Д.ЦЭРЭННАДМИД

 

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны санаачилга, Соёлын яамны дэмжлэгээр өргөн түмнийхээ өмнө дэлгэн үзүүлж буй "Улаанбаатарын гэрэл зургийн долоо хоног" нэгдсэн арга хэмжээний нээлт өчигдөр "Мишээл экспо"-гийн үзэсгэлэнгийн танхимд боллоо. 
Алаг бөмбөрийн дуу, агт морины төвөргөөнөөр эхэлсэн нэгдсэн арга хэмжээний гол цөм болсон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Соёлын яам, МГЗНХ-ны удирдах хүмүүс, үе үеийн гэрэл зурагчид оролцсон юм.


Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга хатагтай Б.Сэргэлэн хэлэхдээ:
-Бид урлаг, соёлын тэргүүлэх чиглэлүүдээр төрөлжүүлж сурталчилгааны долоо хоног зохион байгуулж байна. Үүний нэг нь хэдхэн хоногийн өмнө музейн долоо хоног байсан бол удаахь нь энэ "Улаанбаатарын гэрэл зургийн долоо хоног" болж байна. Энд дэлгэн үзүүлж буй гэрэл зургийн үзэсгэлэнгээс юуг олж харах юм бэ гэвэл улс орны хөгжлийн явц тэр дотор нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих цаг хугацааны үнэн баримттай тодорхой үйл явцыг тольдон харж болох юм. Нөгөө талаар гэрэл зураг бол бие даасан шинжлэх ухааны нэг төрөл болтлоо хөгжиж байна гэдгийг харуулж чадаж байгаа. Гэрэл зургийн долоо хоног үзэсгэлэнгийн хугацаанд үе үеийн гэрэл зургачдын чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг болж залуучууд нь ахмадуудаасаа, ахмадууд нь залуучуудаасаа суралцах олон төрлийн ажил багтах юм гэлээ.


Тэгвэл МГЗНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Л.Элбэгзаяа гэрэл зургийн үзэсгэлэнгийнхээ агуулга, зохион байгуулалтын талаар тайлбарлахдаа:
-"Гэрэл зургийн долоо хоног" гэдэг энэ нэгдсэн том арга хэмжээг бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан бол хоёр дахийг нь энэ удаа маш шахуу хугацаанд амжуулан нээж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг их өргөн хүрээнд, томоохон утга агуулгатай болгохыг зорьсон. 2024 оныг Засгийн газраас "Аялал жуулчлалын жил болгон зарласантай уялдуулж өмнөх үзэсгэлэнгээс ялгаатай нь гэвэл олон улсын чанартай арга хэмжээ болгож байна. Энэхүү үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын явцад төв, хөдөөгийн болон гадаад орны гэрэл зурагчид 100 гаруй хүний 3000-аад бүтээлээс шилж сонгон 600 гаруйг нь энд дэлгэн үзүүллээ.
Тэгэхдээ тодорхой бүлэгт хуваасан бий. Тухайлбал, МГЗНХ-ны дэргэд байгуулагдсан "Пресс клуб"-ын гишүүн уран бүтээлчдийн 180 гэрэл зурагтай хэсэг энэ үзэсгэлэнгийн гол цөм нь.
Тэгвэл дараагийн хэсэг нь залуу гэрэл зурагчдын чөлөөт бүтээлүүд байна. Хойд талын нэг томоохон бүлэг бол гадаадын зурагчдын ирүүлсэн зургууд байгаа. Энэ нь манай энэ гэрэл зургийн долоо хоногийн арга хэмжээ цаашид олон улсын хэмжээнд хүрч ажиллахын эхлэл гэж ойлгож болно гэсэн юм. 


Энэ удаагийн "Гэрэл зургийн долоо хоног" үзэсгэлэнд Япон, Израиль, Австралийн гэрэл зурагчдын нэг багц ойлголтыг шингээсэн бүтээлүүд дэлгэгджээ. Тэр дотор Австралийн гэрэл зурагчин Жерри Галее гэдэг хүний бүтээл гойд олны анхааралд өртөж байлаа. Тэр хүн анх 2000-аад оны эхээр ирэхдээ зөвхөн монгол хүмүүсийн хөрөг зураг авсан бол 2014 онд дахин ирэхдээ нүүдэлчин Монголд хотжих үйл явц хурдтай өрнөж буйг харуулсан зургуудаа авчээ. 
Эндээс нэг сонирхол татаж байгаа зүйл нь тэрхүү хотжих явц тун замбараа муутай өрнөж байгааг харуулсан байгаа юм. Мөн "Пресс клуб"-ын гэрэл зурагчдын бүтээлээс өнгөрсөн нийгмээс зах зээлийн нийгэмд шилжих үеийн сонирхолтой баримт өгүүлсэн зургуудыг онцолж болно. Тухайлбал, 1990 оны цагаан морин жилийн үйл явц бас улс орон зах зээлд шилжх үеийн ард түмний амьдралын элдэв дүр зураг гэрэл зурагчдын дуран авайд буусан нь саяхны мэт атлаа түүх өгүүлж байна л даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7297)