П.АМГАЛАН

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Түүний байр суурийг хүргэж байна. 

-Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбоотой ямар шийдвэрүүд гарсан бэ?
-Засгийн газрын хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барих асуудлыг танилцууллаа. Хуулийн төслийг өмнө нь Засгийн хуралдаанаар хэд хэдэн удаа  хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулах  үүрэг чиглэл авч байсан юм. 
Мөн УИХ-ын шийдвэр гарч Засгийн газар боловсруулж, танилцуулах үүрэг хүлээсний дагуу ажлын хэсэг гарч ажилласан. Парламентад  суудалтай улс төрийн намууд  Баялгийн сангийн хуулийн концепцээр ойлголцож, гарын үсэг зуран, хаврын чуулганд өргөн барьж батлуулах шийдвэрт хүрсэн. Ажлын хэсэг  хуралдаж Засгийн газрын хуралдаанд шийдвэрээ танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Баялгийн сан дотроо гурван сантай байх зохицуулалт хийлээ. Нэг дэх сан нь Ирээдүйн өв сан. Энэ сан нь  хууль эрхзүйн орчноор зохицуулагддаг АМНАТ-аас орж ирж буй орлогын 65 хувиар санхүүжиж хуримтлал үүсгэдэг.
Ирээдүйн өв сан нь 2030 он хүртэл хуримтлалаа үүсгэнэ. Үүнээс хойш өөрт  хуримтлагдсан хөрөнгөөр  ирээдүйд хөрөнгө оруулалт хийх томоохон бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой.
 Баялгийн сангийн хоёр дахь том сан нь Хуримтлалын нэгдсэн сан.  Энэ сангийн зохицуулалтаар  иргэн бүр  өөрийн гэсэн нэрийн данстай байхаар тусгасан. Хуримтлалын нэгдсэн сан дээр  төвлөрсөн хөрөнгийг иргэн бүр бэлэн бусаар  зарцуулах боломжтой. Бэлэн хэлбэрээр, ногдол ашиг  хэлбэрээр олгохгүй.


-Хуримтлалын нэгдсэн сангийн зарцуулалтыг иргэд хэрхэн ашиглах вэ?
-Иргэн орон сууцны хөтөлбөрт хамрагдах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахад ашиглах зэргээр нийгмийн асуудлаа шийдэж болно.
Баялгийн сангийн гурав дахь сан бол хөгжлийн сан. Орон нутгийн сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, хөгжлийн санг бүс нутгийн хөгжлийг дэмжих  бодлого хөтөлбөрийн хүрээнд  үйл ажиллагаа явуулна. Уг сангаар дамжуулан дан ганц аймаг, сумын асуудлыг хэлэлцэхээс  илүүтэй бүс нутгийн хөгжлийн бодлого, Монгол Улсын урт хугацааны бодлоготой уялдуулсан бодлогоор хэрэгжүүлж захиран зарцуулж явна.


-Парламентад суудалтай намууд Баялгийн сангийн  хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулсан.  Ажлын хэсэг ямар концепцээр дүгнэлт, үнэлгээ өгсөн бэ?
-Сар шинийн өмнө МАН, АН, ХҮН намын удирлагууд баялагийн сангийн  санамж бичиг байгуулж, улс төрийн намуудыг төлөөлөх ажлын хэсэг байгуулсан. Үүний дараа ХҮН намын зүгээс албан ёсоор саналаа бичгээр ирүүлсэн. АН ажлын хэсэгт орж ажилласан.  Тодорхой санал бодлоо солилцон  УИХ-д өргөн барьсан учраас Баялагийн сангийн хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсаны дараа  парламентад суудалтай хоёр намын бүлгийн түвшинд хэлэлцүүлнэ.
Мөн Засгийн газрын хуралдааны танилцуулга дээр  орлогын эх үүсвэрийг  өнгөрсөн оны  Монгол Улсын татварын үзүүлэлтээр авч үзлээ. Ингэхэд  2023 оны байдлаар  тогтворжуулалтын санд орон нутгийн хөгжлийг дэмжих  сангийн хуваарилалтууд хийгдсэний дараа АМНАТ-ын 65  хувь ирээдүйн өв сан дээр үлдэх нь байна.
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийн 34 хувийг  хуримтлалын нэгдсэн сан дээр төвлөрүүлнэ гэдгийг хэлсэн.  Энэ мөнгөн дүнг “Эрдэнэс Монгол” нэгдлийн санхүүгийн 2023 оны үзүүлэлтээр авч үзвэл  1.1 орчим их наяд  төгрөг энэ санд төвлөрөх боломжтой байна гэж үзэж байгаа. 
34 хувийг жишээлж авч үзвэл, өнөөдөр Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” компанийн 34 хувийг  “Эрдэнэс  Оюутолгой” компаниар  дамжуулан эзэмшдэг. Энэ 34 хувь хуримтлалын сангийн орлого болж хувирч байна гэсэн үг.  “Эрдэнэс Тавантолгой” компаниар  авч үзвэл өнөөдөр иргэдийн гар дээр  28  хувийг энгийн хувьцаа хэлбэрээр олгосон. Үлдсэн 72 хувиас төр 34 хувийнх нь ногдол  ашгийг хуримтлалын нэгдсэн орлого болгож шилжүүлнэ гэсэн.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн  ногдол ашгийн 34 хувь  нь хуримтлалын нэгдсэн сангийн  үндсэн орлого болж төвлөрөх боломжтой.  Үндсэндээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн  өөрийн болон охин компанийн 34 хувийн ногдол ашиг  хуримтлалын санг бүрдүүлэх юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 54 (7298)