Б.ТУУЛ

 “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:30 цагаас  “Далд хүн” ТББ, "Ард түмний штаб", "Монголын ногоон нам" зэрэг нам, иргэний хөдөлгөөнүүдийн тэргүүн нар хэвлэлийн бага хурал хийлээ.  Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс төрийн гурван өндөрлөгт тулган шаардах бичиг хүргүүлж, 72 цагийн дотор иргэдийн зүгээс тавьж буй дараах асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүсч байгаагаа мэдэгдсэн юм. Энэ тухай  “Ард түмний штаб”-ын тэргүүн Б.Жагар хэлэхдээ “ Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 72 цагийн дотор Банкны бүх төрлийн зээлийн хүүг жилийн 3 хувийн хүүтэй  байхаар хуульчлах мөн хорио цээрийн хугацаанд бүх төрлийн зээлийг царцаах тухай тулган шаардах бичгийг дэмжихийг уриалж байна.  Манай штабын  зүгээс нийт ард иргэдийн хүсэлтээр “Монголын ард түмний шаардлага” гэсэн иргэдийн гарын үсгийг цуглуулан дараах шаардлагуудыг 2020 оны 04 сарын 23ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, ард түмний өмнө тулгамдсан асуудлыг улс төржихгүйгээр бодитойгоор нэн даруй шийдвэрлэхийг шаардаж  байна” гэлээ. Хуралд оролцогчид "Монголын ард түмний шаардлага гарын үсэг”-ийг цуглуулах явцад иргэдээс  ирсэн санал гомдлуудын дийлэнхи хувь нь 2020 оны 03 сарын 18-ны өдрийн Засгийн газрын Эдийн засгийг дэмжих чиглэлээр гаргасан тодорхой бус шийдвэр нь нийгэмд хэрэгжихгүй байгаатай шууд холбогдолтой байна. Үүнээс үүдэн иргэд болон банк санхүүгийн байгууллагын хооронд ноцтой зөрчил үүсээд байна” хэмээн албан бичигт дурьдсан шаардлагынхаа тухай тайлбарлалаа.  Шаардах бичигт дараах асуудлуудыг дурьджээ. Үүнд:

1. 2020 оны 03 сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр гаргасан шийдвэртээ хяналт тавьж, яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байна.

2. Бүх төрлийн зээл, иргэдийн хэрэглээний зээл, ипотекийн зээл, бизнесийн зээлийн хүүг жилийн 3 хувь болгох хуулийг нэн даруй батлахыг Улсын Их Хурлын гишүүдээс шаардаж байна.

3. Хорио цээрийн хугацаанд иргэдийн бүх төрлийн зээлийн хүүг тэглэж мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд болон иргэдэд онцгой нөхцлийн дахин санхүүжилт үзүүлэхийг шаардаж байна. Энэхүү шаардлагуудыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол улсын иргэн нэг бүрийг эрхэлж буй ажил, албан тушаал, улсын болон хувийн хэвшил гэх мэтээр ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш эрхийн хүрээнд хамруулж, хууль баталж шийдвэрлэхийг тулган шаардаж байна...гэжээ.  

Эх сурвалж: www.polit.mn