П.АМГАЛАНБАЯР

Бөмбийсөн цагаан цас. Хэзээ хүн, мал, машин явсан  нь мэдэгдэхээргүй  болсон дагтаршсан зам. Цаснаас цухуйж харагдах үхсэн малын сэг зэм.  Нам гүм орших хөдөөгийн  талд ийм нэгэн нийтлэг төрх биднийг угтлаа. Монгол орны нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь битүү цасанд хучигдсан. Зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай байна гэсэн эрсдэлийн үнэлгээ гарсан. Сүүлийн жилүүдэд тохиогоогүй зудын эрсдэлтэй нүүр  тулж, хүндхэн байдалтай байгаа малчиддаа сэтгэл санаа эрүүл мэнд, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр Батлан хамгаалахын сайд  Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг  Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймагт  ажилласан юм. Бидний зорин очсон эхний айл нь  өвөлжилтийн улмаас зам нь хаагдаж,  сумын төв рүүгээ орох боломжгүй болсон  Баянхонгор аймгийн Баянбулаг сумын малчин Б.Хүрэлбаатарынх байв. Бид явсаар малчны хотод очиход гэрийн эзэн Б.Хүрэлбаатар эхнэрийнхээ хамт угтлаа. Тэднийх  нэг гэрээрээ Сангийн далай  гэх газар өвөлжиж байна.  Гэрийн гадаа бэлчээрт гарах боломжгүй болсон  бог малдаа өвс тавьж өгчээ. Тэдний мал төллөж, гэр дотроо  хашаа  бэлдэж шинэ төлөө  оруулсан байлаа. Уг нь шинэ төлийн дуу цангинах үеэр хүн малын зоо тэнийж сайхан байдаг л гэж өвгөчүүл ярьдаг. Гэвч  цагийн  нөхцөл байдалд дарагдаж,  төллөсөн мал нь сүү муутай зутруухан л байна хэдэн малчид маань. Тэдний 10 гаруй мал төллөжээ. Эх мал сүү муутай  байгаа учраас өнгөрсөн жил хураасан сүүгээр угжихаас гадна гурил усанд самарч, элсэн чихэртэй хольж төлдөө өгч  байна даа гэдгийг эхнэр Н.Гончигсүрэн хэлж байв.  Тэрбээр “Өглөө цайгаа чаначхаад л бид хэд малынхаа араас гараад, өвс тэжээлийг нь  өгсөөр яваад оройны зургаан цагаас л гэртээ ирдэг. Мал төллөж эхэлж байгаа учраас ажил бүр л ихсэж байна. Мөн мал төллөөд өвс тэжээлийн эрэлт бүр нэмэгдсэн. Сумын төв орж,  өвс тэжээлээс эхлээд ойр зуурын юм  авахаар ярьж байсан. Цас ихтэй, зам унаа явах боломжгүй болсон учраас явж чадахгүй байлаа” гэлээ.

Б.Хүрэлбаатарынх хоёр хүүтэйгээ дөрвүүлээ малаа маллаж байгаа гэнэ. Нэг хүү нь аав ээжтэйгээ малаа малладаг ч цаг хүндэрсэн учраас хотод ажилладаг хүүгээ туслуулахаар авчирчээ. Биднийг очиход  хоёр хүү нь малдаа явсан эзгүй байв. 

Гэрийн эзэн Б.Хүрэлбаатар цаг хүнд энэ үед сэтгэл санаагаар дэмжиж, зориод ирсэнд үнэхээр их баярлаж  байна. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ.  Мал төллөж эхэлж байгаа учраас тамирдаад хүндхэн л байлаа. Энэ үед өвс тэжээлтэй болоод сэтгэл өөдрөг боллоо. Манай энэ хавиар цас их орсон. Бод мал их үхэж байна. Хангай газар учраас шуураад нимгэрсэн болохоос биш мөс ихтэй хатуурсан. Үүнээс болж малын хөл халцарч байна гэлээ. Сүүлийн гурав  хоногийн  шуурганаар мал хотноосоо гараагүй гэнэ. Энэ үеэр  20 боодол өвс нэг өдөр л малдаа тавьж өгөөд дууссан  гэж байлаа. Тэднийх  100-аад мал тэжээж байна. Малаа бэлчээрт гаргаад үзье гээд явуулсан чинь цуваад л хүрээд ирлээ  хэмээн эхнэр Н.Гончигсүрэн хэлэв.

