"Үндэсний мэдээллийн төв"-д

Б.НЯМСҮРЭН

Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхан “Допингийн эсрэг байгууллагад үүсээд байгаа нөхцөл байдал” сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Н.Цогтсайхан “Допингийн эсрэг төв 2007 онд байгуулагдсан. Тухайн үед найман үүсгэн байгуулагчтай байсны нэг нь миний бие байв. 2017 оны хоёрдугаар сарын 1-нд энэ байгууллагын нэр болон үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг солихдоо миний бие болон өөр нэг гишүүний гарын үсгийг хуурамчаар зурсан гэх шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн АТГ-ын шалгалт болон улсын бүртгэлийн хяналтын байцаагчийн дүгнэлт бий. Үүний дагуу 2017 оноос хойших бүх бүртгэлийг хүчингүй болох шийдвэр гарсан байдаг. Энэ нь засгийн эрхийг хууль бусаар авахтай  ижил гэмт хэрэг. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл буюу хууль бус захиргааны актыг хүчингүй болгох гэсэн заалтын 48.2.4 зүйлд захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэж заасан байна.  Түүнчлэн улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйл буюу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхийн хүрээнд 17.1.6-т улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйл буюу улсын бүртгэлд хяналт тавих гэсэн зүйлийн 18.7.1 заалтад улсын хяналтын байцаагч нь дүрэм зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, бүртгэлд өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх хүчингүй болгох үүрэгтэй. Энэ хүрээнд хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн шийдвэр гэж ойлгож байна. АТГ болон улсын бүртгэлийн газар хуулийн дагуу зохих ёсоор шударга ажиллажээ. Тиймээс улсын бүртгэлийн шийдвэрээр 2007 онд байгуулагдсан Допингийн эсрэг төвийн нэр, бүрэлдэхүүн хүчинтэй. Дээрх шийдвэртэй холбоотойгоор хуучин бүрэлдэхүүн хурлаа хийсэн. Гэвч гуравдугаар сарын 6-нд улсын бүртгэлийн газраас гаргасан маргаан шийдэгдтэл шинэ бүртгэл хийхийг түр хориг тавигдсан ч бүртгүүлж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Дээрх шийдвэрт МОНАДА гомдол гаргасан. Агуулга нь гэвэл гаргасан шийдвэр нь хууль бус. Ингэхдээ Монгол Улс олимпод цагаан туг доор орно шүү гэжээ. Гомдолдоо манай улсыг дурдаагүй бол цагаан туган дор жагсана гэсэн агуулгатай нийтлэл нь үндэслэлгүй. Тиймээс цаашид дэлхийн допингийн эсрэг дүрмийн 22.7-т Засгийн газар, үндэсний допингийн эсрэг байгууллага байгуулах чиглэлээр үндэсний олимпийн хороотой хамтран ажиллана гэсэн заалт бий. Допингийн эсрэг дүрэмд зааснаар үндэсний хэмжээнд допингийн эсрэг үйл  ажиллагааг гүйцэтгүүлэх хуулийн этгээдийг байгуулах, итгэмжлэл олгох, олон улсад мэдээлэх зэрэг нь олимпийн хороо паралимпын эрх. Мөн дэлхийн допингийн агентлагаас баталсан “Үндэсний допингийн эсрэг байгууллагуудын үйл ажиллагааны бие даасан болон хараат бус байдлын удирдамж” гэсэн бичиг баримт бий. Үүнд заасны дагуу Үндэсний олимпийн хороо, паралимпийн хороод засагтайгаа хамтраад энэ дүрмийн дагуу шинэчлэх ёстой. Эдгээр байгууллага хамтарч зөв бүтэцтэй байгууллага байгуулж, тамирчны эрхийг эдлүүлэх, хохироохгүй байх ажлыг хийх ёстой. Энэ тухай сайдын ажлын алба, биеийн тамир, спортын улсын хороо, үндэсний олимпийн хороо үндэсний паралимпийн хороонд хамтарсан уулзалт хийх хүсэлт гаргасан” гэв

 Эх сурвалж: www.zms.mn