрчим хүчний тарифыг төрийн зохицуулалттайгаар хэт хямд байлгах нь алсдаа асар их хохирол дагуулна. Манай улс шиг хямд өртөгтэй эрчим хүч хэрэглэдэг улс орон байхгүй л дээ. Үнэндээ гар утасных нь төлбөрөөс хоёр магадгүй гурав дахин бага мөнгийг цахилгааны төлбөртөө тушааж байна. Ийм нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг хэцүү.
Манай улс дулааны станц босгох санхүүжилт ч босгож чадахгүй байгаа энэ үед сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлнэ гэдэг хэт хол сонсогдож байна. Үүнд дэлхийн улс орнуудын шаардлагад нийцсэн бодлого хэрэгжүүлэхгүй байгаа нь нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хийг бууруул. Ногоон эрчим хүчийг хөгжүүл гэсээр байтал нүүрсээр ажилладаг станц барих тухай яриад байж болохгүй. Тэгэхээр нүүрсний хэрэглээгээ бууруулна. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлнэ гэдэг зарчмаар яривал дэлхий ойлгоно.
Блиц:
Төгссөн сургууль:
2001-2005 онд: Баруун Мичиганы Их Сургууль, Мичиган, АНУ,
Нисэхийн шинжлэх ухааны бакалавр
2007-2009 онд: Баруун Мичиганы Их Сургууль, Мичиган, АНУ,
Бизнесийн Удирдлагын Магистр
Мэргэжил:
Нисгэгч. АНУ, Монгол, Япон, Сингапурт агаарын тээврийн нисгэгч, багш нисгэгчээр мэргэшсэн.
Ажлын туршлага:
2022 оноос: “Ньюком групп”-ийн гүйцэтгэх захирал
2017-2021 онд: Сингапур “ЖэтСтар Ази” компанид нисгэгч
2014-2017 онд: Япон “Ванилла Эйр” компанид нисгэгч
2010-2014 онд: Монгол “Изинис эйрвэйз” компанид нисгэгч & Нислэгийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал
2005-2010 онд: Мичиган “Баруун Мичиганы Их Сургууль” багш нисгэгч
БУСАДТАЙ ХУВААЛЦ
Монгол Улс хөгжих арвин боломж бий. Хоёр жилийн өмнө дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байсан төлөөлөгч “Чингис хааны үед монголчууд гадагшаа тэлсэн бодлого баримталж ажилладаг байсан. Учир нь тэд гадаад хүмүүсийн мэдлэг, ур чадварыг ашиглан дайны эдийн засгийг хөгжүүлсэн юм шүү дээ” гэж байсан. Үүнийг үгүйсгэх аргагүй. Дайны эдийн засаг гэдэг нь жижиг зүйлийг ч бусадтайгаа хуваалцдаг. Яагаад гэвэл өөрт байгаа жаахан зүйлийг булаацалдаж байхаар өрөөл бусдад байгаа том баялгаас нь авах хэрэгтэй гэсэн зарчим л даа.
Тэгэхээр орчин цагийн монголчууд дотоодын зах зээлийн жижиг, багтаамжгүй, хүртээмжгүй тухай ярьдаг. Гэхдээ өөрт байгаа боломжийг томруулж хөгжүүлээд том зах зээл рүү хамтдаа гарцгаах нь өнөөгийн Монгол Улсыг хөгжүүлэх гол хөшүүрэг гэж хардаг. Тухайлбал, эрчим хүчний салбарт үндэсний компаниуд нэгдэж ажилласан ч дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй юм шүү дээ.
Бид эрчим хүчний салбарын баялгийг хувааж хүртсэн ч барагдашгүй учраас хэрхэн гадаадын хөрөнгө оруулалтыг татаж 100 хувь ашиглаж илүү ашиг олох вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай. Нэгэнт үндэсний хэмжээний том, жижиг компаниуд нэгдээд ч эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг гүйцэж чадахгүй. Тэгэхээр хоёр, гурав дахь орны хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах санал тавих хэрэгтэй юм.
