Б.Алтангэрэл
“Малчдын зээлийг тэглэх тухай” Монголын малчдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ.
Монголын малчдын нэгдсэн холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн “Нэг малчин дунджаар 5-30 сая төгрөгийн зээлтэй байдаг. Ингэхдээ зээлийн эрсдэлийн даатгал, индексжүүлсэн даатгал гэсэн хоёр даатгал төлдөг. Өөрөөр хэлбэл одоогийн нөхцөлд зээлийн эрсдэлийн даатгалыг төлүүлэх боломжтой ба бид уг ажлыг хэрэгжүүлэхээр эхлүүлсэн. Барьцаалсан мал сүрэг зудад нэрвэгдсэн тул банктайгаа хамтарч ажиллах боломж байна. Цаашлаад зарим нь үндэсний давхар даатгал, олон улсын скор даатгалд хамрагддаг.
Тиймээс зээлтэй малчид эрсдэлийн даатгалаараа төлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид, төр засаг, арилжааны банкнаас ч биш эрсдэлийн даатгалаасаа малчид мөнгө авах боломжтой” гэв.
Өвөрхангай аймгийн Уянга сумын малчин Г.Гэрэл “Зээлийг хойшлуулсан боловч малгүй болсон малчид нэгэнт амьжиргааны эх үүсвэргүй болсон тул хойшлуулах биш зээлийг тэглэх боломжтой эсэх талаарх хүсэлт бидэнд байна. Мөн Иргэний тухай хуулийн 222.2-т зааснаар зээл төлөлтийн хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Үүнийг Дээд шүүхийн тайлбарт "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлс, байгалийн гамшгийг хэлнэ" гэсэн. Тиймээс зээлтэй малчид өөрсдөөс шалтгаалахгүйгээр зээлээ төлөх боломжгүй болсон. Малчид маань сэтгэл санаагаар унасан, тун хэцүү байна. Тиймээс төр засаг маань малжуулах ажлыг цаг алдалгүй авах хэрэгтэй байна. Мөн зээл тэглэх ямар арга чарга, боломж бололцоо юу байна түүнийгээ хэрэглэнэ үү хэмээн гуйж байна" гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn