Баатрын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн 79 кг-ын тамирчин  Б.Бямбадоржийг урилаа.

-Та энэ оны   насанд хүрэгчдийн УАШТ-д 79 кг-ын алтан медалийн төлөө А.Дөлгөөнтэй таарсан. Та хоёр олон удаа таарч барилдсан даа?

- Энэ оны хамгийн  эхний тэмцээн өнгөрсөн нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн УАШТ байлаа. Тус тэмцээндээ түрүүлэх зорилгоо биелүүлж УАШТ-ий анхны түрүүгээ авсандаа баяртай байна. Аваргын төлөө барилдахдаа А.Дөлгөөнтэй учраа таарсан. Бид өмнө нь есөн удаа  барилдахдаа бүгдэд нь би ялж байлаа. Саяны тэмцээнд 10 дахь удаагаа ялсан юм. Энэ үед дэвжээнд гарахад сэтгэл зүй харьцангуй тайван байсан. Магадгүй олон удаа таарч барилдсантай холбоотой байх. Бусад барилдсан тамирчидтай өмнө нь таарч байсан ч багахан сандралтай байлаа. Магадгүй жилийн турш тэмцээн уралдаанд ороогүй байсантай холбоотой болов уу.

-Өнгөрсөн онд бэртэл авсны улмаас тэмцээнд оролцолгүй өнжсөн. Хэсэг хугацаанд завсарлаад дэвжээндээ ирэх ямар байв?

-Би 2023 оны нэгдүгээр сард бэлтгэлээ базааж байхдаа  бэртэл авч нэг жилийн турш дэвжээнээсээ холдсон.  Энэ үед насанд хүрэгчдийн УАШТ болох дөхсөн ч оролцож чадаагүй.  Тухайн үед тэмцээндээ оролцохыг их хүсч, сэтгэл зүй тайван бус байлаа. Бэртэлээ бүрэн эдгээгээд УАШТ-дээ заавал түрүүлж амжилтаа ахиулахыг бодож өөрийгөө хурцалж билээ. Учир нь бэртлээ бүрэн эдгээхийг хичээсэн.  Энэ он миний хувьд амжилт ололт ихтэй сайхан эхэллээ. Чөлөөт бөхийн УАШТ-ээс гадна үндэсний бөхөөр Баянхонгор аймгийнхаа сар шинийн барилдаанд түрүүлсэн.

-Саяхан чөлөөтийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Говь-Алтай аймагт бэлтгэлд гарсан байх аа?

-Манай эрэгтэй шигшээ багийн тамирчид Говь-Алтай аймагт очиж 14 хоногийн хугацаанд  бэлтгэлээ базаагаад ирлээ. Ирэх сарын 3-нд Турк улс руу тэмцээнд  явах төлөвлөгөөтэй байгаа. Үүний дараа дөрөвдүгээр сард Узбекистан улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Намар бусад  тэмцээнүүд үргэлжилнэ. Эдгээр тэмцээндээ амжилттай оролцохын төлөө бэлтгэлдээ шамдаж байна.

-Ирээдүйн амжилт, зорилгоо хэрхэн харж байна?

Чөлөөтөөр хичээллэсэн 12 жилийн хугацаа надад сургамж, туршлага боллоо. Бэлтгэлийн дүү нар болон үеийн найзуудтайгаа ойр дотно нөхөрлөдөг. Бид ямар ч үед нэгэндээ тус дэм болдог. Эргээд бодоход бид спортын замналаас сайхан нөхөрлөлийг бүтээжээ. Тиймээс илүү их хичээж, суралцана. Удахгүй болох тэмцээнүүддээ амжилттай оролцохын төлөө хичээнэ. Ер нь тамирчин хүний хамгийн том зорилго олимпод амжилт гаргах.  Цаашдын төлөвлөсөн зорилго 2028 оны олимп юм.  Үүнээс өмнө  ДАШТ-ээс медаль авах зорилго тавьсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (7284)