УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль эхлэхэд хоёр сар гаруй хугацаа үлдээд байна. Маргааш буюу энэ сарын 23-ны өдөр АН-ын ҮБХ хуралдахаар болсон. Улс төрийн түвшинд АН-ын асуудал ихээхэн анхаарал татаж буй. Энэ тухай асуудлаар АН-ын Үндэсний жигүүр хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат "Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаар намын олон асуудлыг хэлэлцэнэ. Олон гишүүдийг идэвхтэй оролцоосой гэж хүсье. Энэхүү хурлаар бид намын одоогийн энэ унтаа, идэвхгүй байдлыг шийдэх хэрэгтэй. АН нам сөрөг хүчин байх ёстой. Гэтэл одоо намын даргаар сонгогдон ажиллаж буй Лу.Гантөмөр нь үүрэгт ажлаа хангалттай биелүүлж чадахгүй. Бид энэ асуудлыг удаа дараа гаргаж хэлэлцэж байна. Сонгууль дөхсөн ердөө 80 хоног үлдсэн байхад намын асуудал цэгцрээгүй, гишүүдийн итгэл суларсан байна. Энэ байдал эвлэрч болохгүй. Лу. Гантөмөр нь намын даргын албан тушаалыг аваад жилийн хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулаагүй. Нөгөө л хагаралтай хэвээрээ. Тиймээс түүнийг өөрийн хүсэлтээр намын даргын суудлаа өг гэдэг шаардлагыг тавьсан" гэлээ.
Мөн энэ талаар АН-ын ҮДХ-ны гишүүн Х.Алтанхуяг "Энэ сонгууль АН хэр оролцох вэ гэдэг нь маргаашийн хурлаас шалтгаална. Учир нь МАН, АН аль аль нь тийм ч сайн үзүүлэлттэй биш байна. Үүний хажуугаар ХҮН, ШИНЭ нам, ИЗН гэх гурван нам эвсэж байна. Энэ бол сонгуульд маш хүчтэй өрсөлдөгч болно. Яагаад гэвэл МАН одоо ч орон нутагт хүчтэй хэвээрээ, харин ХҮН, ИЗН нь АН араас орохоор намууд. Эдгээр гурван нам нэгдсэнээрээ АН саналыг хуваах асуудал гарч ирнэ. Тиймээс бид одоо л нэгдэж, сонгууль хэрхэн оролцох асуудлаа шийдэх хэрэгтэй" гэв. 23-ны өдөр зохион байгуулагдах ҮБХ-ны хурлаар олон асуудал тодорхой болохын дээр намын даргын асуудлыг нэг мөр шийднэ хэмээн гишүүд хэллээ. Хэдийгээр УИХ-ын сонгууль эхлэхэд 80 хоног үлдэж байгаа ч дээрх гишүүд Лу.Гантөмөрийг даргын суудалд хэвээр үлдээхгүй гэдгээ онцолж байлаа.
Эх сурвалж: www.zms.mn