Засгийн газар Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх загварыг гаргаж, 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарлаад байна. Өнгөрсөн он жилүүдийнхээ алдаа оноог эргэн харж дүгнээд цаашид шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэ өнцгөөр харах, эргэлтийн цаг үе ирсэн гэдэгт эрдэмтэн судлаач, эдийн засагчид ч санал нийлж байна.
Аливаа улс орны хөгжил тухайн улсын иргэн бүртээ салшгүй холбоотой байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонин гуравдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй монголчуудаа урьж, бүсчилсэн хөгжлийн тухай байр суурийг нь сонслоо. Тэд маань хүний газрын хөгжлийг гайхан биширч явахдаа ч “Эх орондоо үүнийг хэрэгжүүлчих юм сан, Монгол минь хөгжөөд удахгүй үүнээс ч сайхан болно” гэсэн хүсэл мөрөөдөл, цагаахан атаархал тээж авдаг биз ээ. Тэгэхээр ирэх жилүүдэд хэрэгжих бүсчилсэн хөгжлийн бодлого улс оронд тун чухал байна.
Ер нь бүсчилсэн хөгжлийн бодлого Монгол Улсын хувьд шинэ ойлголт биш л дээ. Товч түүх өгүүлэхэд, Манай улс 1960 оноос бүсчилсэн хөгжлийн судалгааг эхлүүлсэн байдаг. Түүний дараа 1990 оны дундуур бүсчилсэн хөгжлийг албажуулж, хилийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлж эхэлсэн. 2001 оноос хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2005 оноос бүх бүсийн хөгжлийн хөтөлбөрийг парламент баталсан. Гэвч одоогоор энэ хөтөлбөрийн хүрээнд “Мянганы зам”-ын төслөөс бусад нь тийм ч амжилттай хэрэгжиж чадаагүй юм. Харин одоо Засгийн газраас дэвшүүлж буй хөгжлийн хөтөлбөрийн зорилго, зорилт хэрхэн биелэлээ олохыг цаг хугацаа харуулах биз ээ. Ийнхүү бүсчилсэн хөгжлийн бодлогын тухай Дэлхийн монголчуудын төсөөллөөр “Зууны мэдээ” сонины “Үзэл бодлын чөлөөт талбар" хэрхэн үргэлжилснийг хүргэе. Энэ удаа дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид гээд 30 иргэний байр суурийг хүргэх болно.
Асуулт:
-
1. Энэ жил Монголын нийгэм, улс төрийн салбарт бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг зүйл дахин хүчтэй яригдах боллоо. Энэ талаар иргэн та ямар төсөөлөлтэй байна вэ?
-
2. Ер нь улс орны хөгжлийн тухайд ямар ойлголттой байдаг вэ. Амьдарч байгаа улс, хотынхоо хөгжлийн сайн жишээнээс хуваалцахгүй юу?
М.Дэлгэржаргал: Олон жил яригдсан чөлөөт бүсүүдийн хөгжил урагшлаасай
МҮХАҮТ-ын Ши-Ань хот дахь төлөөлөгч
-Би БНХАУ-ын Шаньси мужийн Ши-Ань хотод амьдарч байна. Энд Ши-Ань Жиаотун их сургуульд Шинэ медиа, олон нийтийн засаглалын чиглэлээр докторын хөтөлбөрт суралцдаг. Мөн МҮХАҮТ-ын Ши-Ань хот дахь төлөөлөгч хийдэг. Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Хүн ам тархан суурьшсан учраас дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж бүс нутаг бүрд харилцан адилгүй. Тэнцвэртэй байдлыг хангах, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжихийн тулд бүсчилсэн хөгжил маш чухал. Хот хөдөөгийн, амьжиргааны түвшний зөрүүг арилгахад эдийн засгийн өсөлт, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнчлэн бүс нутаг бүрд байгаа эдийн засгийн нөөц боломжийг ашиглаж, бүс нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд том түлхэц болно. Гэхдээ яригдаад л байдаг, яриа бус ажил хэрэг болоосой. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн нэгэн сумын дунд сургуулийн хичээллэж буй нөхцөлийн талаар мэдээ харсан. Тэнд сурч байгаа хүүхдийн авч буй боловсролыг нийслэлийн өндөр төлбөртэй, гадаад хэлний сургалттай хувийн сургуулийн сурагчийн авч буй мэдлэгтэй харьцуулахад хэцүү. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж ч ялгаагүй. Тиймээс бүсчилсэн хөгжлийн бодлого яах аргагүй чухал. Энэ бодлогыг зөв хэрэгжүүлж, нэн түрүүнд хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын хүртээмжийн ялгааг арилгах талаар зайлшгүй шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснээр, цаашлаад бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого амжилттай хэрэгжих үндсэн суурь болох болов уу.
-БНХАУ-ын хувьд дэлхийн дээгүүрт орох томоохон эдийн засагтай, үйлдвэрлэгч орон ч гэлээ “хөгжиж буй” улс. Энд хотын амьдралын чанар, хөдөө тосгоны амьдралын чанар тэнгэр газар шиг зөрүүтэй хэвээр. Дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж ялгаатай. Гэсэн хэдий ч төр засгийн зүгээс “Ядуурлаас ангижрах бодлого, бүс нутгийн хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийг дэмжих” төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлсээр байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар БНХАУ-ын ДНБ 5.2 хувиар өссөн ч, хүн амын тоо, үүн дотроо төрөлт буурсан. Эдийн засаг нь ерөнхийдөө цар тахлын дараах сэргэлтийн үедээ байгаа ч 2023 оны эхэнд ДНБ-ийг 5 хувиар өсгөнө гэсэн зорилтдоо хэдий хүрсэн ч Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд буурсаар байгаа учраас бүс нутгууд хөрөнгө оруулалтыг татах төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн. Тус улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 18 чөлөөт худалдааны бүсийг байгуулан, бүс нутгийн онцлогийг хэрхэн хөгжүүлэх, үүндээ хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар худалдааны чөлөөт бүсүүд биенээсээ туршлага суралцаж, боломж, сул талаа харилцан нөхөх замаар ажиллаж байна.
Б.Тамир: Бүс нутгийн хөгжлийг кластер хэлбэрээр хөгжүүлэх боломжтой
Шанхай хотын зам харилцааны дээд сургуулийн докторант
-Намайг Б.Тамир гэдэг. ОХУ-ын Орёл хотын Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжлээр төгссөн. Мөн тухайн сургуульдаа Хуулийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор БНХАУ-ын Шанхай хотын зам харилцааны дээд сургуулийн Төрийн захиргааны удирдлагын менежментийн сургуульд Олон нийтийн аюулгүй байдлын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцдаг. Сүүлийн үед “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын талаар яригдах болсон. Иргэний хүний хувьд энэ асуудлыг дэмжиж байгаа. Бүс нутгийн хөгжил гэдэг нь тухайн улс орны тодорхой бүс нутгийг хөгжүүлэх хүчин чармайлтын шошго бөгөөд ихэвчлэн нийгэм эдийн засгийн утгаар ойлгодог. Жишээлбэл, өнөөгийн байдлаар зарим аймгуудын хөгжил эрс ялгаатай байгаа нь аймгаас аймгийн хооронд болон аймгаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хийхэд ихээхэн нөлөөлж байна. Тухайлбал, саяхны нэг судалгаанд Уул уурхай хөгжсөн Өмнөговь аймаг руу Дундговь, Говь сүмбэр аймгуудаас иргэд шилжин амьдарч байгаа талаар уншсан. Энэ нь уул уурхай дагасан олон ажлын байртай шууд холбоотой болов уу. Угтаа бол бүс нутгийн хөгжлийг кластер хэлбэрээр хөгжүүлээд явбал иргэд төрсөн нутагтаа ажил хөдөлмөр эрхлээд амьдрах боломжтой гэж хардаг.
-Улс орны хөгжлийн тухай ойлголтыг нэг хоёр өгүүлбэрээр тодорхойлох нь амаргүй байх. Хөгжил гэдэг зүйлийг би нийгэм эдийн засаг, иргэдийн аж ахуйг одоо байгаа түвшинээс дээшлүүлэх боломж гэж ойлгодог. Мэдээж үүнд нөлөөлөх маш их хүчин зүйлс байгаа. Би нийгэм эдийн засгийн хөгжлийг нэн тэргүүнд тавихаас урьтаж хувь хүний хөгжлийн талаар анхаараасай гэж хүсдэг. Хагархай цонхны онол гэж байдаг. Тэр онолыг хүн болгон мэдээсэй гэж хүсдэг. Хэн нэгэн хуучин үйлдвэрийн цонхыг хагалахгүй л бол тэр цонх бүтнээрээ байдаг бөгөөд нэг л цонх хагарахад хажуугаар нь гарах хүн болгон юу ч бодолгүй тэр цонхыг хагалж эхэлдэг. Тиймээс хувь хүний хөгжил сахилга бат, бие биедээ хүндэтгэлтэй хандаж хийж байгаа зүйлээ их бага гэлтгүй зүтгэлтэй хийвэл бид илүү сайхан хөгжилтэй эрүүл нийгмийг бүтээж үлдээх байх. Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн философитой ард түмэн шүү дээ. Бид нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаад эхэлвэл гудамж хоггүй болно. Амьдарч байгаа орчин цэвэрхэн болно ердөө жижиг гэлтгүй зүйлсээсээ хувь хүмүүс хичээгээд явъя.
