С.СҮЛД

Бүсчилсэн хөгжил гэхээр танд юу санагдаж байна. Сонгууль бүрээр гаргаад ирдэг “атганд нуусан чихэр үү”, эсвэл 20 жилийн өмнө тунхаглаад хэн нэгэн даргын сейфэнд хэвтэх лоозон уу, бүр эсвэл хотын иргэдийн дургүйг хүргэх улиглаж ужгирсан хэрүүлийн сэдэв үү. Чухам аль нь ч байсан гэлээ бүсчилж хөгжих тухай ойлголт нэн тэргүүний сэдэв болоод байна. Анх УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоол гарч, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж байв. Тэртээ 1938 оноос төлөвлөлт гээч зүйлийг тусгаж ирсэн манай хот сүүлийн 30 жилд бодолд орж, мөнгөнд багтсан зургийг хөрсөн дээр зурсаар өнөө хэр нь бидний маргааны гол сэдэв болоод байна. Энэ жилийг Засгийн газраас бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгосон нь ч энэ сэдэв чухам яагаад чухал болохыг, дээрээс нь “Улаанбаатар бүсчилсэн хөгжил” форум болж байгаа нь ч бэлхнээ харуулна. 
Улаанбаатар хот өдгөө Монгол Улсын нийт хүн амын 49% буюу 1 сая 730 мянган иргэн аж төрдөг их айл. Тэр ч утгаараа бид улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь буюу 43.3 их наяд төгрөгийг хамтдаа үйлдвэрлэдэг. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн орлогын 13 хувь буюу 2.1 наяд төгрөгийг бүрдүүлдэг гээд бид чамлахааргүй хөдөлмөрлөж байгаа. Гэсэн хэдий ч манай хотод хөдөлмөрийн насны 1.046.298 иргэн байгаагийн 51.4 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь нэг талдаа ажлын байр хомс, хөдөлмөрийн үнэлэмж тааруу зэрэг сөрөг зүйл рүү хөтөлнө. 
Эдгээрийг өөрчлөхийн тулд Улаанбаатар хот засаг захиргааны шинэчлэл хийн, 42 нэгж байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хот төвийн 6, захын 3 дүүрэг, нийт 200 гаруй хороогоор дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа. Өнөөдөр нэг хороонд дунджаар 14 албан хаагч ажиллаж, өдөрт дунджаар 15-25 иргэнд 15 төрлийн төрийн үйлчилгээ үзүүлдэг гэжээ. Харин дээрх дүүрэг, хорооны тогтолцоог өөрчилж, 42 нэгжид шилжүүлснээр иргэдэд ээлтэй “20 минутын хот”-ыг цогцлоохоор төлөвлөж.  
“20 минутын хот” гэдэг ойлголтын тухайд хотын иргэн хаана оршин сууж байгаагаасаа хамаараад гэрээсээ гараад 20 минут алхах зайд өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээгээ төвөггүй авах боломжтой хот төлөвлөлт гэж энгийнээр ойлгож болох юм байна. Хүн 5 минутад дунджаар 400 метр зам туулдаг. Тэгвэл уг зайнд эмийн сан, хүүхдийн тоглоомын талбай, төрйин үйлчилгээний цахим төв, бичил цэцэрлэгт хүрээлэн байх ёстой гэжээ. 

Харин 10 минутад цэцэрлэг, бага сургууль, шүдний эмнэлэг, спорт талбай, банкны үйлчилгээ зэргийг төлөвлөх ёстой байх нь. 15 минутын зай буюу 1.2 км радиуст үзвэр үйлчилгээ, ерөнхий боловсролын сургууль, худалдааны төвүүд байрших нь зохист хэмжээ гэж үзнэ. Төлөвлөлтийн хамгийн хол зай буюу 20 минутын зайд ажлын байр, цагдаагийн хэсэг, эмнэлэг байхаар төлөвлөж чадвал зохист хэмжээ болох учиртай аж. 
Үүний тулд хороо, дүүрэгт ажиллаж буй төрийн албан хаагчдыг цөөлж, 400 метр тутамд шинээр 231 ширхэг төрийн үйлчилгээний хурдан үйлчилгээний төвийг төлөвлөх юм байх. Уг системээс иргэд нийт 440 төрлийн төрийн үйлчилгээ авах боломжтой тул хүртээмжтэй байдал үлэмж нэмэгдэнэ гэж сурталдаж байгаа.
Уг шинэчлэлийг хийснээр Улаанбаатар хотын эрх мэдэл, төсөв хөрөнгөгүй 200 гаруй хороог халж, үндсэн 42 нэгж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэнэ. Ингэснээр эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч, 40-50 мянган иргэн тутамд хүрч үйлчлэх боломж бүрдэнэ гэдгийг “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлнэ лээ. 