Тэр ч бүү хэл холоос ч хайх хэрэггүй. Манай урд хөрш эрчим хүчний салбарт чамгүй ажлуудыг хийж, хэрэгжүүлж, хөгжүүлсээр байна. Хятад улс үйлдвэрлэгч орон хэдий ч Вьетнам, Тайланд, Камбож улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж тухайн улсын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн орныхоо нийгэм, эдийн засагт ч өгөөжтэй байна. Өөрөөр хэлбэл, европт бүтээгдэхүүнээ борлуулахын тулд боломжтой зах зээл дээр нь үйлдвэрлэл эрхэлж байна шүү дээ. Тэгвэл энэ нөхцөл байдлыг нь бид ч бас өөрт өгөөжтэйгөөр ашиглаж болно.
БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ “ХОЛБООС” БУЮУ САЛБАРЫН САЙД
Үндсэндээ ногоон эрчим хүч гэдэг манай улсад хөгжих боломжтой суурь нь байгаа гэсэн үг. Бидэнд далайн гарц бэрхшээл мэт боловч үнэндээ том зах зээл нь урд хөрш гэдгийг бодолцох учиртай. Мэдээж нэг улсаас хэт хараат байх эрсдэлийг ч бас тооцоолох нь зүйтэй. Нөгөөтээгүүр аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг гадагш экспортлохдоо далайн гарцад найдахаас илүү Хятад улстай хамтрах нь илүү өгөөжтэй. Харин технологийн хөгжүүлэлт, банк санхүүгийн салбар гээд тээвэрлэлт төдийлөн шаардахгүй бизнесийн эргэлтийг бид хөгжүүлснээр бусад орнуудад экспортлох боломж бий.
Тэгэхээр аж үйлдвэрийн бүтээгдэхүүн тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж экспортлон эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх боломжийг алдаж болохгүй юм. Гэхдээ үүнийг Засгийн газар ойлгож байгаа учраас ажил хэрэг болгох санаачилгыг хийж эхэлсэн. Харин салбарын яам хойрго хандаж байна. Учир нь тухайн салбарыг удирдаж байгаа хүн улстөрч байгаатай холбоотой. Тиймээс салбарыг мэддэг мэргэжлийн удирдлага шаардлагатайгаас гадна улс төрийн тогтвортой байдал чухал байгаа хэрэг. Хэдийгээр салбарын яамны мэргэжилтнүүд техникийн ажлаа асуудалгүй хийсэн ч богино хугацаатай томилогдсон улс төрийн албан тушаалтны тухайн асуудлыг ойлгож байгаа эсэхээс шууд хамааралтайгаар ажил явдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гаргасан бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн албан тушаалтнаас шалтгаалахгүй байх ёстой. Цаашилбал, төрөөс гаргаж байгаа бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянадаг механизм манай улсад хэрэгтэй байгааг л хэлэх гээд байна. Жишээлбэл, Япон улсын засаглалыг харахад тухайн яамны мэргэжилтнүүд бодлогын хэрэгжилтэд шаардлагатай мэргэжлийн ажлуудыг яг төлөвлөж хийдэг. Харин дээд удирдлага нь төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хоорондын холбоосыг сайн хийж өгдөг юм билээ.
Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөөс зайлсхийх шаардлага үүсэж байна. Ингэхдээ ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний салбар хүч түрж хөгжих боломж бүрдэж байна шүү дээ. Тэгвэл монголчууд энэ боломжийг алдаж болохгүй. Байгууллагад өөрийн гэсэн “араншин” бий. Ялангуяа хувийн хэвшилд. Энэ нь ихэнхдээ үүсгэн байгуулсан хувь хүнээс эхлэлтэй байдаг л даа. Манай компанийн хувьд шинэ, соргог зүйлийг Монгол Улсад хэрхэн нутагшуулах вэ гэдэгт илүү анхаарал хандуулдаг. “Ньюком” групп сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж үзсэн. Хэрэв манай компанийн хамт олон ашиг олохын төлөө хэт улайрч ажилладаг бол өнөөдрийг хүртэлх хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа ч нөхөж чадахгүй төслийг хэрэгжүүлэхгүй л дээ. Бидний хувьд урт хугацаандаа улсаа хөгжүүлэх бүтээн байгуулалт хийснээрээ бахархдаг. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)