Малчид, сум, аймаг,  өвс тэжээлийн нөөцөө хангалттай бэлтгэсэн ч цаг үеийн хүнд нөхцөлд  төлөвлөснөөс эрт өвс тэжээл нь дуусжээ. Б.Хүрэлбаатарынх  ч мөн адил бэлтгэсэн өвс нь дуусаж, өнгөрсөн хугацаанд зургаан сая төгрөгийн өвс, тэжээл авчээ. Нэмээд дөрвөн сая төгрөгийн малчны зээл авч дахиж өвс тэжээл худалдаж аваад дуусаж байлаа гэсэн юм.  Ахиад өвс тэжээл худалдаж авъя гэхээр мөнгөгүй болсон, зам хаагдсан энэ үед  зорин ирж дэмжлэг үзүүлж байгаад баярлаж байв. Тус өрхөд 100 боодол өвс, арван шуудай тэжээл өгөв. Бид Баянхонгор аймгийн хэд хэдэн малчны хотонд очсон бөгөөд өвс тэжээл нь дууссан, мөнгөгүй,  сэтгэл санаа  гундуу  нийтлэг дүр төрхтэй байлаа. Мөн энэ үеэр малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх баг явсан юм. Тэгэхэд малчид нойр муутай, хөл, гар  нь бадайрсан, даралт ихэссэн  гэсэн нийтлэг оноштой байсан юм.

“Цагаан сараар л эхнэр хүү хоёр дээрээ очоод ирсэн”

 

Бид өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай аймгийн хэд хэдэн сум, малчны хотод очсон юм. Баруунбаян-Улаан сумын малчин А.Хорлоогийн хотонд очлоо.  Биднийг очиход гэрийн эзэн А.Хорлоо угтлаа. Тэрбээр нэг хүүтэйгээ  бод малаа маллаж байгаа гэнэ. Арваннэгдүгээр сарын 10-наас олон давтамжтай цас орж, хүйтэрчээ.  Цагийн нөхцөл байдал хүндэрсэн учраас арванхоёрдугаар сарын 10-наас эхнэр том хүү хоёр нь адуу, үхрээ аваад оторт явсан байна. Тэрбээр “ Цагаан сараар л эхнэр хүү хоёр дээрээ очоод ирсэн.  Эхнэр, хүү хоёр маань цас арилахаар гурван сарын 10-наас наашлах байх. Одоо хонь төллөж эхэлж байна. Саяны орсон цаснаас хойш мал нэлээд муудаж байна. Таван портер өвс, 150-аад уут хивэг худалдаж авсан. Одоо 100 гаруй мал тэжээж байгаа. Хивэг 30 мянга, өвс 20 мянгаар худалдаж авсан” гэлээ. 

Өнгөрсөн хугацаанд 13-14 удаагийн давтамжтай  цас орж, хүйтэрчээ. Сүүлийн жилүүдэд  ийм олон давтамжтай цас ороогүй гэдгийг тус сумын Засаг дарга Д.Баатарчулуун хэллээ.  Тэрбээр “Эхний орсон цас нь арилаад ирэхээр нэмээд л цас орчхоод байгаа. Манай сум дөрвөн багтай. Ер нь нийтдээ л цасан бүрхүүл тогтсон. Мал төллөх дөхсөн ч айлууд хаваржаандаа буух боломжгүй болсон нөхцөл байдалтай байна. Өдийд хаваржаандаа буучихсан байдаг. Сүүлийн үед малын хорогдол нэмэгдэж байна. Одоогоор 600-аад мал хорогдсон” гэсэн юм.

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум дөрвөн багтай бөгөөд хамгийн их өвөлжилт хүндэрсэн багийн нэг нь дөрөвдүгээр баг байна.

Тиймээс шуурхай бүлэг  дөрөвдүгээр багийн П.Болор-Эрдэнийн хот айлд очлоо.

Тэднийх сумын төвөөс 40 гаруй км-ийн зайтай. Уг нь машин явах боломжтой бол цаг гаруй яваад л  очих газар. Гэвч их цас орсны улмаас  хаана зам байгаа нь мэдэгдэхээ байжээ.

Машин  цасанд сууж, ухсаар очив. Замд  машинаа цасанд суулгаад  гаргаж чадалгүй орхижээ. Аргагүй ч үгүй биз  тэр их цас орж дагтаршсан, зузаан цасанд  хүчин чадал муутай машин бол гарч чадахааргүй болсон байлаа. Тэгээд машин нь цасанд суулаа гэхэд зам гаргаад ядаж машиныг түрээд өгөх  хүн хүч муу малчид маань  аргагүй эрхэнд  орхиод явсан бололтой.