 

ДЭД БҮТЭЦ-ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААН ХАНГАМЖ

Улаанбаатарчуудын төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжийг дулааны II, III, IV болон сүүлд нэмэгдсэн Амгалан дулааны станц чадан ядан хангаж байгаа. Тус станцууд нийт 14 мянга орчим барилга байшинг дулааны эрчим хүчээр хангадаг гэсэн тоо бий. Харин бидний яг одоогийн нөхцөл байдал бодит хүчин чадлаасаа 60 хувиар давсан хэрэглээтэй өдөр хоногийг аргацааж байгаа гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа. Тэгвэл нөгөө талд Улаанбаатар хотод жилд дунджаар 221-244 МВт-ийн хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөн нэмэгддэг гэсэн судалгаа бий.
Бид байгаа хүчин чадлаасаа илүү гарсан хэрэглээгээ хангахын тулд ОХУ-аас жилдээ 150 сая ам.долларын импортын эрчим хүч авч хэрэглэдэг. 2023-2024 оны өвлийн их ачааллын үед цахилгаан станцуудын эрчим хүчний нийлүүлэлт, хэрэглэгчдийн цахилгаан ачааллаас хамааран нэгдсэн сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор давхардсан тоогоор 2 сая орчим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг 3141МВт-аар хязгаарласан гэжээ. Энэ бол яалтчгүй бүсээ тултал чангалсан явдал. Үүнийг ч салбарын сайд нь “аргалнадаа” гэдэг үгээр бататгасан. 
Түүчнлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан сувгийн шугам хоолойн 24-67% нь ашиглалтын хугацаа дууссан гэдэг үг бидэнд нэгийг бодогдуулна. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Улаанбаатар хот цаашид инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй байдалд хүрсэн. Цаашид 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328МВт хүрэх тооцоолол гарсан. Уг тооцооллоор бид 1848МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орно. Энэ нь хотын нийт хэрэглээний 55%-ийн эх үүсвэрийн чадлын дутагдалд орж, нийслэлчүүдийн тал хувь нь цахилгааны хараат байдалд орно гэсэн үг.
Төр засгаас танилцуулж байгаагаар бол энэ онд 12 байршилд нийт 2500МВт хүчин чадалтай дулааны эх үүсвэр, 3 байршилд 900МВт хүчин чадалтай дулааны эх үүсвэр барихаар ТЭЗҮ боловсруулжээ. Түүнчлэн 2028 онд Багахангайн цаахантай бүтээн байгуулалт нь өрнөж буй Бөөрөлжүүтийн 300МВт-ын цахилгааны станц, Багануурын 400МВт-ын цахилгаан станц зэргийг ашиглалтад оруулчихвал бас ч гэж учиртай. Гэхдээ ямар нэг монгол ялна, хятадуудаар станц бариулахгүй гэдэг монгол хүчингүйгээр шүү. Эдгээр том төсөл хөтөлбөр болон дэд өртөө, шугам сүлжээний бүтээн байгуулалтад 6.6 их наяд төгрөг шаардлагатай. 
Бас нэг шинэ тутам мэдээ байгаа нь 2028 оноос сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийт 8 байршилд төлөвлөжээ. Тодруулбал 75МВт-ийн усан цэнэгт нөөцлүүр, 100МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц 3 байршилд, 150МВт хүчин чадалтай цахилгаан нөөцлүүр 1 байршилд байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ бүхэн цаасан дээрээ үлдчихгүй бол Улаанбаатар хот нэжгээд орон сууц хэдэн шилэн барилгаар бүл нэмэхэд эрчим хүчний хувьд гуйдаахааргүй болох бололтой.

