Б.ТУУЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд цогц бодлогын ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан болон сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийг дэмжих сантай хамтран зохион байгууллаа.

Олон улсад эрүүл мэндийн чиглэлээрх мэдээ, мэдээллийг нийтэд түгээн ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан болон энэ чиглээрх сэтгүүлчдийг тусгайлан бэлтгэж мэргэшүүлдэг байна. Өөрөөр хэлбэл их, дээд сургуулийн түвшинд эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг судалж, нийгмийн эрүүл мэндийн талаар ойлголттой төгсдөг ба мэргэшсэн сэтгүүлчдийн оролцоо, нөлөөг эрчимжүүлснээр тухайн улс орны хүн амын эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дээшилж, нийтийн эрүүл мэндийг хангахад чухал нөлөө үзүүлдэг ажээ. Сургалтыг нээж, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан үг хэлсэн юм. Тэрээр "Сэтгүүлчдийг эрүүл мэндийн сэтгүүлзүйгээр мэргэшүүлэх нь нийтийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд чухал нөлөөтэй" гэдгийг онцлов. 

Эрүүл мэндийн сэтгүүлчид эрүүл зан үйлийг дэмжих, сурталчлах зэрэг нийгэмд үзүүлэх үр нөлөө их

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан: 

-"Манай улсын хүн амын 3,9 хувь нь эрүүл, зөв зан үйл, идэвхтэй амьдралын хэв маягтай. Харин үлдсэн нь амьдралын буруу дадал, хэвшил, урьдчилан сэргийлэлт хангалтгүйгээс өнөөдрийн олон өвчин, эндэгдэл үүсэхэд голлон нөлөөлж буй гэсэн судалгаа бий. Тэгвэл эрүүл мэндийн сэтгүүл зүй нь олон нийтийн эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, буруу ташаа мэдээллийг засах, эрүүл зан үйлийг дэмжих, сурталчлах зэрэг нийгэмд үзүүлэх үр нөлөө их. Энэ ч үүднээс бид олон улсын сайн туршлагыг судалж, нутагшуулахаар эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлд их дээд сургуулийн хэмжээнд хөтөлбөр нэмэлтээр оруулах ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн сургалт бол цогц ажлын нэгээхэн хэсэг юм" гэлээ.

 

Эх сурвалж: www.zms.mn