Ц.Ариунаа: Бүсчилсэн хөгжлийн зорилтууд удахгүй бидэнд мэдрэгдэх байх
ХБНГУ-ын Мюнхен хот, сошиал медиа хариуцсан менежер
-Бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар хараахан сонсож амжаагүй байна. Хэрэв тийм бодлого шат дараалалтай, зорилго зорилт сайтай бол хэрэгжилт нь тун удахгүй Монголд байгаа иргэдэд төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа бидэнд мэдрэгдэх байх.
-Улс орны хөгжил ер нь их энгийн зүйлсээс эхэлдэг юм байна гэж суугаа улсынхаа соёлоос суралцах явцдаа ойлгож авсан. Хүн бүр математикч болох албагүй гэдэг шиг Германд хүн бүр дээд боловсролтой болох гэж зүтгэдэггүй. Тавдугаар ангиас нь эхлээд шууд гурван чиглэлд хувааж, яваандаа ерөнхий суурь боловсрол эзэмшсэнийхээ дараа дээд боловсролтой болох, нарийн мэргэжил олгох сургалтад хамрагдах аль эсвэл үйлчилгээний салбарт ажиллах гэдгээ эртнээс шийдчихсэн байдаг нь манай сургалтын системээс өөр байсан. Сурах сонирхолгүй, стресс багатай тайван ажил хийж амьдармаар байгаа хүнийг үгүй ээ чи заавал дээд боловсролтой хуульч бол гэж шахдаггүй нь эргээд нийгмийн стресс, ажиллах хүч, эдийн засагтаа ч эергээр нөлөөлж байна. Үүнээс гадна Германы эрүүл мэндийн салбар үнэхээр гайхалтай. Үүнийг одоо хүмүүс ер нь л мэддэг байх. Маш олон жишээн дээр Германы даатгалын систем дурдагддаг шүү дээ. Цалингаасаа эрүүл мэндийн даатгалд төлж байгаа хувь хэмжээ нь цалингийн 14.6 хувь. Үүнээс талыг нь ажил олгогч нь төлдөг. Мэдээж Монголд дөрвөн хувь татварын талыг нь өөрөө төлдөг байснаа бодвол хэцүү байсан ч гэсэн эргээд авч байгаа үйлчилгээгээ бодвол харьцуулалтгүй. Хагас жил тутамд шүдний эмчид, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх үүрэгтэй. Жилд нэг удаа нарийн шинжилгээ хийлгэх эрхтэй. "Зайлшгүй шаардлагатай биш" гэж үзсэн эмчилгээнээс бусад нь үнэ төлбөргүй байдаг. Тэгэхээр нэг бодлын эрүүл мэндийн үзлэгт байнга орох үүрэгтэй болчихоор аливаа өвчний эрт илрүүлэлт, түүнийгээ дагаад эмчилгээний үр дүн хялбар болдог болов уу. Ер нь хувь хүн эрүүл байхаас л цаашлаад нийгмийн эрүүл мэндийн асуудал, улс орны хөгжил дэвшил яригддаг юм биш үү дээ.
Ч.Болорчулуун: Өвлийн спортоор дамжуулж аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой
БНСУ-ын Канвон мужид оршин суугч
-Бүсчилсэн хөгжлийн бодлого маш чухал байна. Канвон мужийн хувьд гурван сая хүн амтай. Гэхдээ энэ муж далайн хотууд ихтэй учир аялал, жуулчлал өндөр хөгжсөн. Мөн өвлийн олимпын байгууламжуудыг энэ муждаа барьсан учраас Сөүл хотоос илүү их аялал жуулчлал хөгжсөн. Өвлийн олимпыг хоер ч удаа зохион байгуулж, тэр хэрээр орон нутгийн аялал нэмэгдэж байна. Мөн олимпын наадмын дараа байгууламжийг бусад арга хэмжээ зохион байгуулахад ашиглаж байгаа учир маш их давуу талтай. Хавар, зуны турш олон улсын арга хэмжээг зохион байгуулладагаараа бусад мужаас ялгаатай. Иргэд далайд ирэхээр бусад арга хэмжээнд оролцох учир давуу талууд ч их байна. Ингээд харахаар Монгол Улс Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад аялал жуучлалаа татах хэрэгтэй. 2023 онд Эрдэнэт хотод өвлийн спортын наадмыг өндөр түвшинд зохион байгуулсан. Энэ нь маш их ач холбогдолтойг харуулсан байгаа. Монголд Буянт-Ухаа дахь уран гулгалтын ордон, Зайсан дахь “Скай ресорт” цанын баазыг ашиглан өвлийн спортын олимпын эрхийн том тэмцээнийг хийж, олон улсад танигдах ёстой. Ингэсэн нь аль аль талдаа ашигтай. Монголд өвлийн спортоор дамжуулж аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой юм байна. Энэ хамгийн сайн хувилбар. Яг энэ Канвон муж зундаа далай, өвөлдөө өвлийн олимпын тэмцээн уралдаан, аялал жуулчлалыг хийж улсдаа асар их эдийн засгийн эргэлтийг авчирч чадаж байна. Бидэнд давуу тал их байна. Өвлийн улирал урт болдог учир мөн уулын цана, уран гулгалт гээд олон улсад хүчтэй хөгжиж байгаа спортын төрлүүдээ дэмжин ажиллах нь чухал. Олимп зохион байгуулах гэхээсээ илүүтэй олимпын эрхийн оноо олгох тэмцээнийг зохион байгуулах нь хамгийн сайн гарц болно.
А.Ууганцэцэг: Бүсчилсэн хөгжлөөр өрхийн амьжиргааг дэмжих боломжтой
БНХАУ-ын Бээжин хотын Бизнесийн удирдлагын докторант
-“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын эхлэх цэгийг өөрийн онцлог статустай, хөгжлийн түвшин болон хүн амын боломжоороо ялгаатай аймгуудыг бүсчлэн нэгтгэснээр эдийн засгийн ба зах зээлийн боломжийг өсгөх, нэгдсэн систем дор илүү шуурхай мэдээлэл, үйлчилгээгээр хангагдах, нийслэл хотын төвлөрлийг бууруулах, иргэд илүү нээлттэй боломжоор хангагдах юм байна гэж харсан. Ер нь гаднын орноос Монголынхоо улс төр, нийгмийн бодлогыг харахад ихэнх тохиолдолд шинжлэх ухаанч, шинэлэг, инновацын дэвшилтэт шинжтэй байдаг боловч яг өнөөгийн бодит байдалд зохицон нийцэж чадаж байна уу гэдэг нь хамгийн чухал. Гэнэтийн тэсрэлттэй өөрчлөлт гэхээсээ илүү удаан хугацааны тогтвортой өсөлттэй, ногоон менежменттэй, зах зээлийн бодит тооцоололтой, бүх салбарын хөгжлийг тусгасан байгаасай гэж хүсэж байна. Өөрийн нэгэн жишээг хуваалцахад би Дорноговь аймгийн Өргөн суманд ажиллаж байхдаа тэнд эдийн засаг, зах зээлийн боломжийн зөрүү их байдгийг мэдсэн. Суманд ажлын байр хомсоос цалин бага, өрхийн орлого бага байхад өргөн хэрэглээний бараа Улаанбаатар хотоос очдог тул тээврийн зардал нэмэгдээд хотод зарагддагаас илүү үнэтэй байсан. Сумандаа ганцхан айл л гэртээ боорцог хайрч зардаг байсан нь хүрэлцээ муугаас гадна тогтмол ажиллагаатай байгаагүй. Ингэхээр “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжтой гэж харж байна.
-Хятад улс нь газар нутгийн хэмжээгээр том, хот мужуудын цаг агаар, байгалийн бүтэц онцлог болон хүн ам, эдийн засгийн хөгжлөөрөө харьцангуй өөр. Иймээс бүсчилсэн хөгжлийг ихэд дэмжин хэрэгжүүлдэг. 14 дэх таван жилийн бодлого болон 2035 он хүртэлх хэтийн төлөвлөгөөндөө нарийн тусгасан байдаг. Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний дагуух эдийн засгийн бүс, Гуандун-Хонконг-Макао зэрэг онцлог шинжээр нь бүсчлэн хөгжүүлэх зорилго нь хөгжлийн тэнцвэрийг цогцлоон сайжруулах, бүс нутгийн эдийн засгийн чадварыг нэмэгдүүлэх гэж үздэг. Хятад улс нь коммунист нам гэх нэг гоц намтай, ардчилсан дэглэмт социалист улс. Энд амьдарч байхад нам нь бүгдийн дээр байх бөгөөд ард түмнээ чирч чиглүүлж явдгийг төвөггүй анзаарах боломжтой. Иймээс төрийн аливаа бодлого нь урт хугацааны тогтвортой шинжтэй байдаг.
