С.УЯНГА

 

Бүсчилсэн хөгжлийн асуудлаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа. 

 

-Монгол Улс хот хөдөөгүй бүсчилсэн хөгжлийн асуудлыг ярьж байна. Бодлогын гол яамны удирдлагын хувьд давуу талыг хэрхэн тодорхойлж байна вэ? 
-Бүсчилсэн хөгжил бол бүс нутгийн байгалийн нөөц, давуу тал, дэд бүтцийн хөгжилд тулгуурлан эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, харьцангуй тэнцвэртэй байдлаар бүс, орон нутгийг хөгжүүлэх гэж ойлгож болно. Харин бүсчилсэн хөгжлийн бодлого нь хувийн хэвшлийн салбарынханд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, олон улсын интеграцид нэгдэх, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх болон нийгмийн сайн сайхны төлөө төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хамгийн оновчтой байршилд олон салбарын уялдааг хангаж, хуваарилахад чиглэж байна. Өнөөдөр Монгол Улс 21 аймаг 330 сум нэгжид хуваагдаж 3.5 сая хүн тархай бутархай амьдарч байна. Харин бүсчилсэн хөгжлөөр асуудлыг бүс орон нутгийн хэмжээнд авч үзэж аймгуудыг 4-5 аар нь багцалж баруун, хойд, хангай, төв, зүүн, говийн бүс болгон хөгжүүлэх юм. Үүн дээр нийслэл дангаараа нэг бүс нутаг буюу долоо дахь нь болж хөгжих юм. Бүс нутгаар нь авч үзэхэд газар зүйн байршил, онцлог, эдийн засгийн чадамж, байгалийн нөөц баялаг чухал нөлөөтэй. 

 

Тухайлбал, баруун бүс сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх бол хангайн бүс хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, хойд бүс газар тариалан, хүнс үйлдвэрлэл хөгжүүлэх байдлаар тодорхойлж байна. Харин зүүн аймгууд түүхэн аялал жуулчлал, хилийн боомтуудыг холбосон эдийн засгийн зүүн коридорыг түшиглэж хөгжих ёстой. Үүнтэй холбоотой дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд буюу авто зам, төмөр зам, эрчим хүчний төслүүд хөгжинө гэж үзэж байна. Говийн бүсэд аж үйлдвэр, уул уурхай түшиглэсэн экспортыг хөгжүүлэх учиртай. Тус бүс нутагт буй томоохон боомт, уул уурхайн орд, хүнд үйлдвэрүүдийг хөгжүүлэх шаардлагатай. 
Энэ онцлог дээр нэмэгдээд сэргээгдэх эрчим хүчний ихээхэн баялаг нөөц говьд байгаа учраас хөрөнгө оруулалт татах боломжтой гэж харж байгаа. Ногоон хөгжил бол манай улсын ирээдүйг тодорхойлох том амбиц. Археологи палеонтологийн үнэтэй олдворуудтай говийн бүсийг аялал жуулчлалын чиглэлээр давхар хөгжүүлэх зэргээр эдийн засгийн нөөцөө дагавал Улаанбаатарын дараагийн томоохон төвлөрөл говийн бүсэд бий болох бололцоотой. Цаашид Монгол Улсын урт хугацааны хөгжлийн гараа бүсчилсэн хөгжилтэй салшгүй холбоотой. Иймээс бид хөгжлийн бас нэгэн шинэ хуудсыг нээх гараан дээр зогсож байна. 


Бүсчилж хөгжүүлэхийн бас нэг давуу тал нь төсөв, санхүүгийн хуваарилалт оновчтой болж хөрөнгө оруулалтыг улс орны эрх ашигт нийцсэн хөгжлийн томоохон төслүүд рүү чиглүүлэх боломж нээгдэнэ. Өмнө нь төсвийн төлөвлөлт 21 аймаг 330 суманд олон жижиг хэсэгт тараадаг, тухайн тойргоос сонгогдсон гишүүдийн үзэмж хандлагаар хуваарилдаг байсан бол бүсчилснээр улс орны хэмжээний хөгжлийн томоохон төслүүдэд зарцуулах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн хэмжээнд төлөвлөх тогтолцоо руу шилжинэ. Дан ганц төсвөөр биш аж үйлдвэрийн парк, мах, арьс ширний үйлдвэрлэл цогцолборуудыг байгуулахад  хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж төр дэд бүтэц буюу авто зам, төмөр зам, дэд бүтцээр нь хангаж өгөх үүрэгтэй оролцоно. Энэ мэтээр урьд нь бид нэг аймгийн асуудлыг ярьдаг байсан бол 3-4 аймаг нийлээд бүсээрээ хөгжих юм. Тухайн бүс нутагт боловсрол, эрүүл мэнд бүхий бодлогууд том дүр зургаараа хийгдсэнээр төсөв санхүүжилт илүү үр өгөөжтэй болно. Бүсээрээ нэгдсэн хөгжлийн бодлого төлөвлөлт хийснээр оновчтой үр өгөөжтэй сайн хөрөнгө оруулалт хийх, нийгмийн чухал асуудлуудыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хөгжүүлснээр ирэх 10 жилд өмнөхөөс 2-3 дахин хурдтай хөгжиж, эдийн засгаа тэлнэ гэж харж байгаа. 

