Н.Жаргалмаа

Монгол Улсын нийт хүн амын 70 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Нийгмийн хүрээнд залуучуудыг улс төрийн оролцоо бага, идэвх муутай хэмээн шүүмжлэх тохиолдол цөөнгүй. Энэ тухай асуудлаар иргэн Б.Өлзийбат мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Д парламентаар дамжуулан иргэд хуулийн төсөл санаачлан, цаашлаад УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдсэн. Одоогийн байдлаар 600 мянга гаруй залуус үндсэн дөрвөн хуулийн төсөл дээр санал нэгдэж чадсан байна. Үүнд НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгон нэмэгдүүлэх, НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувь бууруулах, цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэх, гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох юм. Дээрх саналууд хэдийн УИХ-аар хэлэлцэх хэмжээний санал авсан ч одоо хүртэл өргөн бариагүй байгаа юм. Энэ бол шийдвэр гаргах түвшинд залуучуудын эзлэх хувь бага байгаатай холбоотой. Одоогоор парламентад 39-өөс доош насны хоёр л гишүүн бий. Шийдвэр гаргах түвшний залуучуудын оролцоо нэмэгдсэнээр инновац, шинэ хөгжил дэвшил гарах болно. 2024 оны УИХ-ын сонгууль бол анхны 126 гишүүнтэй парламент бүрдэх сонгууль юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад залуучууд улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байна. Бид ч мөн адил улс төрөөс зугтаах биш оролцох цаг нь болсон” гэлээ. 

Эх сурвалж: www.zms.mn