Г.Мөнх-Эрдэнэ: Хөгжил гэдэгт ойлголтгүйгээр хүрэх боломжгүй
Их Британийн Оксфордын их сургуулийн докторант
-Би Их Британийн Оксфордын их сургуульд Хүмүүний газар зүйн чиглэлээр докторын хөтөлбөрт суралцаж байна. Шинэ он гараад эрх баригч нам “Бүсчилсэн хөгжлийн бодлого” гэгчийг эрчимтэй ярьж байна. Би энэ санаачилгыг сонгуулийн өмнөх яриа төдий зүйл гэж харж байна. Саяхан болсон форум зэрэгт оролцсон хүмүүс нь яг бодит судалгаа хийдэг бус сайхан ярьдаг л улс харагдсан. Хэний ч аманд багтаад яригдаад байгаа зүйл эргээд юу ч биш, болж бүтэхгүй байх талтай. Яг л Эгийн голын усан цахилгаан станц барина гээд 30 гаруй жил олон төслийн нэгж байгуулж, олон арван хүн цалинжуулж, судалгаа хийлгэж байна гэх зэргээр үр ашиггүй мөнгө зарчихаад хэн ч хариуцлага хүлээдэггүй, юу ч болоогүй юм шиг ярьж байсан зүйлээ дахин ярьдагтай адил. Тэртээ 2001 онд анх батлагдаж байсан энэ санаачилга гэнэт одоо хэрэгжээд эхэлнэ гэдэг юу л бол.
-Бид үнэндээ улс орноо яаж хөгжүүлэх тухай хангалттай их ярилаа. Гэвч хөгжил гэх энэ ойлголтыг мэдэхгүйгээр яриад юунд ч хүрэхгүй гэдгээ ухаарч байгаа хүн хэр их олон байдаг юм бол. Улсын хөгжлийн тухай хэнээс ч асуусан өөдөөс “Хөгжсөн улсын шилдэг туршлага, олон улсын байгууллага тэгж зөвлөсөн” гэж хариулах хүн олон болжээ. Ямар сайндаа л “Улс орныг хөгжүүлэх хүмүүс чинь таксинд яваад байгаа юм биш үү” гэсэн онигоо гарах вэ дээ. Би Австралийн Мэльбурны их сургуульд Хөгжил судлалын (Development Studies) чиглэлээр магистр хамгаалсан. Судалгааны чиглэл маань ч энэ талыг голчилдог болохоор энэ чухал асуултад ийм амархан буюу “хөгжсөн улсын шилдэг туршлага” гэж хариулдаг байдалд үнэхээр дургүй. Хөгжилд хүрэх ч ийм амархан биш. Бидний хөгжлийн тухай ойлголт, бодлого, санал, шийдэл одоо яг ийм байгаа тул улсын хөгжил гэж яриад ч нэмэргүй санагдана.
Н.Ганчимэг: Эх оронч, мэдлэгтэй боловсон хүчин чухал
Япон улсын Такикава хотод амьдардаг
-Бүсчилсэн хөгжлийн бодлогыг зөв хийж чадвал маш эвтэйхэн зөв хөгжих боломжтой чухал бодлого. Манай улс бүсчилсэн хөгжлийг улсын хэмжээнд цогцоор нь харж алсын хараатай төлөвлөн, хоорондын уялдаа холбоог сайн хийж өгөх хэрэгтэй санагдаж байна. Монгол Улс аливаа улсын хөгжлийн шат дамжлагын дагуу хөгжиж байгаа гэж боддог. Гэхдээ хөгжлийг улам хурдасгах, алдаагаа дахин давтахгүй байхад эх оронч хийгээд мэдлэгтэй боловсон хүчин олон байх шаардлагатай байна.
-Би Японд ХАА-н салбарт ажилладаг. Японы хөдөө аж ахуйн салбар бол байгаль цаг уур, хүн ам дээр суурилсан бүсчилсэн хөгжлийг маш амжилттай хэрэгжүүлж буйн сайн жишээ. Тухайн бүсийн цаг уурт тохируулан мал аж ахуй эрхлэх үү, газар тариалан эрхлэх үү, үйлдвэрлэл эрхлэх үү, газар тариалан дотроо ямар таримал хаана тарихад илүү зохимжтой байна гэдгийг хуваарилсан байдаг. Түүнийгээ зах зээлийн эргэлтэд оруулах тээвэр, ложистик-г улсаас шийдэж өгсөн.
О.Мөнхзаяа: Хамтдаа хөгжих гарц, хүний эрхийг хамгаалах дэвшил бий болгоно
АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Ази, Номхон далайн бүсийн бизнесийн захирал
-Би Вашингтон ДС хотод ажиллаж амьдардаг. Одоогоор Шинэ Зеландын Оэклэнд хотод ажиллаж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжин хүлээж авсан. Монгол Улс нэгдмэл улсын бүтэцтэй нэг бодлогоор явдаг улс орон боловч сонгуулийн тойргийн тогтолцооны улмаас аймаг, дүүргээрээ талцах, хүн амыг амьдарч буй газар орноор нь, олгож буй төсвийн хэмжээгээр төрөөс ялгаварлаж буй мэт бодлого хэрэгжиж байсныг бүсчилсэн хэлбэрт шилжүүлж буй нь хамтдаа хөгжих гарцыг, хүний эрхийг хамгаалах дэвшил бий болгох ач холбогдолтой. Биднийг Монголдоо аймаг аймгаараа талцан сууж байх хооронд дэлхийн улс орнууд бүсээрээ хамтран хөгжиж байна. Бүсийн хөгжлийг хүний эрхтэй холбон жишээ авъя. Бүс нутгийн хүний эрхийг хамгаалах тогтолцооны хувьд Европ, Америк хоорондын систем нь хүний эрхийн зөрчлийг, ялангуяа эрүүл мэндийг хамгаалах эрхийг байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа, төрийн холбогдох үүргийн нэгдлийн түвшинд хүлээн зөвшөөрдөг хамгийн дэвшилтэт систем юм. Харин хүний эрхийг хамгаалах чиглэлд хамгийн буурай хөгжилтэй байгаа нь Ази Номхон далайн бүс юм. Европын орнууд бүсчилсэн хөгжилд анхаарснаар агаарын бохирдлыг бууруулах нэг стандарттай болж орон бүрд ижил хэрэгжүүлж байна. Европын Хүний эрхийн шүүх өнөөдрийг хүртэл байгаль орчны 300 гаруй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс тогтоосон гол зөрчил нь агаартай холбоотой эрүүл байх, эрүүл орчинд амьдрах эрхтэй холбоотой байна. Манайд агаарын бохирдлын улмаас иргэд, хүүхдүүд олон зуугаараа өвчилж, нас барж байхад засаг төр нь яндан зуухнаас хальж шийдэхгүй байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогоор явснаар илүү далайцтай бодлого хэрэгжүүлэх байх хэмээн найдаж байна.
-Хүндээ ээлтэй амьдрах орчин бүрдүүлсэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх зэрэг гол суурь эрхүүд хангагдсан байдал хэр түвшинд байгаагаас улс орны хөгжлийг тодорхойлох болов уу. АНУ-д бусад улс орны адил сайн, саар бүхий л зүйл байна. Миний хувьд сургуульд сурч байхдаа Үндсэн хуулийг нь түлхүү судалсан. Манай улсаас ялгарах гол зүйл нь Улсын дээд шүүх нь бодлогын шүүхийн үүрэг гүйцэтгэж, Үндсэн хуульд заасан хүний эрхийн зөрчилтэй холбоотой хэргүүдээс л түүвэрлэн сонсож, шийдвэр гаргадаг. Тэдгээр шийдвэр нь улс орны хэмжээний шийдвэр болж үйлчилдэг. Манайд Үндсэн хуулийн шүүх буюу Үндсэн хуулийн цэц гэж байх боловч хүний эрхийн зөрчилтэй холбоотой иргэний маргааныг хүлээж авдаггүй нь их гайхалтай.
Б.Лхамсүрэн: Бүсчлэх нь хөгжлийн ялгааг арилгана
Японы Саппоро хотод амьдардаг
-Бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар урьд нь яригдаж байгаад чимээгүй болсон ч энэ жилээс дахин ярьж эхэлж байгаад баяртай байна. Миний хувьд манайх шиг өргөн уудам газар нутагтай улсад аль болох төвлөрлийг нэг цэгт бүгдийг нь биш, тухайн бүс нутагт нь байршлын онцлогт тааруулан бүсчилж төвлөрүүлэх нь улс даяарх хөгжлийн ялгааг арилгах, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлал гээд хүмүүсийн аж амьдрал улс орны хөгжилд үзүүлэх нөлөө их болов уу гэж бодож байна. Үүнийг дагаад жижиг дунд үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн урсгал болон цэгц бодлого дагаад илүү олон боломж бололцоо нээгдэх байх гэж бодож байна.