 


-Нийслэлийн 1.5 сая иргэний ажил амьдралыг бүсчилсэн хөгжлөөр шийдвэрлэхээр болж байна. Гол агуулга, тэр дундаа эдийн засаг талаас нь хэрхэн харж байна вэ? 
-Улаанбаатар хот Монгол Улсын хамгийн том татах хүчтэй эдийн засгийн бүс болж хөгжиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот төр захиргааны төв байгууллагууд, их дээд сургууль, бүх шатны эмнэлэг, урлаг соёлын үйлчилгээнүүдийг төвлөрүүлсэн хүн амын болон эдийн засгийн төв цэг болж хөгжиж ирлээ. Хүн амын тал хувь нь ажиллаж амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийг хийх нь энэ цаг үед хамгийн чухал байна. Монгол Улсын нийт газар нутгийн хэмжээ ямар билээ. Гэтэл үүний өчүүхэн жижиг хэсэгт 1.7 сая хүн бөөгнөрснөөс нийгмийн маш олон сөрөг асуудлууд үүсэж байна. Хөгжил гацсанаас хүмүүс бухимдаж тэр хэрээр ажлын бүтээмж муу. Тиймээс энэ бүхнийг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд нийслэлийг бүсчилж хөгжүүлэхээс аргагүй. Хот төлөвлөхөд бүсийн тухайн заавал ярих ёстой. Санхүүгийн, аялал жуулчлалын, соёлын гэх зэргээр тухайн байршлын онцлогт тохирсон төлөвлөлт хийх юм. Гол концепц бол ерөөсөө л нэг иргэн гэрээсээ гараад төрийн үйлчилгээ авахад орчин үед 15-20 минут зарцуулна гэсэн стандарт юм. Эмнэлэг, цэцэрлэг, сургуулиас эхлээд төрийн үйлчилгээг хаана амьдарч байгаагаас үл хамаараад 20 минут алхаад авах орчин нөхцөлийг төр бүрдүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр иргэд төрийн үйлчилгээ авахын тулд захын хорооллоос хотын төв рүү ирж байгаа учраас бүсчлэлийн тухай яригдаж байна. 


Дараагийнх нь эдийн засгийн чиг үүрэг. Аймаг, сум, бичил дүүргүүд улс орны эдийн засагт ямар нөлөө, чиг үүрэгтэй байх асуудал. Өмнө нь засаг захиргаа, нэг нь нөгөөхөөсөө эрх мэдэлтэй байх талаас нь улс орон нутгийн зэрэглэл ярьснаас биш эдийн засгийн хувьд хэрхэн хөгжих вэ гэсэн потенциалыг орхигдуулж ирсэн сул тал бий. Тиймээс хот доторх бүсүүдийн ялгаатай чиг үүргүүдийг тодорхойлж цаашлаад тухайн газар нутагт байгаа иргэд, аж ахуйн нэгжид ямар боломж давуу тал олгож байгааг бүсчлэлээр шийдэх юм. Одоо бол дүүргүүдийн улс төрийн бүсчлэл эдийн засгаасаа зөрүүтэй, чиг үүрэг тодорхойгүй учраас бүх хүн хотын төв рүү орж үйлчилгээ авах гээд байгаа юм. Үүний цаана түгжрэл, бухимдал, үргүй зардал, цаг хугацаа алдаж байна. Гандан хавьд гэхэд олон зуун жил бурхан шашны чиглэлээр хөгжиж ирсэн онцлогт нь тохируулж аялал жуулчлалын орлого олдог байдлаар  төлөвлөлт хийж болно. Мөн худалдаа, гар урчууд, соёлын гудамж, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин хэрэгтэй. Дэлхий нийтэд нэвтрээд байгаа орчин үеийн хот төлөвлөлтийн шийдлийг бид хүлээж авах, хэрэгжүүлэх цаг аль хэдийн болсон. Хот доторх хотуудын бүсчлэлийн жишгээр дэлхийн улс орнууд хөгжиж байна. Бүр том зургаараа бол геополитик, гео эдийн засаг буюу олон улсын бүс нутгийн хамтын ажиллагаа руу Монгол яаж холбогдох вэ гэдэг амбиц гэж харж болно. 


