Н.Жаргалмаа
ИЗНН-ын тэргүүн Б.Батбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намуудыг эвлэлдэн нэгдье хэмээн уриалсан билээ. Тэрбээр МАН, АН-аас бусад улс төрийн 35 намын тэргүүнд хүсэлтээ биечлэн хүргүүлсэн байна. Түүний энэ саналыг хүлээж авсан намын тэргүүнүүд өнгөрсөн сарын 21-нд дугуй ширээний уулзалт зохион байгуулжээ. Тэгвэл ИЗНН-ын тэргүүн Б.Батбаатарын хувьд энэ удаагийн хэвлэлийн хурлаар сонгуулийн шинэ хуулийн заалтууд нь намуудыг эвлэлдэн нэгдэхэд саад болж байна гэсэн юм. Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэг нам дангаараа сонгуульд оролцвол сонгогчдын дөрвөн хувийн санал авч УИХ-д суудалтай болно. Харин хоёр нам нэгдвэл таван хувийн санал авна. Мөн цаашлаад сонгуулийн дараа эвсэл, нэгдэл тарвал гишүүний суудлыг нь хураахаар тусгажээ. Өнөөдөр эрх баригч, хууль тогтоогчид өөрсдөдөө давуу байдал үүсгэсэн. Гэвч бид бууж өгөхгүй хэмээн Б.Батбаатар хэлсэн юм. Түүний дэвшүүлээд буй дээрх санаачилгын дагуу намууд эвлэлдэн нэгдэх эсэх талаар эцсийн хариуг энэ сарын 18-нд мэдэгдэнэ гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn