Түмэнжаргалын ИЧИНХОРЛОО
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн захирал Д.Асралтыг урилаа.
-Бизнесийн салбарын өсөлт улсын хөгжилд жин дарах нөлөө үзүүлнэ гэдэг. Тэгвэл бизнесийн салбарын хөгжилд хамгийн чухал нь юу вэ?
-Гадаадын орнууд яаж хөгжсөн бэ. Бид хаана байгаа вэ. Яагаад хөгжихгүй байгаа вэ. Бид нарт боломж бий юу гэдэгт хариулах хэрэгтэй. Америкийн том хөрөнгө оруулагч Ред Алиогийн ажилдаа хэрэглэдэг арга барил нь түүхийн судалгаа. Тэрээр сүүлийн таван зуун жилд дэлхий яг яаж өөрчлөгдсөн, технологи, худалдаа наймаа, газар нутаг гэх мэт бүх зүйлийг судалдаг. Ингэхдээ улс орнууд хэрхэн хөгжсөнийг харуулсан. Хөгжлийн явцад ололт амжилт ч бий, уналт бий. Хамгийн гол нь тэд боловсролд түлхүү анхаарч эхлэхээр бүтээмж, чадавх нэмэгдэхийн зэрэгцээ эдийн засаг, нийгмийн үзүүлэлт өсдөг.
Мэдээж тодорхой үед тогтворжин оргил цэгтээ хүрэх хэдий ч үе солигдох мөч уналтын шалтгаан болдог. Энэ үед боловсролын салбар ч дагаж унадаг байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжил боловсролоос шууд хамаарч байгаа нь түүний хийсэн судалгааны дүнгээс харагддаг. Жишээлбэл, Хятад улс боловсролыг маш сайн дэмжсэн. Хятадын иргэн дэлхийн хэмжээний судалгаа, боловсролыг олох ёстой гэдэг бодлого баримталж ажилласнаар технологийн салбарт Америк, Германтай өрсөлдөхүйц болсон гэж боддог.
Тэгэхээр Монгол Улс боловсролд хөрөнгө оруулахгүйгээр хөгжих боломжгүй. Тэр ч бүү хэл бизнесийн боловсролыг орхигдуулж болохгүй гэж хэлмээр байна. Бизнесийн боловсрол гэдэг олон зуун жил тогтсон ойлголт. Гэхдээ суралцах нь маш чухал. Учир нь эдийн засагт жин дарах нөлөө үзүүлдэг бизнесийн салбарыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
-Ажлын байрыг нэмэгдүүлэх хөшүүрэг нь бизнесийн боловсрол гэж ойлгож болох уу?
-Томоохон компаниуд өөрийн зардлаар боловсон хүчнээ бэлтгээд авчихдаг байх. Харин бид Засгийн газраас боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хүрээнд 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулах юм. Ингэхдээ жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэж ажиллахаар төлөвлөсөн.
Учир нь сургалтад хамрагдсан залуус ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн болоод үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломжтой болно. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэгчид ажлын байрыг нэмэгдүүлдэг олон улсын жишиг бий. Тухайлбал, Америкт ажлын байрны 86 хувийг бичил болон жижиг, дунд үйлдвэрийнхэн бүрдүүлдэг. Солонгост 99 хувь нь жижиг дунд бизнес байдаг бөгөөд тэд нийт ажлын байрны 86.4 хувийг бүрдүүлдэг гэсэн судалгаа бий. Харин Монголд нийт ажлын байрны 70-80 хувийг бүрдүүлж байна.
Тэгэхээр асар их ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд салбарыг тоохгүй өнгөрч болохгүй юм. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн боловсролыг олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр нийгэм, эдийн засагт өсөлт гарна гэдэг. Үүнд бизнесийн боловсрол чухал нөлөө үзүүлнэ гэж тооцоолоогүй гэж бодохгүй байна л даа?
-Мэдээж улсын хөгжил дан ганц боловсролоос шалтгаалахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол зөвхөн анхаарах асуудлын нэг нь. Боловсролын дараагаар технологийн салбар орж ирнэ. Бид Монгол хүний хэрэгцээ гэхээс илүү дэлхийн хэрэгцээ гэж ярих ёстой байх. Хамгийн ойроор авч үзэхэд л урд хилд оршиж байгаа хэрэглэгчийн хэрэгцээг яаж хангах вэ. Жишээлбэл, урд хөршид хэдэн сая тонн мах хэрэглэж байна. Энэ хэрэгцээг хангахад Монгол Улс 70 сая толгой малаа хэрхэн эргэлтэд оруулах вэ гэдэг чухал.
Нөгөөтээгүүр, “А” газраас 500 төгрөгөөр худалдаж авсан бүтээгдэхүүнийг “Б” газарт 1000 төгрөгөөр борлуулахыг бизнес гэж яриад байгаа юм. Үүнийг бизнес гэх үү гэдгээ зөв тодорхойлох учиртай. Үнэн хэрэгтээ энэ бол арилжаа юм шүү дээ. Гэтэл нөгөө талдаа бизнес гэдэг ажлын байрыг нэмэгдүүлж, олон хүнд хүрч, үнэ цэнийг бүтээж, шинэ технологи нэвтрүүлдэг байх ёстой. Энэ чинь өөрөө урт хугацаандаа нийгэмдээ маш олон зүйлийг үлдээдэг.
-Тэгэхээр залуусыг бизнесийн боловсролын сургалтад хамрууллаа. Гэхдээ сургалтын үр дүн манай улсын зах зээлээс хамаарах тал бий юу?
-Бид энэ хөтөлбөрийг залуустаа тэгш хүртээмжтэйгээр хүргэх нь чухал. Ингээд идэвх, санаачилгатай 1000 залууг гадны туршлага судлах сургалтад хамруулна. Эндээс 100 нь бизнесээ эхлүүлэхэд бэлэн, хөрөнгө оруулалт татах боломжтой болох учиртай. Бизнесийнхэнд зөвлөн, туслах үйлчилгээ дутмаг байдаг. Тиймээс бизнесээ амжилттай авч явах боломжийн талаар зөвлөгөө өгнө. Тэгэхээр хэмжигдэж байгаа үр дүн нь сургалтаас бидний тооцоолсноос давж болно шүү дээ. Мөн дам нөлөө сайн байдаг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх талуудад ашигтай гэж хэлмээр байна. Нөгөөтээгүүр бизнесийн боловсролыг олж авснаар ямар ч бизнесийн байгууллагад үр бүтээлтэй ажилладаг шилдэг, сайн ажилтан байх боломжтой. Энэ бас нэг үр дүн.
-Бизнесийн боловсрол чухал юм байна. Тэгвэл бизнесийн орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд та бүхний оролцоо ямар түвшинд байх вэ?
-Монголын бизнесийн орчныг 1990 оноос хойшх хугацаагаар илэрхийлнэ гэвэл, одоо үе эхэлж байна. Өөрөөр хэлбэл, “Бизнес 1:0” үед 1990-2000 оныг хамруулах болов уу. Энэ үед хүн бүр ганзагын наймаа эрхэлдэг байсан. Харин 2000-2010 оныг “Бизнес 2:0” үед аж ахуйн нэгж байгуулах давалгаа эхэлсэн гэхэд буруудахгүй байх. Харин “Бизнес 3:0” үе 2010-2020 онд эхэлсэн байж болно. Энэ хугацаанд хөрөнгө оруулагч гарч ирсэн. Экспорт, импорт хөгжиж эхэлсэн. Тэгвэл “Бизнес 4:0” үед огт өөр зүйл ярьж байна. Монгол Улс эгзэгтэй үеийг туулж буй энэ үед 4:0 үеийг эхлүүлье гэж байгаа юм. Энэ бол гарааны бизнесийг дэмжих. Залууст боломж олгох ёстой гэж харсан. Тиймээс энэ үеийн онцлог нь экспортын баримжаатай байх ёстой. Түрүүн хэлсэнчлэн дэлхийн хэрэглэгчийн хэрэгцээ гэж ярихаас биш Монголын хэрэглэгчийн хэрэгцээг хангах асуудал биш гэсэн үг. Өөрөөр хэлбэл, валют олж ирэх бизнес эрхлэхэд анхаарах хэрэгтэй. Мэдээж дотоодын зах зээлийн хангагдаагүй хэрэгцээг хангах шаардлага бий. Тухайлбал, өндөгний хэрэглээний 30-40 хувь нь импортоор орж ирдэг.
Бид уул уурхайгаас дэндүү хамааралтай байна. Тиймээс аялал жуулчлал, хөдөө аж ахуй, энтэртайнмент технологийн салбарыг эргэлтэд оруулж экспортлох боломжтой. Үүнд залуучууд, хөрөнгө оруулагчид, судлаачид, шинжлэх ухааны байгууллагуудыг сайн оролцуулах хэрэгтэй. Зах зээлээ мэдэрч, бүтээгдэхүүнээ хөгжүүлж, шинэ санаа гаргаж байгаа нь хожно. Нокиа утас хэрэглээнээс гараад Iphone орж ирсэнтэй адил бизнес хийж байгаа залуус хийж эхэлсэн бизнесээ 10 жилийн баталгаатай гэж бодож болохгүй. Хэрэглэгчид хурдтай өөрчлөгдөж байна. Өнөөдрийн мэдсэн мэдлэг чинь маргааш хоцрогдож болох талтай. Тиймээс тасралтгүй хөгжиж, сурч, ажиглалт судалгаа хийх ёстой.
-Энэ хөтөлбөрийг танай байгууллага дангаараа хэрэгжүүлэх үү?
-Энэ хөтөлбөрийн тухайд танхимын хувьд байнгын нөлөөлөх, өмгөөлөх, чиглүүлэх үйлчилгээг үзүүлнэ. Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Жижиг дунд үйлдвэрлэлийн газартай хамтарч ажиллана. Тэгж байж үр дүн гарна гэж харж байгаа.
Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын бодлого бол нөлөөлөх, өмгөөлөх, чөлөөлөх. Энэ бодлого Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр, тогтоолууд, УИХ-аас баталсан хууль бизнес эрхэлхэд таатай орчин бүрдүүлж байна уу гэдэгт анхаарал хандуулдаг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 52 (7296)