-Хотын дүүргүүдийн зарим нь хэт олон хүнтэй, төвөөсөө хол ойр гэх зэргээр харилцан адилгүй байна л даа. Тэгэхээр хэд хэдэн дүүргийг нэгтгэж авч үзнэ гэсэн үг үү?  
-330 сум 21 аймгийн нэгтгэж зургаан бүс болгосон шиг Улаанбаатарын 204 хороог 42 нэгж болгох юм. Эдгээр нь хотын статустай байх уу, дүүргийн эрх мэдэлтэй байх уу гэдэг концепц явна. Тухайн райондоо төр, хувийн хэвшлийн бүхий л худалдаа үйлчилгээ, бизнесийн төв, амарч зугаалах орчин бүрдүүлнэ. Гол нь аль ч нэгж байсан бүгд нэг стандартаар хөгжих ёстой. Хот томрох тусам хорооны тоо нэмэгдэж юу ч шийддэггүй эрх мэдэлгүй олон дарга нарыг халж, нэгтгэх бодлого юм. Энэ нь эргээд төвлөрлийг задалж түгжрэлийг бууруулна. Эдийн засагт ч өндөр ач холбогдолтойн дээр нийгмийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх давуу талтай. 
Бүсчилсэн хөгжлийн төвлөрлийг бууруулах хамгийн чухал алхам бол дагуул хот. Налайх, Багануур, Багахангай, Зуун мод, Хөшигийн хөндийг дагуул хот байдлаар төлөвлөх, Хархорин хотыг байгуулах ажлыг эхлэх УИХ-ын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор хот төлөвлөлт, ТЭЗҮ, дэд бүтэц боловсруулах ажил эхэлсэн байна. Хархорин бол богино биш урт хугацаандаа хэрэгжих, магадгүй 20 жилийн төсөл. 
Нийслэлийн бүсчилсэн хөгжлийн хувьд дүүрэг, нэгж дээр олон давуу тал бий болж төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна. Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар гэхэд Дамбадаржаа, Сэлбэ зэрэг дэд төвүүдэд түшиглэн тухайн бүсэд инженер, дэд бүтцийн сүлжээг хөгжүүлж, гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлж, нийгмийн байгууламжуудыг төлөвлөнө. Ингэснээр иргэн ямар нэг төрийн үйлчилгээ авах, сургууль цэцэрлэгт хүүхдээ хүргэхэд хотын төв рүү орох шаардлагагүй болох буюу түгжрэл, хэт төвлөрлийг сааруулах бодит нөхцөл болно.


-Бусад улс орны жишгийг харвал дагуул хотуудыг хэрхэн хөгжүүлж байна вэ. Төрийн дэмжлэг ямар байх вэ? 
-Дэлхийн томоохон хотууд шинээр дагуул хот, суурин бий болгох замаар тулгамдаж байгаа асуудал, хэт төвлөрлөө шийдвэрлэж байна. Хамгийн ойрын жишээ бол БНСУ-ын Сөүл хотын дагуул хот Инчён боомт, тээврийн төв хот болон хөгжсөн. Энэ хот  Солонгосын хойгийн баруун тэнгисийн төв хэсэгт байрладаг, 2.9 сая хүн амтай.  Тээврийн төв болоод удаж байна. Инчёны олон улсын нисэх онгоцны буудал, Сөүл рүү төмөр замтай холбогдсон, казино, рашаан, гольфийн талбайтай. Алдарт Инчёны загасны захтай ойрхон байдаг Yeanan Pier нь завиар аялах олон аяллын маршрутын эхлэх цэг болдог. 2003 онд уг хотыг Солонгосын анхны эдийн засгийн чөлөөт бүс болгосон. Түүнээс хойш дотоодын томоохон компаниуд болон олон улсын аж ахуйн нэгжүүд Инчёны эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулах нь улам бүр нэмэгдэж байна.


Дагуул хот байгуулснаар нэн тэргүүнд цахилгаан эрчим хүч, дулаан, цэвэр бохир, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, авто болон төмөр зам, метро гэх мэт дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Зэрэгцүүлээд эрүүл мэнд, соёл, боловсрол, амралт, аялал жуулчлал, нийтийн үйлчилгээний салбарууд зэрэг нийгмийн үйлчилгээг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлэн байгуулна. Хүний төвлөрөл бий болгох, суурьших нөхцөлийг дэмжиж байж хот өөрийн жамаар хөгжих ёстой учраас иргэдэд ажлын байр бий болгох, татвар, санхүүгийн хөнгөлөлт үзүүлэхэд анхаарах ёстой. Тухайлбал, дагуул хотын чиг үүрэг, тэргүүлэх чиглэлийн бизнесийг дэмжиж ажлын байр бий болгох, төрийн зарим үйлчилгээ, төрийн байгууллагыг дагуул хотод шилжүүлж татах хүчийг нэмэгдүүлэх, дагуул хотод ажиллаж, амьдардаг иргэдийн татварыг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний зэрэгцээ аж ахуй эрхлэх байгууллагад инженерийн дэд бүтцээр хангасан газар олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, тусгай бүс байгуулж бүсийн хөнгөлөлт олгох зэргээр ААН-д бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлж, төв хотоос илүү их боломжуудыг олгох зохицуулалт хийх шаардлагатай. Тус хотод бизнес эрхлэхэд үйл ажиллагааг хязгаарлахгүй либералчлах, хүний нөөцөөр дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч дагуул хотод бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбарчлахад анхаарна гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 55 (7299)