П.Болор-Эрдэнийн хот айлд  очиход малын хашааны саравчийг  зузаан давуугаар хучжээ.  Малынхаа хашаанд  хөрзөнг асгаж, мөн  дотор нь  зааглан  малаа хувааж хийсэн байв. П.Болор-Эрдэнийнх арав гаруй сая төгрөгөөр өвс, тэжээл  худалдаж авчээ. Дулаахан өдөр малаа бэлчээрт гаргаад, хүйтэнд  хашаандаа өнжүүлж  өдөртөө гурван шуудай хивэг 20-иод боодол өвс тавьж өгч байна гэв. Тэрбээр “Шуураад цас бага зэрэг цоохортсон ч гэсэн бэлчээрийн өвс байхгүй. Өвөлжингөө цас ухаж идсэн учраас малын туруу халцарсан байдалтай байна. Малаа өдөр  хэдэн цаг  бэлчээрт гаргаад хашаандаа тэжээж байгаа.

Арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын ихээр мал  хээл хаяж эхэлсэн. Энэ жил төл авахааргүй болж байна. 100 гаруй толгой мал хоргодсон. Гурван сард  цаг хүндэрвэл хэцүүдэх л байх. Ирж байгаа цаг хүйтэн, дулаантай л байх болов уу гэж бодож байна" гэсэн.

 

15 удаагийн давтамжтай их, бага хэмжээний цас оржээ

 

Гадаа халуун хүйтэн байна гэж халшрахгүй хэдэн малынхаа  араас дагаад л гардаг малчид маань цагийн хүндэд зутруухан байна. Мал хээл хаяж, өвс тэжээлгүй, мөнгөгүй, зам даваа хаагдсан зэрэг нийтлэг нөхцөл байдалтай.

Шуурхай бүлэг Архангай аймгийн таван сумдаар очиж нөхцөл байдалтай танилцсан. Архангай аймгийн хувьд нийтдээ цасан бүрхүүлтэй, зудын эрсдэлийн үнэлгээгээр Цахир, Тариат, Хангай, Өндөр-Улаан, Чулуут, Эрдэнэмандал, Жаргалант,Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган гэсэн 11 сум цагаан зудтай байна. Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Булган цагаанаар зудархуу байна. Эрдэнэмандал суманд  26 мянган мал хорогджээ.  Мөн зам  хаагдсаны улмаас 1221 өрх,  холбоо барьж чадаагүй 188 өрх, өвс тэжээлийн хомсдол үүссэн  1181 өрх байна. Эрдэнэмандал суманд арваннэгдүгээр сараас хойш арванхоёрдугаар сарын 31-ний хооронд 15 удаагийн их, бага хэмжээний цас орж, 13 удаа цасан шуурга шуурсан байна. Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд долоо удаа цас орж, 12 удаа цасан шуурга шуурч, зам даваа хаагджээ.

Ер нь сумдын нийтлэг байдал нь олон удаагийн цас орсноос зам хаагдсан нөхцөл байдалтай байна. Хайрхан сум гэхэд хоёрдугаар сарын 20-ны  гаргасан эрсдлийн үнэлгээгээр мөсөн зудтай байна.  Сумын хэмжээнд  4200 толгой мал отроор өвөлжиж байна. Зам хаагдсан  562,  холбоо барьж чадаагүй  312,   өвс тэжээлийн хомсдол үүссэн  456 өрх байгаа гэдгийг сумын ЗТДГ-аас хэлсэн юм.

Малчид  зудын хүнд цаг үед санхүүгийн хямралд орсон ч  өвс, тэжээл зээлээр хамаагүй аваад намар малаар буцааж өгнө гэдгийг хэлж байлаа. Хангайн бүсийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахад   сум орон нутгийн удирдлага, малчдаас гаргаж  буй санал нийтлэг төстэй байв. Тухайлбал,  зам гаргахад   шаардлагатай туулах чадвартай машин, өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох, малчдын зээлийн төлөлтийг зургаан сараар царцаасныг хүүг нь  төлөөд явах  зэрэг саналыг хэлж байв. Хэдий  цаг хүндэрч, улс орон даяараа эрсдлийн өмнө  нүүр тулж байгаа ч  ирж яваа цагийн өнгөнд сайхан цаг ирж, хүн малын зоо тэнийх өдөр ойрхон байг ээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (7284)