Н.Жаргалмаа

Улс төрийн намын тухай хууль, түүнд заасан жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн заалтуудын талаар Иргэдийн оролцооны нэгдэл намын гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийлээ. Тус намын дарга Ц.Оюунгэрэл “Юуны өмнө эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Улс төрийн намын тухай хуулийн 27.7 дахь заалтаар сонгуульд нэгээс дээш хувийн санал авсан нам 30 хувиас дээш тооны эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлсэн бол илүү тоогоор дэвшсэн эмэгтэй улстөрчдийн тоонд нэг удаагийн төрийн санхүүжилт олгоно гэж заасан. Үүнийг тооцоолоод үзвэл дээрх шаардлагыг хангасан намд 16.6 сая төгрөг болж байна. Энэ бол татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа болж болзошгүй гэж харж байна. Харин үүний оронд улс төрийн нас дотоод дүрэм, бодлогоороо жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангах боломжтой. Тодруулбал, манай намын анхан шатны удирдлагын 68.2, намын дарга нарын 61.8 хувь нь эмэгтэй байна. Бид намынхаа бодлогод үндсэн хуулиар олгосон хүн бүрийн эрхийг хамгаалахыг зорьсон. Тиймээс дээрх үзүүлэлтийг хангаж байна гэж харж байна. Бидний жишгийг харж бусад нам заавал улсаас санхүүжилт авах бус өөрсдөө дотооддоо тэгш эрхийг хангах хэрэгтэй” гэлээ.

Иргэдийн оролцооны нэгдэл намын хувьд энэ оны УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох талаар тодорхой шийдвэрүүд энэ сарын 16-ны өдрийн намын их хурлаар тодорхой болно хэмээн нэмж хэллээ.

Эх сурвалж: www.zms.mn