Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа  чөлөөт бөхийн олон улсын шүүгч Л.Болормааг онцолж байна. Тэрбээр чөлөөт бөхийн дэвжээнд 27 жилийн турш  тамирчдын ялалт, ялагдлыг дэнсэлсэн Монголын анхны эмэгтэй шүүгч. Энэ оны нэгдүгээр сард сүүлийн тэмцээнээ шүүж дэвжээндээ хүндэтгэл үзүүлж, шүүгчийн замналаа өндөрлөсөн. Түүний амьдралын “амттай” түүхээс хуваалцъя.

 

Дэвжээндээ талархаж шүүгчийн замналаа өндөрлөв

 

Л.Болормаа шүүгч сүүлийн тэмцээнээ шүүж, дэвжээнээс буухдаа олны хайр хүндлэлийг мэдэрчээ. Түүнд олон жил хөдөлмөрлөж чөлөөт бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн их гавьяа нь бахархах мэдрэмж төрүүлсэн нь лавтай. Зодог тайлсан үеийн мэдрэмжийг нь хуваалцахад “Дэвжээнээс буухдаа дэвжээгээ үнсээд, мөргөж хүндэтгэл үзүүлсэн. Учир нь дэвжээнийхээ буян хишгийг бодож хүндэлж, талархаж байгаагаа илэрхийлээд, баяртай гэж хэлсэн. Хоёр ханцуйвчаа тайлаад, шүглээ мултлах амаргүй байлаа. Огших мэдрэмж төрж билээ” гэсэн юм. Энэ мөчийг харж буй үзэгчид төдийгүй чөлөөт бөхийн холбоо, МҮОХ, шүүгчид, тамирчид, дасгалжуулагчид, гэр бүл, найз нөхөд нь хүндэтгэл үзүүлж байсан. Тэрбээр өөрийг нь шүүгчийн эрдэмд сургасан багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулснаас гадна УАШТ-ий гурван жинг онцлон аварга болсон тамирчдад тус бүр нэг сая төгрөгийн шагналаар урамшуулсан. Тухайлбал, өөрийн шавь Э.Бэхбаярын барилдаж байсан 57 кг-ын түрүү Б.Мөнх-Эрдэнэ, өөрийн хань А.Энхээгийн барилдаж байсан 65 кг-ын аварга Ц.Цогбадрах, эмэгтэйчүүдийн 53 кг-т түрүүлсэн Б.Хулан нарт мөнгөн шагнал олгов. Шүүгч Л.Болормаа өнгөрсөн он жилүүдэд ажил мэргэжилдээ дурлаж ажилласан, тэмцээн бүрээ шударга шүүж, шавь нараа амжилтад хүргэхийн төлөө бүх авьяас чадвараа дайчилсан гавьяатан. Түүний сэтгэлд спортоос өөр зүйл бодогдож байгаагүй гэдгээ ярьдаг. Аливаад тууштай байснаар амжилт гаргадгийн тод жишээ түүнийх. 

 

Анх Сонгинохайрхан дүүргийн тэмцээнд шүүгчээр ажиллажээ

 

Чөлөөт бөхийн шүүгч Л.Болормаагийн хань нь гавьяат тамирчин А.Энхээ билээ. Тэд 19 настайдаа танилцжээ. А.Энхээ 1989 онд бэртэл авч чөлөөтийн дэвжээнээс зодог тайлсан юм. Тиймээс  чөлөөт бөхтэй холбоотой ямар нэгэн зүйл өөрийн чадлаар хийх ёстой гэж боджээ.1997 онд хувиараа шүүгч хийхээр суралцаж Монголын чөлөөт бөхийн холбоонд хүсэлтээ өгсөн байна. Тухайн үед холбооны даргаар их хурлын гишүүн Сү.Батболд ажиллаж байв. Түүний саналыг дэмжиж  дадлагажуулж шүүгч болгосон гэнэ. 1998 оноос  дэлхийд эмэгтэй чөлөөт бөх хөгжиж эхэлсэн. Энэ нь Л.Болормаа шүүгчийн спортын замналд нөлөөлсөн байна. Тэрбээр  чөлөөт бөх хэмээх их айлын босго алхаж шүүгчээр ажиллахаас гадна багш дасгалжуулагч хийсэн. Шүүгч бүсгүйн алдаа, оноо бүхэнтэй хамт байж, дэмжиж тусалсан хүн гэвэл хань нь. Түүнд хандаж “Шүүгчээр ажиллах амаргүй. Тамирчны ялалт, ялагдлыг шүүхэд шударга байх чухал. Цэнхэр, улаан булан бус зөвхөн тамирчдын ялалт ялагдлыг шударгаар дэнслэх хэрэгтэй. Танил харахгүйгээр үнэн зөв шүүх чухал” гэж зөвлөжээ. Тэрбээр ажилдаа хүнлэг шударга байж, тамирчны ур чадварыг үнэлдэг шүүгчдийн нэг. Үүнийг үе үеийн их спортын тамирчид сайшаан ярьдаг. 

Чөлөөт бөхийн олон улсын шүүгч  Л.Болормаа анх 1998 онд Сонгинохайрхан дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүжээ. Эндээс л шүүгчийн замналаа эхлүүлсэн байна. Түүнд хот, нийслэл, нас насны УАШТ, олон улс, тив, дэлхий гээд шүүгээгүй тэмцээн ховор. Шүүсэн тэмцээнүүдээ алгасалгүй тэмдэглэсэн байна. Дэнсэлсэн 400 гаруй тэмцээнээ цагаан дээр хараар бичсэн  нь олон дурсамжийг сэргээдэг аж. Л.Болормаагийн сэтгэлд тод үлдсэн нь дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн. Тухайн үедээ АНУ-ын бөх Жордан Бароусын барилдааныг шүүжээ. Энэ үед хүмүүс алдаагүй сайн шүүснийг магтан сайшааж урам өгсөн нь мартахын аргагүй дурсамж болж үлдсэн ажээ.

Түүний хувьд шүүгчийн замналаасаа зодог тайлсан ч олон шүүгчийг бэлдэж, ажилд нь тус дэм болно гэдгээ хэлж байв. Түүний зарчим үнэнч шударга шүүгчийг бэлдэх. Цаашдын бодож төлөвлөсөн бүхэн нь ажил болон хэрэгжиж, үр өгөөжөө өгөх ерөөл өргөе. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 38 (7282)