-Миний хувьд Японы Хоккайдо мужийн Саппоро хотод амьдардаг ч ажилладаг компани маань 1000 орчим километрийн зайд Токио хотод байрладаг. Би ихэнхдээ гэрээсээ онлайнаар ажилладаг. Хамт ажилладаг хүмүүс маань Нагоя, Улаанбаатар, дархан зэрэг амьдарч буй газруудаасаа онлайнаар ажилладаг. Энэ нь нэг үгээр хэлбэл, заавал нэг газраа бүгдээрээ цуглаад ажиллах биш тухайн амьдардаг орон нутгаасаа ажлаа хийгээд явж байгаа нь бүсчилсэн хөгжлийн бас нэг хэлбэр болов уу. Хоккайдо арлын Саппоро хот нь Японы бусад хотуудтай харьцуулахад хүн ам болон цаг агаар зэрэг олон зүйлээрээ Улаанбаатартай ойролцоо. Жилийн дөрвөн улирал нь Монгол шиг, хавар нь шуураад зун нь цэцэг навч дэлгэрээд намар нь шарлаж унаад өвөл нь цав цагаан болдог. Ийм байдлаар нутаг орныхоо онцлогийг давуу тал болгоод бүс нутгийнхаа хөгжлийн төлөө болгож чадаж байгаагийн нэг жишээ энэ болов уу.
Х.Болор-Эрдэнэ: Хотын хуучин хэв шинжийг хадгалж үлдэх хэрэгтэй
Франц улсад амьдарч буй зохиолч
-Би Францын Touraine мужид амьдардаг. Францын төв муж бөгөөд дөрвөн хоттой. Арав гаруй жилийн өмнө л бүсчилсэн хөгжлийн асуудал яригдаж байсан. Гэтэл одоо дахин ид яригдаж эхэлж байна гэхээр хэцүү л санагдаж байна. Манай улсын хувьд төр нь хүн рүүгээ хандсан хөгжил харагдахгүй байгаа. Тиймээс хүний ухамсар, ёс суртахуун, харилцаанд чиглэсэн хөгжлөөс эхэлмээр санагддаг. Манай улсын тулгамдсан том асуудал харилцааны хөгжил гэж харж байна. Хөгжлийн тухай яриад технологи, үйлчилгээний салбар, дэлгүүр нээхээс илүүтэй харилцааны соёлыг суурь боловсролын системдээ суулгаж өгөх хэрэгтэй.
-Францад сайн байна уу, баярлалаа, баяртай, уучлаарай гэдэг үгийг хэлж мэдэхгүй гурван настай хүүхэд байдаггүй. Хүүхдийг цэцэрлэгт сурч байхаас нь эхлээд нь харилцааны соёлд сургадаг. Гудамжинд ойрхон зөрсөн хүмүүс хүртэл хоорондоо мэндэлдэг. Мөн хотын төвөө 1800-1900 оныхоор буюу хуучин хэв шинжээр нь хадгалж үлдэх бодлого баримталдаг. Хотын 70 хувь хуучны барилга, байшин. Архитекторууд нь хэдэн жилээр хотын төлөвлөлтөө буулгасан байдаг. Хотын төвд өндөр байшин, шинэ орон сууц бариулдаггүй. Зарын самбар байхгүй, Бүх албан байгууллагын хаяг жигд. Бичгийн шрифтийн хэлбэрийг ч өөрчлөх боломжгүй. Тамхины мухлаг, хоолны газар гэхэд бүгд нэг стандарттай. Манай амьдардаг хот нэг сая орчим оршин суугчтай. Орон сууцыг өндөр олноор нь барьдаггүй. Хамгийн дээд тал нь 16 давхар хороолол байдаг. Энэ хороолол нь ихдээ долоон л бий. Машины түгжрэл байхгүй. Дугуйны замыг машины замтай адил жигд хийсэн байдаг. Хараагүй хүн уулзвар дээр ирэхэд уулзвараас мэдээлэл ямар гэрэл асаж байгаа гээд автоматаар мэдээлэл өгдөг. Гял цал болсон хөгжил байхгүй мөртлөө хүн рүү чиглэсэн бүх хөгжил байдаг.
Ч.Төрболд: Эх орон минь авлигагүй болоосой
Швед улс, Стоколм хотод ажиллаж, амьдардаг
-Бүсчилсэн хөгжил гэж том бодлогын талаар төдийлөн мэдээлэлгүй байгаа. Гэхдээ энд ирээд иргэдийн амьдрах орчин нөхцөл, амьдралын хэв маяг гэх мэт зүйлс манай улсаас маш ялгаатай. Тийм болохоор эх орон минь аль болох хурдан хөгжиж цэцэглээд авлига хээл хахуулгүй сайхан болоосой л гэж бодож байна.
-Швед улс бол маш сайхан орон. Улс орны хөгжлийн хамгийн гол зүйл нь иргэдийн сэтгэл ханамж юм байна гэдгийг анзаарсан. Энд ажиллаж амьдрахад бүх л нөхцөл боломж нь бүрдсэн. Ямар ч стресс уурлаж бухимдах зүйлгүй. Монголд байхад би замын түгжрэл хамгийн их стресс авдаг зүйл байсан. Харин энд метро явдаг болоод бараг л хагас зуун өнгөрчихсөн байх жишээний. Энэ нь иргэдийнхээ өдөр тутмын амьдрал ямар ч дараа болохгүй маш сайн зохицуулалт юм.
Э.Мөнх-Уянга: Бүсчилснээр тэгш хөгжих боломжтой болно
Австрали улсын Сидней хот, оюутан
-Би Австрали улсын Сидней хотод сурахаар ирээд жил гаруй болж байна. Хөгжлийн ялгаатай байдалд атаархах, сониучирхах, суралцах, харьцуулах байдлаар хандсаар өнөөг хүрлээ. Гадагшаа явчихвал л бүх зүйл сайхан болчих мэт санагддаг ч энд ирсний дараа ондоошлоо илүү огоорч, улам их монголоо гэх сэтгэлтэй болдог гэдгийг өөрөөсөө болон үеийн залуусаасаа анзаарч байна. Гадаад дахь монголчууд илүү эх оронч ч юм шиг санагдах үе бий. Монгол дуу, ёс заншил, үндэсний баяр наадмуудаар элгэн саднаа санаж, эх орноо эрэн, түүх соёлоо эргэн “монголших” нь сэтгэл хөдлөм. Сүүлийн үед бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар нэлээд ярих болсон. Би Орхон, Хөвсгөл, Булган аймгийг багтаасан хойд бүс нутагт ажиллаж амьдарч байгаад Австрали улсыг зорьсон. Ялангуяа Эрдэнэт хот, Орхон аймгийн хувьд үйлдвэр дагасан хот учраас эдийн засаг болоод амьдрах орчин нөхцөл зэрэг үзүүлэлтүүдээрээ улсдаа үргэлж дээгүүрт ордог. Мэдээж бусад аймгуудтай харьцуулахад бараг л нийслэл мэт том зах зээл мөнгөний урсгал бий. Харин бусад аймгийг тийм дайны хөгжүүлэхийн тулд зайлшгүй бүсүүдэд хуваан хөгжүүлэх шаардлагатай гэж бодож байна. Тэгж байж улс эх орны “тэгш хөгжил” биелэлээ олох байх.
-Улс эх орны хөгжлийг би иргэдийнх нь юунд стресстэж байгаагаар хэмжигдэх боломжтой гэж бодож байна. Монголд түгжрэл, агаарын бохирдол зэрэг “явган стресс” нь ирээдүйн төлөө хөдөлмөрлөж буй иргэдээ зовоодог бол Австралид хүнээ бодож цогцлоосон нийгэм бий тул иргэд нь өөрөөс шалтгаалах зүйлээ хийгээд тогтсон ажилтай бол аз жаргалтай, тайван амгалан байдаг юм шиг санагддаг. Австрали нь 26 сая орчим хүн амтай бөгөөд дийлэнх нь далайн эрэг дагуух хот суурин газарт амьдардаг. Үүний эсрэгээр Монгол Улс гурван сая орчим хүн амтай бөгөөд газар нутаг, нийгэм соёл, эдийн засгийн хувьд ихээхэн ялгаатай хоёр улс ч гэлээ Австралиас Монголд суурьшуулж болох бүс нутгийн хөгжлийн сайн туршлагууд цөөнгүй ажиглагддаг. Австрали улс бүс нутгийг хотын төвүүдтэй холбохын тулд дэд бүтцийн хөгжилд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн нь энэ улсад газардмагц анзаарагдсан. Мөн уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт аж үйлдвэрээс холдож эдийн засгаа амжилттай төрөлжүүлсэн. Австрали улс эдийн засгийн өсөлт, инновацыг дэмжихийн тулд бүс нутгийн хэмжээнд боловсрол, ур чадварыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Монгол Улс бүс нутгийн аж үйлдвэрийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн сургалтын хөтөлбөр, боловсролын байгууллагуудад хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг хөдөлгөх чадвартай чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломжтой харагдаж байна. Австрали Улсын эдийн засгийн хоёр дахь том хөшүүрэг нь боловсрол бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын залуус өндөр боловсрол горилж, мөрөөдөл тээж ирж байна. Үүнийг хараад Монголд боловсрол эзэмших нь дэлхийн залуусын хүсэл болох цагийг хөгжлийн оргил гэж боддог.
З.Сугар: Унгар улсын бүх хотууд өөр өөрсдийн онцлогтой
Япон улс, "Жугамо” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал
-Манай улсын экспорт муу байна гэдэг ч маш бага хэмжээгээр нэмэгдэж байгаа. Манай судалгааны үр дүнгээс харвал мэдээллийн дутмаг байдал үүнд нөлөөлж байгаа боловч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат хүртлээ боловсруулалт хийж чадаж байгаа эсэх чухал. Тэгэхээр үйлдвэрлэгчид каластераар хамтарч ажиллах шаардлагатай. Ингэхдээ бүсчилсэн хөгжлийг зөв тодорхойлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийг чадавхижуулах, бизнесийг тэлэх хөшүүрэг нь бүсчилсэн хөгжил гэж хардаг. Үүний тулд эдийн засгийн түншлэлийг оновчтойгоор тодорхойлж дэмжих арга, аргачлалыг боловсруулах нь чухал юм.
-Манай хийсэн судалгаанаас харвал технологийн салбарт давуу боломжууд бий. Өөрөөр хэлбэл, монголчууд оюун экспорт хийгээд эхэлчихсэн. IT-гийн салбарынхан цаг хугацаа орон зай харгалзахгүйгээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл хийж чадаж байна шүү дээ. Үүнийг ч мөн бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд оруулах боломж бий.
М.Наранзаяа: 2050 он гэхэд Монгол Улс дэлхийд өрсөлдөхүйц болно
Япон улсын Токиогийн Япон хэлний сургуулийн оюутан
-Монгол Улсын иргэний хувьд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг 1992 оноос тодорхой төлөвлөгөө, стратегийн түвшинд эхлүүлж, өнөөг хүртэл хэрэгжүүлж байгаа байх гэж харсан. Хэрэв хөгжлийн бодлогодоо тусгасан дэд бүтцийн шийдлүүдээ тодорхой оновчтой хүрээнд шуурхай хэрэгжүүлж чадвал манай улсын эдийн засгийн нөхцөл болон хөгжилд эерэг нөлөө үзүүлэх болов уу. Магадгүй энэ хэвээр эрчимтэй явбал Монгол Улс 2040, 2050 он гэхэд дэлхийд өрсөлдөхүйц хөгжилтэй орон болох боломж бүрэн бий гэж төсөөлсөн шүү.
-Улс орны хөгжлийн гол суурь нь ард иргэд гэж бодож байна. Түүнээс биш газар нутгийн том бага, баялагтай баялаггүй хамаагүй. Тухайн улсын иргэдийн сэтгэхүй, сэтгэл зүрх бүгд нэг хүн шиг эх орныхоо төлөө байхаас гадна энэ улсын хөгжлийн үр шим нь миний хойч үед үлдэнэ гэсэн сэтгэхүйгээр амьдарч, ажиллаж, сурч боловсорч сурсан мэдсэнээрээ эргээд эх орондоо хөрөнгө оруулалт хийж чаддаг улс хөгжилд дэвшилд ойрхон хүрдэг юм болов уу. Япон улсад анх ирээд би хөгжлийнхөө аль түвшинд явж байна вэ гэсэн бодол төрж, шоконд орсон. Япон улс нь иргэддээ чиглэсэн засгийн газрын бодлого, хөтөлбөр сайтай, дэд бүтцийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улс. Улсаас нь хэрэгжүүлж буй бүх арга хэмжээ, үйл ажиллагаагаа бүгдийг нь хүний төлөө, ард түмнээ гэсэн сэтгэхүйгээр хийдэг нь битүүхэндээ атаархал төрүүлдэг.
Э.Отгонбаяр: Үйлдвэрлэгч орон болох хэрэгтэй
Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний алба хаагч
-Төв Африкийн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна. Эх орондоо болж байгаа үйл явдлын мэдээллүүдийг голдуу цахим орчноос авч байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжиж, биелэлээ олоосой гэж хүсэж байна. Хөгжлийн хөтөлбөрүүд тус бүрдээ үр дүнгээ өгч, улсынхаа хөгжилд ашигтай дэвшилтэт ажлыг бүтээн байгуулах хэрэгтэй. Тухайлбал, томоохон үйлдвэрүүдийг Монголдоо бүтээн байгуулж, гадаад улсуудтай хөгжил дэвшлээрээ ойртож очих хэрэгтэй. Үүнийг зорилгоо болгож, ажил хэрэг болгож ажиллах хэрэгтэй. Ер нь үйлдвэрлэгч орон болмоор байна. Үүнийг дагаад ажилгүйдэл буурна. Ард түмний орлого нэмэгдэнэ. Өргөн хэрэглээ болон бусад бараа бүтээгдэхүүн гадны улсаас оруулж ирэхгүйгээр улсдаа үйлдвэрлэж чадвал үнийн өсөлт, хөөрөгдөлт буурна гэж бодож байна. Манай Монгол Улсад жирийн иргэн ажил, үйлчилгээ явуулна гэхэд үнэхээр бэрх болсон. Авлига гэдэг зүйл өндрөө авсан. Энэ бүхнийг таслан зогсоож байж л улс орон эмх цэгцтэй болж, хөгжих болов уу.
Ч.Хашчулуун: Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг
Токиогийн Кейо их сургуулийн доктор, эдийн засагч
-Бүсчилсэн бодлогоо бид өнгөрсөн жилүүдэд орхиж ирсэн нь үнэн. Уул уурхайн мега төслүүд хэрэгжиж эхлээд тухайн бүс нутгийн асуудлууд ч тодорхой хэмжээнд шийдэгдэж ирсэн нь бий. Дутуу зүйлүүд байсан учраас Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг. Цаашид хөрөнгө оруулалтаа оновчтой болгох хэрэгтэй. Орон нутаг руу хэт анхаарч, Улаанбаатараа орхиж, бланс алдагдсан асуудал бий. Өнөөдөр ингэсний сөрөг үр дагаврууд ч гараад эхэллээ. Нийслэлд маань дулаан, цахилгаан, гэр хороолол, нийтийн тээвэр гээд асуудал их байна. Тэгэхээр бүсчилсэн хөгжил дээр ганцхан орон нутаг биш нийслэлээ хөгжүүлэх бодлогыг ч тусгаж явах хэрэгтэй. Сүүлийн үед метроны талаар ярьж байна. Энэ төслийг урагшлуулж чадвал олон асуудал шийдэгдэх учиртай.
-Хөгжил гэдэг ерөөсөө эдийн засаг биш хүмүүсийн аз жаргалын индекс гэж хүртэл ярьдаг. Энэ талаар Европын холбооноос аз жаргалын индексийн судалгаа хүртэл хийж байсан. Гэхдээ явж явж, дэлхийн даяар боловсролын түвшин, дундаж наслалт, нэг хүнд ногдох орлого гэдэг хүний хөгжлийн гурван тулгуураар л хөгжлийг хэмжиж байна. Энэ үзүүлэлтээр бол манай улсын дундаж наслалт бага зэрэг өссөн. Боловсролын түвшин нэг талаасаа сайн. Нөгөө талаасаа дэлхийн дундажаас хоёр жилээр хоцрогдож байна гэсэн судалгаа бий. Эдийн засгийн түвшин хүн ам боловсролын түвшин ойролцоо улс орнуудтай харьцуулахад доогуур. Тэгэхээр Монгол Улс хөгжлийн хувьд бүхий л чиглэлд мэрийлт гаргах хэрэгтэй.
Д.Болормаа: Туркийн үйлдвэрлэлийн хөгжлөөс суралцах зүйл их байна
Турк улсад ажиллаж, амьдардаг
-Намайг Д.Болормаа гэдэг. Би Турк улсын Истанбул хотод амьдраад 10 гаруй жил болж байна. Монголдоо очоогүй удсан болохоор бүсчилсэн хөгжлийн талаар ойлголт муутай байна. Гэхдээ монгол орны хувьд үйлдвэрлэл үйлчилгээгээ илүү хөгжүүлэх дээр анхаарах хэрэгтэй. Улс орны хөгжилд төрийн бодлогоос гадна иргэдийн үүрэг ухамсар чухал. Иргэд мэдээлэлтэй байж улс орны хөгжилд бүх шатнаас оролцох хэрэгтэй.
-Турк бол үйлдвэрлэгч орон. Өглөө бүр шинэ талхтай. Жимс ногоо, хүнс гээд энд бүх зүйл шинээрээ бас хямдхан байдаг. Үйлдвэрлэл сайн хөгжсөн болохоор түүнийгээ дагаад ажлын байр элбэг байна. Олон жил амьдарсан хүний хувьд хэлэхэд энэ орны хөгжлийн гол нууц нь үйлдвэрлэл болон аялал жуулчлал гэж бодож байна.
П.Болор-Эрдэнэ: Бүсчилсэн хөгжил монголд чухал
Швед улс, Стоколм хотод ажиллаж амьдардаг
-Бүсчилсэн хөгжил монголд чухал байх гэж бодож байна. Манайхан ганцхан Улаанбаатартаа төвлөрсөн нь нийгмийн стресс өндөр байгаагийн шалтгаан болж байна. Өргөн уудам тал нутагтаа тархан сууршиж хөдөө, нийслэл хотын ялгаагүй л хөгжих ёстой.
- Швед улс үнэхээр амар амгалан. Улсын бодлого нь иргэн рүүгээ чиглэсэн мөн ард иргэдийнхээ эрүүл мэнд, эрүүл амьдрах орчин нөхцлийг их чухалчилсан. Хүнсний аюулгүй байдал болоод хүмүүсийнхээ бие бялдрын хөгжилд их анхаарал тавьдаг улс. Бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн хувьд яриад байх юмгүй сайхан хот. Ер нь хүний амьдралд хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Эндхийн эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалын систем маш сайн. Тэгэхээр төр засгийнхан маань энэ чиглэлд илүү анхаараасай.
Д.Отгонболд: Эко орчинд амьдрах боломжийг бүрдүүлбэл иргэдэд ээлтэй
ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч
-Би Япон улсын Канто бүсийн Ибараки мужийн Цукуба их сургуульд Газар хөдлөлт болон гамшгийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Япон улс маш олон жилийн өмнөөс байгалийн төрөл бүрийн гамшигтай тэмцэж ирсэн арвин туршлагатай. Өөрийн мэргэжлээс гадна өндөр хөгжсөн улс орон, хөдөлмөрч ард түмнээс олон талын мэдлэг, туршлага хуримтлуулахыг хичээж байна. Монголд яригдаж буй бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар яг тогтож сонирхож, судалж амжаагүй явна. Харин Япон улсын хувьд Токиогийн ойр орчмын бүсчилсэн хотууд өндөр хөгжсөн. Агаарын бохирдол илт багассан байх жишээтэй. Мөн замын түгжрэлийг бүрэн шийдвэрлэсэн нь ард иргэд бухимдалгүй, ажлын бүтээмж өндөр байх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь харагддаг. Тэр дунд онцлоход Япон улс дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг маш их зүйлийг хийж хэрэгжүүлж байна. Хог хаягдлыг ангилах, боловсруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд онцгой анхаардаг. Газар хөдлөлт, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд үерийн хамгаалалтын зохион байгуулалт, дэд бүтцийг маш сайн хийсэн.
-Улс орон хөгжихийн үндэс суурь нь төрийн оновчтой бодлогоос гадна ард иргэдийн боловсрол ухамсартай холбоотой болов уу. Тухайлбал, Япон улсын туршлагаас өөрийнхөө ажигласнаар хуваалцахад төр нь бодлого гаргахдаа ард түмнийхээ санал хүсэлтийг заавал сонсож, харгалзаж үздэг. Хэсэг бүлэг, цөөн хүмүүсийн шийдвэрийг дагадаггүй. Хот зохион байгуулахдаа ногоон байгууламжийг огт орхигдуулдаггүй. Ойр орчмыг нь хамгаалж иргэдийг эко орчинд амьдрах боломжийг давхар шийдэж өгдөг нь иргэдэд ээлтэй. Ялангуяа хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд хүрээлэн буй орчноо хэрхэн арчлах, хамгаалах талаар ухамсар суулгах зэргээр төр, иргэн талаасаа цогц бодлого хэрэгжүүлдэг. Япон улс харьцангуй дулаан орон учраас Монголыг бодвол дэд бүтцийн хувьд давуу тал бий байх. Гэхдээ утаа, түгжрэлийг бууруулах талаар суралцах, туршлага судлах боломж дүүрэн байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад хатуу түлш түлэхийг дэлхий нийтээр хориглож нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж байна.
Ц.Мөнхжаргал: БНСУ-д бүх үйлчилгээ хүнийхээ төлөө чиглэж байна
БНСУ-д бизнес эрхлэгч
-Намайг Цогбадрахын Мөнхжаргал гэдэг. Би БНСУ-ын Гёнги аймгийн Өыжинбү хотод амьдардаг. "Номадс" кафег байгуулан ажиллуулж байна. Бизнес эрхлэгч. БНСУ-д 20 гаруй жил ажиллаж, амьдарч байна. Түүх, нийгэм судлалын багш мэргэжилтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого талаар сайн хэлж мэдэхгүй байгаа ч Монгол Улс бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж эхэлбэл алслагдсан бүс нутаг, хөдөөгийн суурин газрын иргэдийн ахуй амьдрал дээшилж, хөгжлийг хөдөөд нийслэл шиг жигд авчрах боломж бий гэж хардаг. Ийм бодлогыг дэмждэг. Монголынхоо хөгжилд санаа зовж явдаг хүмүүсийн нэг нь гадаад улс орнуудад амьдарч суугаа иргэд гэж боддог. Амьдран суугаа улс орныхоо хөгжил дэвшилтэй харьцуулж хараад байдаг учир тэгдэг юм уу гэж хардаг. Ийм боломж манай улсад байгаа шүү дээ, ингэчих юм сан тэгчих юм сан гэх зүйл зөндөө гарна. Тэр бүрт л эх орон, нутаг ус бодогдоно доо.
-БНСУ-ын хувьд Азийн төдийгүй дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө өндөр улс орнуудын нэг болчихлоо. Миний амьдран сууж байгаа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гэхэд л маш их хөгжсөн. Сайн жишээ гэвэл, улс төрийн өрсөлдөөн шударга өрнөж байна, эрхийнхээ төлөө иргэд нь тэмцэж, хууль шүүх засаглал хариуцлага тооцож чадаж байна. Бүх ажил, бүх бүтээн байгуулалт, бүх үйлчилгээ хүнийхээ төлөө чиглэж байна. Энэ мэт дурдвал олон сайн жишээ бий, гэхдээ монголчуудын маань нүдэн дээр ил хөгжиж байгаа улс орон учир энэ талаар бүгд мэдэж, харж байгаа байх аа. Монголын өдөр тутмын "Зууны мэдээ" сонин гадаад улс оронд амьдарч буй иргэдийнхээ үг, үзэл бодлыг сонины хуудсаараа дамжуулан уншигчдад хүргэж байгаад талархлаа илэрхийлж, танай хамт олонд амжилт хүсье. Баярлалаа.
С.Эрдэнэбулган: Энэтхэгээс оюун санааны амар амгаланг суралцах хэрэгтэй
Бүгд Найрамдах Энэтхэг улсын Пехар мужийн Бодьгаяа сууринд амьдарч буй
-Бүсчилсэн хөгжлийн талаар сайн мэдэхгүй, мэдээлэл багатай байна. Бүсчилсэн хөгжил улс гүрний хөгжлийн талаарх зөв бодлого баримтлал гэж үзэж байгаа бол дэмжих бодолтой. Улс орны хөгжлийн тухай гэвэл хэд хэдэн агуулга байх болов уу. Жишээ нь, эдийн засгийн хөгжлийн талаар байж болно. Манайх шиг дотооддоо үйлдвэрлэдэггүй улс бол олон улсын харилцаа холбоон дээр суурилж, эдийн засгийн зөв гаргалгаа авч явах болов уу гэж бодож байна. Нөгөө талаар оюун санааны хөгжил, амар амгалан байх талаарх хөгжил бол чухал хэрэгтэй гэж бодож байна.
-Амьдарч байгаа улс орны хувьд Энэтхэг улсын сайн сайхан тал маш их бий. Юуны түрүүнд 1,4 тэрбум хүн нийт улс гүрнээрээ амар амгалан сайхан амьдарч байна. Энэ бол шашин ном, зан үйлээ зөв авч явж байгаа, оюун санааны амар амгалантай хослуулан олон шашин хоорондоо эвдрэлцэхгүй, эв нэгдэлтэй сайн сайхан байгаа нь их үлгэр жишээ болохуйц. Энэ үзэл санааг хүн бүр дотроо тунгааж сэтгэлдээ амар амгалан байдлыг тогтоож байгаа нь улс гүрнийх нь сайн сайхан яваагийн нэг үндэс болов уу. Манай улсын хувьд эдийн засгийн хөгжил алсдаа дээшлэх байх. Түүний хажуугаар оюун санааны амар амгалан, стресс бухимдалгүй байх гээд Энэтхэгээс суралцах зүйл олон бий. Манай улс Энэтхэгээс бурхны шашныг нь уламжилж авсан. Тиймээс ч эдийн засгийн хөгжил, хичээл сургалт, мэдлэг боловсролын хөгжлөөс гадна оюун санаагаа амар амгалан байхыг дэмжиж хөгжүүлэх юм бол иргэд маань ч сэтгэл амар байх боломжтой болов уу. Мэдээж хоёр хөрштэй мөнхийн хөрш учраас найрсаг саяхан харилцаагаа хадгалахын зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогын хүрээнд бусад улс орнуудын шинээр гарч байгаа дэвшилтэд технологи зэргийг суралцаж, даян дэлхийн үсрэнгүй хөгжлөөс сурч өөрсдөдөө хэрэгжүүлж, эдийн засгаа дэмжиж, бүсчилсэн хөгжлийн бодлогодоо тусгаж чадвал илүү хөгжих боломжтой болов уу гэж харж байна.
