Б.Алтангэрэл
БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран "Бүргэдийн баяр-2024" өнгөрсөн амралтын өдрүүдэд "Чингис Хааны Хүрээ" цогцолборт зохион байгуулагдлаа.
Бүргэдийн баярыг тэмцээнд оролцож буй бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулган, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирэн эхлүүллээ. Тэд уламжлалт зан заншлыг хадгалсан дээл хувцастай орж ирсэн бөгөөд үндэсний хамгийн сайхан хувцас, морь, бүргэдийн тоноглол зэргийг харгалзан шилдэг 21 бүргэдчинийг алдаршуулсан юм.
Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээ билээ. Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг. Бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөв. Түүнчлэн морьт харваа, анч нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа, бусад үйлчилгээг дэлгэсэн байлаа.
Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Монгол орон түүх соёл, өв уламжлал арвинтай, олон ястны өлгий нутаг билээ. Бүргэдийн баяр нийслэлчүүд болон жуулчдын хүсэн хүлээж, зорин ирдэг нэгэн том баяр болсон байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ үйл ажиллагааг нийслэлийн зүгээс үргэлж дэмжиж, манлайлан оролцдог. Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн тэртээгээс хадгалагдан ирсэн бүргэдээр ан хийх соёлыг өвлөн тээж, хойч үедээ уламжлуулж буй үндэстэн бол монголчууд бид юм” хэмээв.
Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд тус наадам илүү өргөн дэлгэр болж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчид ихээр ирж буйгаараа онцлог болж байгааг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх онцлов.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 46 (7290)