 

ОРОН СУУЦЖУУЛАХ БОДЛОГО, НИЙГМИЙН СУУРЬ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ

Нийслэлчүүд бидэнд түгжрэл, агаар, хөрсний бохирдол зэрэг хэдхэн том асуудал бий. Хэрвээ гэр хорооллоо зөв төлөвлөлтөөр, түргэн хугацаанд орон сууцжуулж чадвал энэ том зовлонгууд нимгэрэх учиртай. Гол нь зөв төлөвлөх. Үүний тулд эхлээд дээр дурдсан инженерийн байгууламжуудаа өргөтгөж, шинэчлэх ёстой. Хужирбулан, Улиастай, Амгалан, Шар хад, Монел, Дарь-Эх, Дамбадаржаа, Чингэлтэй, Хайлааст, Баянхошуу, Толгойт, Их наран гээд зүүнээс баруун хүртэл нэрлэж бичихэд гэр хорооллын суурьшлын бүсийн нэршил ч тэр газар нутгийнх нь хэмжээ ч тэр уул толгод даваад дэндүү хол явна. 
Улаанбаатарчууд бид 1 сая 730 мянгуулаа. Бидний 841 мянга нь орон сууцанд амьдардаг бол үлдсэн 797 мянга нь гэр хороололд аж төрж байна. Тодруулбал өнөөдөр Улаанбаатар хотын газар нутгийн 60 орчим хувийг гэр хороолол эзэлдэг. Мэдээж орон нутгаас ирэх нүүдэл тасрахгүй учир энэ хувь тасралтгүй бас төлөвлөлтгүйгээр тэлсээр байгаа. Үүнээс 23.9 хувийг төвлөрсөн инженерийн дэд бүтцийн хангамжид ойр төвийн бүсийн гэр хороолол, 28.8 хувийг төвлөрсөн дэд бүтцийн хангамжаас зайтай, хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн хангамжид холбогдох боломжтой дундын бүсийн гэр хороолол эзэлж байна.  Үлдсэн 50 гаруй хувь нь хотын төвөөс алслагдсан төвлөрсөн дэд бүтцэд холбох боломжгүй, уулын ам, зуслангийн бүс гэх мэт байршилд амьдарч байгаа гэр хорооллын айл өрх эзэлж байна.
Яг эндээс бидний асуудал эхэлнэ. Нийслэлийн удирдлагын баг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 12-р сарын 7-нд батлуулж, дээрх асуудлуудыг цэгцлэх эрх зүйн боломжоо нээсэн гэж хэвлэлээр ярьж байгаа. Цаасан дээр бол тийм байх. Гэвч бодит байдал дээр хүндхэн сорилт хотын багийн өмнө бий. Тэд Улаанбаатар хотын гэр хорооллыг зургаан дэд төвд түшиглэн орон сууцжуулна. Ингэхдээ нэгдсэн төлөвлөлттэйгөөр хийх бөгөөд дахин төлөвлөлттэй холбоотой өмнөх алдааг давтахгүй гэж тунхаглаж байгаа. 
Гэр хорооллыг орон сууцжуулах тулгуур буюу дэд төвүүдийн тухайд Баянхошуу болон Сэлбэ дэд төвд инженерийн шугам сүлжээ бэлэн болсон гэжээ. Тухайлбал Сэлбэ дэд төв буюу Чингэлтэй орчимд авто зам, дулаан хамгамжийн сүлжээ, усан хангамж, ариутгах татуурга, үерийн далан суваг, дулааны станц зэргийг шийджээ. Тухайн бүсэд амьдарч буй 2003 айл өрхтэй харилцан тохиролцож, 158 га талбайг чөлөөлөн, 12 мянган айлын нам давхрын орон сууц барих гэнэ. Эдгээр орон сууцыг барихдаа хотын төвийн бетонон ширэнгэ хорооллуудын алдааг давтахгүй 40 хувь нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, 60 хувь нь барилгажих талбай байхаар төлөвлөсөн тухай хотын дарга Х.Нямбаатар төслийнхөө танилцуулгад дурдсан байдаг. 
Мэдээж шинээр суурьшил үүсгэж байгаа учраас тухайн бүсэд худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэргийг байгуулж таарна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас үүдэн 90 мянга орчим хүүхэд гэрээсээ хол байрлах сургууль, цэцэрлэгийг зорьдог гэсэн судалгаа бий. Энэ бол түгжрэлийн нэг том шалтгаан. Тиймээс Сэлбэ дэд төвд 10 сургууль, 27 цэцэрлэг байхаар төлөвлөжээ. 
Ташрамд дурдахад Сэлбэ дэд төвд баригдах 12 мянган айлын орон сууцанд ойролцоох Дэнжийн 1000, Ногоон нуур, Дарь эх орчмын суурьшлын бүсийн айлуудын газрыг орон сууцаар солих боломж юм байна. Дэд төвүүдийг түшиглэсэн эдгээр бүтээн байгуулалтыг хийснээр 2040 он гэхэд агаарын бохирдлыг 22 хувиар, замын түгжрэлийг 36 хувиар бууруулах тооцоолол бий гэдгийг нийслэлийн судалгааны байгууллага дурджээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 48 (7292)