Д.Оюун: Зардлаа танаад, том бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй
Герман улсад түр оршин суугч, багш
-Улс орны хөгжил, төр иргэнийг холбох сэтгэлзүй, үйлчилгээ бүгд үүнээс их шалтгаалдаг. Мөн цөөхөн хэдэн хүн амжуулах ажлыг танил талын хүрээний мэргэжлийн бус хүмүүст хувиарлан өгснөөс болж ихэнх ажилд ямар ч үр дүн гардаггүй. “Бүсчилсэн хөгжил” гэж яриад буй бодлого шийдвэр, зорилго зорилтын талаар айхтар нарийн мэдээлэлгүй байна. Гэсэн ч улс орноо хөгжүүлэх, дэд бүтэц сайжруулах, хүн амаа тэгш хуваарилах хөгжлийн бодлого юм болов уу гэж бодож байна. Энэ бүхэн үнэхээр ажил хэрэг болдог бол маш сайн. Өнөөдөр Улаанбаатар хотод хүн амын 50 хувь нь овоорч түгжирч амьдарч байна гэдэг маш том асуудал. Монгол Улс ийм өргөн уудам нутагтай. Хөдөө орон нутагт хувь хүний амьдрах тав тухтай орчныг бодлогоор хөгжүүлж, амьдрах орчныг нь бүрдүүлж өгвөл Улаанбаатар хотод ийм олон асуудал үүсэхгүй бас олон хүн шавахгүй, түгжрэл ч үүсэхгүй. Монголд өнөөдөр амьдрахад хүнд байгаа учраас хөдөөнийхөн хот руу нүүж, хотынхон гадаадыг чиглэсээр эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие нэмэрлэх тухай бодохыг ч хүсэхгүй байна.
Өнөөдөр талхгүй, идэх хоолгүй сууж байгаа хүн маргаашийн эх орны ирээдүйн талаар бодох ч тэнхэлгүй байна шүү дээ. Ийм олон яам, сайд дарга нартай байж дахиж, салбар бүрт сайдтай, асуудал бүхэн даргатай хэрнээ хөгждөггүй, урагшилдаггүй газар манай Улаанбаатар хот байна. УИХ-ын гишүүдийн тоог ч бас нэмэх хэрэггүй. Үүнийхээ оронт тойргуудад том бүтээн байгуулалтад мөнгө төсөвлөх хэрэгтэй. Герман улс гадны оршин суугчдаараа дэлхийд эхний гуравт ордог. Германд ажиллаж амьдрахад маш тохь тухтай. Дэд бүтэц, ялангуяа зам, тээврийн харилцаа маш сайн хөгжсөн. Ялангуяа нийтийн тээвэр их сайн хөгжсөн. Галт тэрэг, нисэх, нийтийн тээвэр гээд өөрийнхөө төсөвт тохируулаад үйлчлүүлдэг. Хурдан шуурхай, үнийн хувьд уян хатан зохицуулалттай. Мөнгө болон цаг заваа хэмнэхээс эхлээд давуу тал олон.
Д.Орхон: Унгар улсын бүх хотууд өөр өөрсдийн онцлогтой
Унгар улс, Гьор хотод амьдарч байгаа
-Би Унгар улсын Гьор хотын ойролцоо орших Дүка тосгонд эхнэр гурван хүүхдийн хамт ажиллаж амьдарч байна. Унгар улс бол Европын яг төв хэсэгт оршдог. Европын холбооны 20 гаруй улсууд биднийг тойрон хүрээлж байна. Худалдаа наймаа, зам тээвэр гээд эдийн засгийн хувьд энэ нь маш чухал байршил юм. Мөн үүнийгээ дагаад Европын холбооны өндөр стандарт, дүрэм журмыг даган биелүүлэх том хариуцлага дагадаг юм шиг ажиглагдсан. Мөн хүний эрхийн асуудал ч маш чухлаар тавигддаг. Европын улсууд хөрш орнуудтайгаа маш нягт холбогддог юм байна. Яг энэ шиг манай Монгол Улс хоёр хөрштөйгөө байж болох бүх хэлбэрээрээ маш нягт хамтрах нь чухал юм шиг санагдсан. Унгар улсын бүх хотууд өөр өөрсдийн онцлогтой хөгжсөн харагддаг. Үйлдвэрийн хот, аялал жуулчлалын хот, оюутнуудын хот, газар тариалангийн хот гэх мэтээр хөгжүүлсэн байна. Бидний амьдарч буй газар цаг агаарын хувьд Монголоос дулаахан учир газар тариалан, мал аж ахуй эрхлэлт нь манайхаас ялгаатай. Усан үзэм тариалалт, бяслаг гэх мэт чийглэг зөөлөн уур амьсгалд дасан зохицох зүйлсийг хийж өөрийн брэндээ гаргаж авсан байдаг. Монгол Улсын хувьд тухайн тухайн газар нутгийнхаа үржил шимийг шингээсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дэлхийд гаргах боломжтой. Миний санаж байгаагаар бэлчээрийн малын мах, Увсын чацаргана, Ховдын шар тос, төмс, Булган, Өвөрхангайн саам болон айраг гэх мэтээр бүс бүсийн брэндүүдийг гаргавал түүнийгээ дагаад хөгжил ирэх давуу талтай. Энд анхаарах зүйл нь сав баглаа боодол гээд стандартаа хангах нь чухал юм.
-Улс орны хөгжилд газарзүйн байршил маш чухал. Тэр газарт юу үйлдвэрлэвэл хамгийн тохиромжтой вэ гэдэг асуулт маш чухал. Унгар улсад үхэр, хонины мах маш үнэтэй. Ер нь мал амьтны гаралтай зүйлс Европт их үнэтэй. Гэтэл энд мал маллах газар нутаг байхгүй. Мал маллана гэдэг нь маш их өртөг өндөртэй. Их баян чинээлэг хүмүүс л мал маллаж байгаа ажиглагдаж байна. Бид малынхаа махыг маш өндөр чанартай бүтээгдэхүүн болгож дэлхий нийтэд гаргах юм бол маш их ашиг олох боломжтой. Мөн малчид маань тодорхой хэмжээний мэдлэг боловсролтой болж, уламжлалт мал аж ахуйгаа орчин үетэй хослуулах хэрэгтэй. Тоонд биш чанарт анхаарвал аль аль талдаа ашигтай санагдаж байна.
Э.Бэрцэцэг: Трамвайгаар түгжрэлийн асуудлаа шийдэж болно
ОХУ, Улан Үдэ хот. Оюутан
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Саяхан ЕБС-ийн XII ангиа төгссөн. Миний бодлоор манай Монголд хамгийн сайн тохирох нийтийн тээвэр нь трамвай гэж боддог. Ямар ч эрсдэлгүй бас олон хүн зорчих боломжтой. Манай Монгол аз болоход ядаж галт тэрэгтэй. Одоо улстөржилгүйгээр ОХУ-аас трамвай худалдаж аваасай гэж бодож байна. Бас цас арилгах технологиос нь суралцаасай гэж бодож байна. Метро барина гэхээр Монголд зам барихаас ч илүү түвэгтэй учраас ашиглалтад мөд орохгүй байх. Миний сонссоноор Москвагийн метро дэлхийд хамгийн эртний, хамгийн олон жил ашиглалтад ороод одоо хүртэл явж байна. Хамгийн ойрхон газраас бид туршлага судлах хэрэгтэй. Цаг агаар, зам барилга, уурь амьсгал ижил. Оросоос мэргэжилтэн уриад, хамтарч ажиллаасай гэж бодож байна. Тэгвэл Улаанбаатар хотын түгжрэл хурдан шийдэгдэнэ. Мөн манай нийслэл хотын дундуур трамвай явах нь сайн ч тээврийн хэрэгсэл буюу машин тэрэг, хүмүүсийн аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй.
Бид улс орноо хөгжүүлэх асуудлыг Улаанбаатар хотод стандартын дагуу гудамж зам талбай тохижуулахаас эхлээсэй гэж бодож байна. Жишээ нь, Улан Үдэд цас арилгахдаа давс цацдаггүй. Зориулалтын машин явдаг. Давс цацах нь газрын хөрсөнд сөрөг нөлөөтэй, улмаар Байгаль нуурт сөргөөр нөлөөлнө гэж үздэг юм байна лээ. Дэлхийн том хотуудад гудамж, талбайг нь байгалийн гантиг чулуугаар хийдэг, манайд дотор заслын хавтангаар хийж байна. Өвөл цас мөс зэрэгцээд хүмүүс явахад маш хүндрэлтэй байдаг. Бас маш их унаж бэртдэг. Тийм болохоор хот доторх асуудлаасаа улсынхаа хөгжлийг эхлээсэй гэж бодож байна.
Д.Энхтамир: Монгол орныхоо хөгжилд сэтгэл дундуур явдаг
АНУ-ын Сан Франциско хотод ажиллаж амьдардаг
-Бүсчилсэн хөгжил гэж ер дуулаагүй юм байна. Уучлаарай.
-Монгол орныхоо хөгжилд үнэнийг хэлэхэд сэтгэл дундуур явдаг. Амьдарч байгаа газартайгаа харьцуулахад өдөр тутмын амьдралд маш том, их хэмжээний ялгаа байсаар байна. Би ойрд Монголд очоогүй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл алга. Гэхдээ сонсож, уншиж байхад Америкийн хөгжлөөс суралцах маш олон зүйл байх шиг байна. Заримаас нь жишээ дурдахад, замын хөдөлгөөний соёл, зам тээвэр, үйлчилгээний соёл, иргэдийнхээ төлөө гэсэн хотын үйл ажиллагаа энд маш өндөр. Засаг захиргаа, аливаа албан байгууллага ажилчдынхаа тав тух, хангасан олон үйлчилгээ хэрэгжүүлдэг. Үнэгүй хоол, фитнесийн эрх, унааны мөнгө олгох зэрэг наад захын асуудлуудыг шийдэж болмоор санагддаг.
Ж.Галбадрах: Бүсчилэх нь тэнцвэртэй хөгжихөд том хөшүүрэг болно
Японы Нагоягийн их сургуулийн докторант, "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч
-Манайх шиг 21 аймаг, 330 суманд хуваагдсан, өргөн уудам газар нутагтай улс оронд бүсчилж хөгжинө гэдэг их оновчтой шийдвэр гэж ойлгож байна. Хамгийн гол нь бүс болгон аймаг гэж задрахгүй, харьцангуй тэнцвэртэйгээр хөгжихөд томоохон хөшүүрэг болох болов уу. Бүсчилж хөгжүүлэхэд аймгуудын эдийн засгийн боломж, нөхцөл байдлыг маш сайн харах ёстой. Бүсчилж хөгжүүлэхийн давуу тал нь боломжтой аймгууд нь хажуу зэргэлдээ аймгуудынхаа хөгжилд тодорхой хэмжээнд дэм болох боломжтой. Нөгөө талаар зам бүтцийг нь тавьж өгөөд бүс бүрийн онцлогт тохирсон сургуулиудыг байгуулах нь зүйтэй.
-Цөөнгүй улсад бүсчилж хөгжиж амжилтад хүрсэн туршлага байдаг. Орчин үеийн нөхцөл байдлаас шалтгаалж Японд ч бас орон нутаг нь эзэнгүйдэх асуудлууд гарч байсан. Токио руу хүүхэд нь явчихаад буцаж ирдэггүй зовлон байна. Үүнийг яаж шийдсэн бэ гэхээр бүс бүрд тодорхой мэргэжил олгох ахлах сургуулийг байгуулсан. Зүүн хойд Японд гэхэд зургаан аймаг нэг бүс нутаг болдог. Тэр бүсийн төв нь Сэндай хотод төвлөрч байгаа. Тэнд тариачдын, сувилахуйн, худалдааны зэрэг тодорхой мэргэшил олгох зорилго бүхий ахлах сургуулиудыг төрөлжүүлж байгуулсан. Аав ээжийнхээ үе дамжин уламжилж ирсэн арга ухааныг хүүхдүүд нь сургуульд сурч бататгаад цааш үргэлжлүүлэх боломжтой болсон. Мөн эргэн ирсэн орон нутгийн хүүхдүүдийг Засгийн газраас сайн дэмждэг.
Т.Анужин: Москва хотын метроны систем маш ойлгомжтой
ОХУ, Москва хот, оюутан
-Би ОХУ-ын нийслэл Москва хотод гурав дахь жилдээ амьдарч байна. Төрийн болон орон нутгийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцдаг. “Бүсчилсэн хөгжлийн бодлого” одоогийн манай улсад хэрэгтэй зөв сайн бодлого гэж харж байгаа.
-Аливаа нэг улс орны хөгжлийн тухайд гэвэл тухайн улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд дээр тусгагдсанаар эсвэл хөгжлийн индексээр зэрэг олон талаас нь авч үзэх боломжтой. Харин би улсын хөгжлийг тодорхойлохдоо иргэдийн сэтгэл ханамж, төрөөс үзүүлж буй үйлчилгээний чанар зэрэг хүртээмжтэй байдлаар хардаг. Москва хот бол ОХУ-ын өндөр хөгжилтэй хүн ам ихтэй хотуудын нэг. Хотын хөгжил, хотжилт маш сайн. Хамгийн энгийн жишээ нь, Москва хотын нийтийн тээврийн систем маш сайн. Иргэдэд хүртээмжтэй. Сайн зохицуулалттай. Метроны шийдэл нь хамгийн сэтгэлд хүрдэг. Энэ метроны системийг Монголд нутагшуулах юм сан гэсэн нууцхан хүсэл, атаархал төрж байна.
А.Мөнхболд: Бүсчлэлээ хүртээмжтэй байдлаар зохион байгуулах хэрэгтэй
Чех улсын Прага хотын ТИС-ийн доктор
-Монгол Улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж байлаа. 2003 онд Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратегийг баталсан боловч 2015 онд Бүсчилсэн хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн хугацаа дуусгавар болсон. Гэхдээ эргээд харахад гүйцэтгэлийн шатандаа “бүдэрчихсэн” юм болов уу гэж бодож байна. Тиймээс энэ удаа бүсчлэлээ иргэдэд хүртээмжтэй байдлаар зохион байгуулах учиртай. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж болоод бүс нутаг цаашилбал улсын эдийн засагт үр өгөөжтэй тогтолцоог бий болгох шаардлагатай. Үүний тулд эхний ээлжинд тээвэр, логистикийн сүлжээ төлөвлөлтөө маш зөв тооцож, хэрэгжихээр болгох хэрэгтэй.
-Бүс бүрийн өөрийн онцлогт тохирсон эдийн засгийн бодлого боловсруулж, баримталж түүнийгээ хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн бодлогоор чиглүүлж удирдах аймгийн, бүсийн Эдийн засгийн хөгжлийн корпорацыг орон нутгийн өмчийн оролцоотой байгуулж, тухай бүс нутгийн ААН, хоршоод, малчид, ногоочдын оролцоог хангах нь тухайн улс орны хөгжлийн бодлого гэж харж байна.
Г.Өсөхбаяр: Хэрэгжилт, үр дүнд судалгаатай хандах нь чухал
Япон улсын Хоккайдо мужийн Саппоро хотод ажиллаж, амьдардаг
-"Бүсчилсэн хөгжлийн бодлого" нь нэг улс орон төдийгүй дэлхий нийтээрээ тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй өнөө үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцсэн зөв бодлого гэж боддог. Монгол Улсын Засгийн газар энэхүү бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан нь сайшаалтай. Ер нь бүсчилсэн хөгжлийн бодлого нь шинэ зүйл биш. 2001 оноос хойш хийж байгаа, өнөө цаг үедээ тохируулаад шинэчлэн өөрчлөөд явж байгаа нь сайн бөгөөд зайлшгүй байх ёстой. Гэхдээ 2001 оноос хойш өнөө хүртэлх бодит хэрэгжилт, түүний үр дүнд судалгаатай хандаж, бусад гадаадын байгууллагуудын дэвшүүлсэн санаа зөвлөмжийг анхаарах нь зүйтэй.
-Монгол Улсад тулгамдаж буй олон асуудлуудын дийлэнх нь аль ч орон хөгжлийнхөө явцад туулаад гарсан асуудлууд тул тэдгээрийг шийдсэн арга аргачлал, алдаа оноог бусад орнуудын жишээнээс суралцах нь бидний хувьд цаг хэмнэх, зөв шийдэл олоход дөхөмтэй болов уу.
Л.Энхсүх: Өдөр тутмын энгийн асуудлаас хөгжил эхэлдэг гэж боддог
Япон Улсын Хоккайдо мужид амьдардаг
-Бүсчлэлийн бодлогыг зөв тодорхойлохын тулд геополитикийн газарзүйн байрлал, газар тариалан, нүүдлийн мал аж ахуйн ашиглалт, аялал жуулчлалын эдийн засгийн ач холбогдол, бизнесийн орчин, залуучуудын боловсрол зэрэг асуудлуудыг логик уялдаатай авч үзэх нь манай орны хөгжилд хувь нэмрээ оруулах зайлшгүй шаардлагатай бодлого гэж ойлгож байна.
-Улс орны хөгжил гэхээр заавал тансаг амьдрал, үнэтэй машин, өндөр цалингаар төсөөлж болохгүй л дээ. Амьдралын хамгийн энгийн асуудлаас хөгжлийн тухай хардаг байх хэрэгтэй. Өдөр тутмын асуудлыг шийдэхээс хөгжил эхэлнэ гэж боддог. Хүн амьдарч байгаа цагт бид хогны тухай асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй. Саппоро хотод хогийг өдөр тутамдаа 3-4 ялгаж ангилж хаядаг. Хог ялгах ангилах нь ихэнх хүмүүст ашиггүй төвөгтэй, цаг үрсэн мэт санагдаж болох ч эсрэгээрээ энэ хог ялгаж ангилж цэгцтэй хаях асуудал нь улс орны эдийн засагт оруулах хувь нэмрээс гадна хүн хүмүүжих, нийгэмших, эдгээр процессууд эмх цэгцтэй явагдаж байж бид хүний хөгжил, улс орны хөгжлийн тухай ярих ёстой байх гэж ойлгодог.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7288)